Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0440

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

            улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ч.Бэд холбогдох эрүүгийн 2008012810554 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-2, ахын хамт амьдардаг гэх, Дорноговь аймгийн Замын-Үүд ...-р баг цагдаа гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Дарь Эхийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Ч.Б /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар орцны харалдаа иргэн С.Мгийн гартаа барьж явсан самсунг-s6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч С.Мгийн мэдүүлэг /хх-ийн 13х/, гэрч Г.Гын мэдүүлэг /хх-ийн 15х/, эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5-6х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21х/, шүүгдэгч Ч.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29х/, шүүгдэгч Ч.Бийн мэдүүлэг /хх-ийн 76-77х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар орцны харалдаа явж байсан иргэн С.Мгийн гартаа барьсан самсунг-s6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Мгийн: “...Миний бие 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Хархорин гүүрний замын хойд талд байдаг Төрийн банкнаас гараад гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны хойд талд нь ... дугаар орцны харалдаа явж байтал гэнэт урдаас ирж байсан хар куртиктэй, цагаан цамцтай, нүүрэндээ батганы сорвитой, 20 орчим настай эрэгтэй хүн хажуугаар зөрөхдөө миний баруун гарт байсан Самсунг Галакси Эс 6 маркийн гар утсыг маань булаагаад зугтаачихсан. Би тэгээд хэсэг хойноос нь хөөгөөд гүйцээгүй бөгөөд утсаа алдсан учир Цагдаад өргөдлөө хандахаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны хэсгийн байцаагч дээр ирэхэд аль хэдийн миний гар утсыг булаагаад зугтаасан эрэгтэй баригдчихсан байсан. Тэгээд тэнд байсан нэг цагдаа залуу, миний гар утсыг булаагаад зугтаасан эрэгтэйгээс аваад тэмдэглэл үйлдэж надад буцааж хүлээлгэн өгсөн. ...Тэр өдөр гар утсаа буцаагаад бүрэн бүтнээр нь хүлээж авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

Гэрч Г.Гын: “...Миний бие 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэргийн холбогдолтой хулгайчаа хайгаад явж байтал хажуугаар 20 орчим настай эрэгтэй хүн их сэжиг бүхий хамаг хурдаараа гүйгээд өнгөрөхөөр нь хойноос нь сэмээрхэн дагаад явтал нэг машин, байр хоёрын завсраас ороод нуугдчихсан. Тэгэхээр нь явж очоод өөрийгөө Цагдаа гэдгээ танилцуулаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Цагдаагийн хэсэгт дагуулж очоод шалгах гээд байж байтал гэнэт гаднаас 40 орчим настай эмэгтэй орж ирээд “Би саяхан гар утсаа шүүрүүлчихлээ” гэж хэлснээ дагуулж ирсэн эрэгтэй лүү харснаа “ Хөөе миний гар утсыг булаагаад зугтаасан залуу энэ байна ш дээ” гэхээр нь би тус залуугаас “Үнэн юм уу” гэж асуухад гар утас булаагаад зугтааж яваад надад баригдсан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би “гар утсыг нь гаргаж өг” гэхэд өмднийхөө баруун талын халааснаас Самсунг эс 6 маркийн гар утас гаргаж өгсөн бөгөөд гар утсаа булаалгасан гэх эмэгтэйгээс пин кодыг нь асууж 0000 гэсэн код хийгээд асахаар нь залгаж үзэхэд 80232166 гэсэн хохирогчийн дугаар мөн байсан. Тэгэхээр нь би тус залуугаас гар утсыг нь хүлээж авсан тэмдэглэл үйлдээд хохирогчид тэмдэглэлээр хүлээлгэн өгч материалжуулан шалгасан. Шалгалтын явцад уг залуу нь ... регистрийн дугаартай Ч.Б болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

Эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5-6х/,

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг Эс 6 гар утас-200.000 төгрөг” /хх-ийн 20-21х/,

 

Шүүгдэгч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Хархорин худалдааны төв рүү очиж махны үнэ асуух гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... дугаар орцны харалдаа явж байтал өөдөөс 30 орчим настай эмэгтэй нэг гартаа гар утсаа, нэг гартаа тортой баахан юм барьчихсан явж байхаар нь би хажуугаар нь зөрөхдөө гар утсыг нь гарнаас булаагаад зугтаасан. Зугтааж байгаад нэг байрны булан тойроод дотроо “Би юу хийчихвээ. Энэ буруу. Ерөөсөө гар утсыг нь буцааж өгье” гэж бодоод гаднах куртикээ тайлаад танигдахгүй байхаар буцаж нөгөө эмэгтэйдээ гар утсыг нь өгөх гэж оролдсон боловч намайг таньчихсан. Тэгэхээр нь айгаад буцаад зугтааж байгаад нэг байр, машин хоёрын завсраар ороод нуугдаж байтал гэнэт хажуу талаас нэг энгийн хувцастай хүн гарч ирээд намайг барьж аваад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Цагдаагийн хэсгийн өрөөнд аваачсан. Гэтэл удалгүй гаднаас нөгөө миний гар утсыг нь булаасан гэх эмэгтэй орж ирээд шууд намайг таниад “энэ залуу миний гар утсыг сая булаагаад зугтсан” гэж хэлэнгүүт тэнд байсан цагдаа надаас “Үнэн юм уу” гэж асуухаар болсон зүйлийг бүгдийг нь хэлтэл тэр өрөөнд байсан цагдаа ах “тэгээд одоо гар утас нь хаана байна” гэж асуухаар нь би гар утсыг нь халааснаасаа өөрөө гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба тэрбээр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлогогүй, өр зээл ихтэй байсан гэх шалтгаанаар, амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчид хүч хэрэглэхгүйгээр гар утсыг гараас нь булаан авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байна.

Түүний энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.М нь “...гар утсаа буцаагаад бүрэн бүтнээр нь хүлээж авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 13 дугаар хуудасны ар тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...надад нэг удаа боломж олгож тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, мөн түүний хувийн байдал зэргийг нь харгалзсан болно.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад  хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ч.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

            1. М овогт Ч.Бийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад  хамрагдах үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ч.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ