| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0414/Э |
| Дугаар | 0439 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0439
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн С овогт Н.Нид холбогдох 2008012100564 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын ... дүгээр баг, Баянлиг ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, С овогт Н.Н /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Н.Н нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ТӨҮГ-ын ажлын байранд иргэн Ц.Цыг “хүний муу үзлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “дээд зүүн 2, 3-р их араа шүдний булгарал, дух, уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Ц.Цын мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Г.Яын мэдүүлэг /хх-ийн 21-22х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2980 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-11х/, шүүгдэгч Н.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 42х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 57х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 61х/, шүүгдэгч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 37х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ТӨҮГ-ын ажлын байранд иргэн Ц.Цыг “хүний муу үзлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Цын: “...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед ажлаа хийж байгаад үйлдвэр дотор ажилчдын байр байдлыг шалган хяналт тавиад явж байтал нэгдүгээр үйлдвэрийн гуравдугаар шугаманд хатаагч ажилтай Н, Я хоёроос архи үнэртсэн. Тэгэхээр нь би тандагч багажаар үлээлгэх гэтэл үлээхгүй гэж өөдөөс маргалдаж би ажлаа хийж чадна гээд эсэргүүцээд байхаар нь хөдөлмөр хамгааллын ажилтан О, ашиглалтын инженер Ч нарыг дуудан мэдэгдэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н, Я нарын оронд өөр хүн ажиллуулан тэр хоёрыг дагуулан оффис руу явж байтал Н “та хүний муу үзлээ” гэж хэлэнгүүтээ миний зүүн шанаанд гараа атгаж байгаад нэг удаа цохих үед би манарч амнаас цус гарах үед зүүн талын дээд ориг хоёр араа сууринаасаа мултарч унана хиймэл дээд, доод тагнаатай шүд хугарч бутарч эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
Гэрч Г.Яын: “...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө ажилдаа очихдоо халамцуу байдалтай очсон юм. Би урьд орой нь гэртээ архи уугаад хоносон чинь өглөө архи гараагүй байсан. Намайг ажилдаа ирэх үед ажлын газрын үүдэн дээр байдаг харуул хамгаалалтын ажилтан сүүлд нэрийг мэдсэн Ц намайг халамцуу байгааг мэдчихээд чи наанаа байж байгаарай гэж хэлээд явчхаар нь би тэндээ байлгүй ажил руугаа яваад ортол араас Ц ирээд намайг дуудаж “чамайг байж бай гэж байхад яагаад явж байгаа юм” гэж загнасан. Тэгэхээр нь би зүгээр байнаа ажлаа хийчихье гээд хэлтэл хийлгэхгүй гээд маргалдаж байтал надтай хамт ажилладаг Н харчхаад бид хоёр дээр хүрч ирээд наад хүнээ ажлыг нь хийлгэчхээч, та яасан хүний мууд дуртай юм бэ, удахгүй цалин мөнгө буух гэж байхад гээд хэлтэл Ц чи юу гээд байгаа юм, чи бас согтуу байгаа юм уу үнэртүүл гээд хэлсэн чинь Н өөдөөс нь би чамд яахаараа үнэртүүлдэг юм гээд маргалдсан. Удалгүй хөдөлмөр хамгааллын ажилтан гээд хоёр хүн ирэх үед Н Цыг чи яасан их хүний муу үздэг хүн бэ гэж хэлээд гараараа Цын зүүн шанаа орчимд нэг удаа цохих үед Цын амнаас цус гарч шүд цохичихлоо гээд шүдээ гаргаж ирээд харуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2980 дугаартай:
“...Ц.Цын биед дээд зүүн 2, 3-р их араа шүдний булгарал, дух, уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 10%-р алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11х/,
Шүүгдэгч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07:30 цагийн үед ажилдаа ирсэн 11 цагийн үед үйлдвэртээ ажлаа хийгээд байж байтал үүдний харуул Ц хамт ажилладаг Яыг архи уучихсан согтуу байна, үлээдэг багажаар үлээлгэж үзнэ, чамайг авч явна гээд байхаар нь би явж очоод та болилдоо, наад хүн чинь ажлаа зүгээр л хийж байна шүү дээ, үйлдвэрийн дарга мэдчихвэл наад хүн чинь ажилгүй болчихно биздээ гээд хэлтэл өөдөөс чи миний ажлыг мэддэг юм уу, чамайг бас үлээлгэж үзье гэж хэлээд миний өмсөж байсан маскыг гараараа хуу татаж авах үед маскны төмөр миний хамрыг халцалчихсан. Тэгэхээр нь би уурлаж Цтай маргалдаж байгаад чи хүний муу үзлээ гэж хэлээд баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа шанаадсан чинь шүд уначихлаа гээд нэг шүд гартаа барьж байсан удалгүй хөдөлмөр хамгааллын инженер ирээд Я бид хоёрыг оффис дээр авч ирэн үлээдэг багажаар үлээлгэж үзээд цагдаа дуудаж бид хоёрыг хамт өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Н нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Н нь хохирогч Ц.Цт эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн нь Н.Нид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Н.Нид танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ