| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0406/Э |
| Дугаар | 0430 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 0430
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт Б.Бт холбогдох 2008001400146 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ... зах дээр тэрэг түрдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Хувьсгалчдын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны зам, “Биг” авто угаалгын газарт “Хьюндай портер” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас иргэн Ж.Быг машин хаалга хоёрын хооронд хавчиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9, 79-84х/, хохирогч Ж.Бын мэдүүлэг /хх-ийн 15-16х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1056 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-26х/, тээврийн цагдаагийн албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92х/, хохирогч Ж.Бын Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 96х/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36х, 46х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-45х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 48х/, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 102-103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Хувьсгалчдын Г-ын гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Баянхошууны зам, “Биг” авто угаалгын газар хүртэл “Хьюндай портер” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явж, улмаар “Биг” авто угаалгын газар луу машинаа оруулан тавихдаа иргэн Ж.Быг машин хаалга хоёрын хооронд хавчиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9, 79-84х/,
Хохирогч Ж.Бын: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн Зурагтын шинэ эцэс дээр дэлгүүр орж гурил аваад зогсож байгаад Б, М хоёртой таарсан чинь нөгөө хоёр “ахтайгаа таарсан юм чинь шинэ оноо үдчихье” гээд дэлгүүрээс 2 литртэй пиво хоёр ширхэгийг аваад бид гурав гудамжинд машинаа байрлуулж байгаад машин дотроо уусан. Тэгээд бид гурав нөгөө пивоо уучхаад Б Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Биг” нэртэй авто угаалгын газарт машинаа тавина гээд бид гурав хамт явсан. Тэгээд тухайн угаалгын газрын дотор талын унжуулсан байсан хөшигний зүүн талын хөшгийг М дотор талаас нь ярж, би баруун талын хөшгийг гадаа нь зогсоод гараа оруулж байгаад ярж өгөх үед Б орохдоо намайг машинтайгаа хавсраад орчихсон, тэгсэн би машин угаалгын газрын гадна талын хаалгатай хавчуулагдчихсан юм. Тэгээд би тэвшийг нь цохисон чинь намайг сонсоогүй урагшлаад орсон. Би 103 дуудаад үзүүлсэн чинь гялс эмнэлэг авч явахгүй бол болохгүй юм байна гээд гэмтэл авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1056 дугаартай: “...Ж.Бын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс цутгалан гэдэсний урагдал, нарын гэдэсний үхжил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26х/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаартай техникийн шинжээчийн: “...Хьюндай портер” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 10 дугаар бүлгийн 10.1-т заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 91-92х/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Б нь тус ослын дараа хохирогч Ж.Бын эмчилгээ, оношилгоо хийлгэхтэй холбогдон гарсан зардал болох 315.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь “...надад одоо гомдол санал байхгүй, Б.Боос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 85х/ байх тул шүүгдэгч Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ж.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Ц.Д нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
- Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар нь Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулсан, яллагдагч /шүүгдэгч/ Б.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Б.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтын хүрээнд барагдуулсан байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Б нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний В ангиллын 1198565 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Быг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Бын В ангиллын 1198565 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Бт 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ж.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Ц.Д нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ