Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 437

 

                              

 

 

 

 

 

   2020        06         04                                 2020/ШЦТ/437

 

     

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Чулуунбатын Сд холбогдох эрүүгийн 2011 00605 0277 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11-157Б тоотод түр оршин суух /Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Замчин 1/7 тоотод оршин суух албан ёсны хаягтай/, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бүргэд овогт Чулуунбатын С /РД:______/,

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.С нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 10-1576 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Нандин-Эрдэнийг шалтгаангүйгээр нүүр, зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...”  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сүүлийн үед хамтран амьдарч байсан Нандин-Эрдэнийн хамт “Хархорин зах”  дээр түүний найзууд болох Монголоо болон өөр нэг хүний хамт архи ууцгаасан юм. Тэгээд тэндээсээ Нандин-Эрдэнэтэй автобусанд суугаад Хайлаастад байх Ганбат ахын гэр лүү явсан. Тэгээд замдаа явж байгаад бид хоёр маргалдсан ба бид хоёрыг Дэнжийн 1000-д автобуснаас жолооч нь хөөж буулгасан. Бид 2 тэндээсээ дараагийн автобус хүлээж байгаад суугаад 17 дээр буугаад замаараа дэлгүүр ороод нэг шил архи аваад Жигжээ буюу Ганбат ахын гэрт орсон. Тэр үед Даваабат Ганбатын жаахан хүүхдийн хамт байж байсан ба бид нар авч ирсэн архиа ууцгаасан. Тэнд очихдоо Нандин-Эрдэнэ бид хоёрын хувьд нилээн согтсон байсан ба авч очсон архиа уугаад илүү согтоцгоосон. Тэгээд нэг мэдэхэд гаднаас Монголоо гэх залуу ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа бөгөөд Монголоотой маргаад байх шиг байсан. Мөн Нандин-Эрдэнийг би ямар ч байсан алгадаж, цохиж байх шиг байсан бөгөөд унтчихсан байсан. Шөнө дунд сэрэхэд Нандин-Эрдэнийн нүүрний зүүн талд нь битүү хавдар болчихсон уруул амнаас нь цус гарчихсан байхаар нь түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг дээр очоод уруулыг нь оёулчихаад буцаад гэртээ ирсэн. Ийм зүйл болсон бөгөөд гэмтлийн эмнэлгээс 3 дугаар эмнэлэг яаралтай үзүүлээрэй гэж хэлсэн ба маргааш нь Нандин-Эрдэнийн ар гэрийн хүмүүс нь ирээд аваад явсан ба би цагдаагийн байгууллагад хүргэгдэж очсон... Би Нандин-Эрдэнийг эхлээд автобусанд явж байхдаа нэг алгадсан. Дараа нь Ганбатын гэрийн гадаа бол хэдэн удаа яаж зодож цохисон болохоо санахгүй байна. Ямар ч байсан алгадаад, цохиж байх шиг байсан...” гэх  /хх-ийн 42-43х/,

Хохирогч Н.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр...Жижгээ ахын гэр рүү орсон ба замдаа нэг шил архи, идэх уух юм авсан. Тэдний гэрт нь Хуугий буюу Даваабат, Жижгээгийн бага 3 настай охины хамт байсан ба бид 3 авч ирсэн архийг ууж байсан бөгөөд С над руу агсам согтуу тавиад л байсан ба намайг тэгж байгаад нүүр ам руу цохиж байсныг санаж байгаа бөгөөд түүнээс хойш бол юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд шөнө дунд болчихсон байсан ба миний нүүр битүү хавдчихсан, хамар, ам, нүднээс цус гарчихсан байсан ба миний зүүн нүд юм харахгүй байхаар нь түргэн дуудаач гэж Жижгээ ахад хэлсэн бөгөөд С утсаараа түргэн тусламж дуудсан...намайг цохиж ухаан алдуулаад, уначихсан байхад нэмж зодсон байсан...” гэх /хх-ийн 8-9х/

Гэрч Ш.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Даваабатын хамт сандал дээр суугаад унтаж байсан ба С, Нандин-Эрдэнэ хоёр маргалдаад байж байсан. Тэгтэл 03 цагийн орчим Нандин-Эрдэнэ намайг сэрээгээд миний нүд болохгүй байна, түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн...Намайг гэртээ ирэхэд л С Нандин-Эрдэнийг зодчихсон, нүүр ам нь хавдаад, энд тэндээс нь цус гарчихсан байсан. Тэгээд маргалдаад байхаар нь би больцгоо гэж хэлж байсан...” гэх /хх-ийн 15х/

Гэрч Б.Даваабат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С, Нандин-Эрдэнэ хоёр анх орж ирэх үед Нандин-Эрдэнийн зүүн нүд нь гадна талаараа тойроод хөхөрчихсөн байсан ба гарчихаад эргээд ороод ирэхэд нүүр нь тэр чигээрээ хавдчихсан байсан...Тэр хоёр нилээд согтчихсон байсан ба орж ирэх үеэсээ л хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай С “намайг онигоо болголоо, автобусан дотор газар хэвтлээ” гэх мэтээр хэлээд уурлаад Нандин-Эрдэнийг нүүр ам руу нь нэг удаа алгадахаар нь боль гэж хэлээд болиулсан...Ганбатын хүргүүлж ирсэн машин нь гудамжаар доошоо бууж чадахгүй гулгаад айлын хашаа мөргөх гээд байсан ба бид хоёр нилээд үнс, шороо энэ тэр асгаж байж 2 цаг орчим болж байж арай гэж зам руу гаргаж өгчихөөд гэрт эргэж орж ирсэн. Тэр хооронд л С Нандин-Эрдэнийг зодоод нүүрийг нь буюу нүүрний зүүн хэсгийг нь битүү хавдар болгочихсон байсан...” гэх /хх-ийн 17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2983 дугаартай дүгнэлтэд:

Н.Нандин-Эрдэнийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний ухархайн дотор цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананаас зүүн гайморын хөндийн урд хана, гадна хажуу хананд сэлтэрхий үүсгэн дээд эрүү рүү үргэлжилсэн хугарал, баруун хацрын нум болон гайморын хөндийн гадна хажуу хананд зөрүү үүсгэсэн хугарал, баруун зүүн бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт, дээд уруул, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.7.31.1-т зааснаар эрүүл мэндийг тогтонги 65 хувь алдуулах тул хүнд зэрэгт хамаарна.

Н.Нандин-Эрдэнийн биед учирсан зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл нь Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.7.31.1-т зааснаар эрүүл мэндийг тогтонги 65 хувь алдагдуулах тул хүнд зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 20-22х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.С 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 10-1576 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Нандин-Эрдэнийг шалтгаангүйгээр нүүр, зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Сд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.                

Хавтаст  хэрэгт хохирогч Н.Нандин-Эрдэнэ баримтаар 160.500 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Ч.Саас гаргуулж хохирогч Н.Нандин-Эрдэнэд олгож, энэ хэргийн улмаас хохирогч нь хүнд гэмтэл авсан байх тул цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Чулуунбатын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Шүүгдэгч Ч.Сд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Саас нийт 160,500 /нэг зуун жаран мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян-Уулын 15-72 тоотод оршин суух хаягтай Н.Нандин-Эрдэнэ /ЧС80042460/-д олгосугай.

5. Хохирогч Н.Нандин-Эрдэнийг цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6. Шүүгдэгч Ч.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

         8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД