| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0379/Э |
| Дугаар | 0429 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 0429
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Э.Б, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Э.Б, Б овогт Б.Бнарт холбогдох эрүүгийн 2008007640416 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, циркийн анхан шатны акробат үсрэлт, алиалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тоосгоны ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, Ө овогт Э.Б /РД:../,
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, циркийн анхан шатны акробат үсрэлт, алиалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Б.Б /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тоосгоны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух иргэн Б.Тийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цүүг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Sharp маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9х/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-47х/, хохирогч Б.Тийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, гэрч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 23-24х/, гэрч С.Нийн мэдүүлэг /хх-ийн 27-28х/, шүүгдэгч Б.Б, Э.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89х, 90х/, иргэний үнэмлэхийн лавлагаанууд /хх-ийн 93х, 97х/, шүүгдэгч Б.Б, Э.Б нарын мэдүүлгүүд /хх-ийн 66-68х, 72-74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тоосгоны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух иргэн Б.Тийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цүүг эвдэн нэвтрэн орж, Sharp маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9х/,
Хохирогч Б.Тийн: “...2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ иртэл манай гэрийн үүдний амбаарын хаалганы цүү эвдэрсэн байдалтай байхаар нь гэртээ яваад ортол гэрийн хоймор хэсэгт тавиур дээр байсан Шарф маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан байсан. Ингээд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж цагдаа ирж шалгасан юм. Тэгээд гэрийн урдаас харсан дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзтэл ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 40 минутын орчим манай дүүгийн хоёр найз нь болох Б, Б нар нь манай хашаа руу ороод, буцаж гарч байгаа бичлэг байсан гэсэн. Тэгээд тэр хоёрыг авсан болохыг мэдсэн бөгөөд уг хүмүүст хэлтэл Б, Б нар нь эхлээд бид нар хулгай хийгээгүй гээд хэлэхгүй байсан ч сүүлдээ хулгай хийснээ хүлээн зөвшөөрөөд манай зурагтыг тухайн өдрөөс хоёр хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авч ирж өгсөн. ...Дэлгүүрийн бичлэг нь одоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Б, Б нар манай төрсөн дүү Мын найз нар нь ба манайхаар хааяадаа ирж очоод явдаг юм. Гэхдээ бид нарыг байхгүй үед манайд орох эрхгүй, мөн манай гэрийн хаалганы цүүг хөшин орох эрхгүй. Уг хүмүүс нь манай гэрийн эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
Гэрч Б.Мын: “... 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд манай эгч Төрмөнх гарч яваад гэртээ би ганцаараа үлдсэн ба 17 цагийн орчимд би хадмынхаа гэрт очиж хонохоор гэрээ цоожлоод явсан юм. Тэгтэл тэр шөнө манай гэрт хулгай орж Шарф маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан талаар эгч надад маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэлсэн юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөө би гэрт очоод гэрийн урд талд байх дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзтэл уг камерын бичлэгт хоёр хүн манай хашаа руу ороод гарч байгаа нь харагдсан ба уг хоёр хүний царай нь сайн харагдахгүй байсан боловч байж байгаа байдал, өмссөн хувцас зэрэг нь манай найз болох Б, Б нартай адилхан байсан тул би уг хүмүүс рүү утсаар залгаад “та хоёр яагаад манайхаас хулгай хийж байгаа юм бэ” гэж асуухад уг хүмүүс нь эхлээд “бид хоёр хулгай хийгээгүй” гээд хэлэхгүй байсан ба сүүлдээ хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдрөөс хоёр хоногийн дараа буюу 2020 он 02 дугаар сарын 04-ний өдөр манай зурагтыг авч ирж өгсөн. Би гэрээс гарахдаа гэрийн хаалгаа цоожлоогүй, гэрийн гадна амбаарынхаа хаалгыг цоожлоод гарч явсан юм. Уг амбаарын хаалганы цоож нь эвдрээгүй, харин цүү нь салаад унасан байсныг өөрөө янзлаад хадчихсан юм. ...Б, Б бид гурав багаасаа найзалж байгаа. Манайхаар байнга шахуу л орж гарч хонож өнжөөд л явж байдаг найзууд. Уг хүмүүс нь манайд хүнгүй үед орох эрхгүй, мөн манай эд зүйлийг захиран зарцуулах эрхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
Гэрч С.Нийн: “...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тоосгоны ... тоотод “...” хүнсний дэлгүүрийг ажилуулдаг бөгөөд яг хэдний өдөр байсан эсэхийг санахгүй байна. 2020 оны 02 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Манай урд талын хөрш айлын хүү М орж ирээд манай гэрт өчигдөр хулгай орсон байна, танай дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэх гэсэн юм гээд М дэлгүүрийн хяналтын камерыг шалгаж үзсэн бөгөөд өчигдөр орой манай хашаанаас хоёр хүн орж гарч байна гэж хэлээд бичлэгийг сайн үзэж байгаад л гараад явсан. ...Би тухайн үед Мтай хамт үзсэн тэгэхдээ царай зүс нь харагдахгүй байсан ямар ч байсан хоёр хүн л орж гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Sharp фирм 32 инчийн ЛСД загварын зурагт-400.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 46-47х/,
Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Бтой ханын материалын эцэст уулзсан ба бид хоёр нэг найз руугаа чат бичих гээд РС орсон чинь хаалттай байсан учир Мын гэрт очиж гар утаснаас нь Facebook рүү орж чат бичихээр барагцаагаар 19-өөс 20 цагийн орчимд очиход хашааны нь цоожтой байдалтай байсан юм. Тэгэхээр нь Б бид хоёр хоорондоо ярилцаад хаалгыг нь онгойлгож ороод зурагтыг нь авахаар ярилцаад би уг айлын амбаарын хаалгыг нь хүчтэй татсан чинь цүү нь салаад хаалга нь онгойчихсон юм. Тэгээд бид хоёр гэрт нь орж зурагтыг нь аваад манай гэрийн тэнд байсан эзэнгүй хашаанд авч очоод тэр хашаанд байсан амбаарт нь түр тавьсан юм. Тэгтэл маргааш нь Б надад хэлэхдээ “М гэрт нь хулгай орчихсон гээд бид хоёрыг сэжиглээд байна” гэхээр нь би “тэгвэл зурагтыг нь өгөөд үнэнээ хэлж уучлалт гуйя” гэж хэлээд бид хоёр зурагтыг нь хулгайлсан өдрөөс хоёр хоногийн дараа эгч Төрмөнхөд нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх Б бид хоёр Мын гэрт очиж гар утсаар нь Facebook рүү оръё гэж бодоод очсон юм. Тэгтэл гэр нь хүнгүй байсан ба амбаарын хаалга нь цоожтой байхад нь Б хаалгыг нь хүчтэй татсан чинь цүү нь салаад хаалга нь онгойчихсон юм. Тэгэхээр нь бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийхээр болсон. Хулгай хийх санааг бид хоёр хоёулаа л ярилцаж байгаад гаргасан. Тухайн үед бид хоёрт мөнгөний хэрэг гарсан тул хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба тэдгээр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлогогүй тул амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор өөрийн найз Б.Мын гэрийг эзгүй байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг үйлдэхээр хоорондоо ярилцаж тохиролцон хаалганы цүүг эвдлэн нэвтэрснийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь хохирогч Б.Тийн хохирлыг барагдуулсан, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 18х/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “...Шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь гэм буруу дээр маргаагүй, төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон тус шүүхэд тэдгээрт холбогдох эрүүгийн хэрэг ирсэнтэй холбогдуулан авснаас гадна Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 117, 118 дугаартай шүүгчийн захирамжуудаар яллагдагч /шүүгдэгч/ Э.Б, Б.Б нарт Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн 85х, 86х/ байх тул тус тус хүчингүй болгож, энэ тухай Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Б, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ