Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 571

 

 

“Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07087 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төгс уламжлал” ХХК-д холбогдох

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 390 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Байгальсүрэн,

Хариуцагчийн төлөөлөгч Э.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Төгс уламжлал" ХХК нь "Төгс" супермаркетийг ажиллууж байхдаа "Арвайн үндэс" ХХК-тай хамтран ажиллахаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Бүтээгдэхүүн борлуулах гэрээ" байгуулж бараа бүтээгдэхүүн зээлээр авч худалдан борлуулсаны дараа тооцоо хийж байхаар тохиролцсон. "Арвайн үндэс" ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал нийт 2 648 000 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн зээлээр авч 388 000 төгрөгийн тооцоо хийсэн бөгөөд зээлээр бараа бүтээгдэхүүн авсны тооцооны үлдэгдэл болох 2 260 000 төгрөгийг гэрээний дагуу сарын ажлын сүүлийн өдөр барагдуулах боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. "Төгс уламжлал" ХХК-ийг дээрх хугацаанд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй барагдуулах болно гэж сунжирсаар өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул Бүтээгдэхүүн борлуулах гэрээний 4.6-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн алданги тооцоход 240 хоногоор хэтрүүлсэн бөгөөд 1 130 000 төгрөгийн алданги тооцож, барааны төлбөр 2 260 000 төгрөг нийт 3 390 000 төгрөгийг "Төгс уламжлал" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "Төгс уламжлал" ХХК-иас 2 802 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Арвайн үндэс" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 587 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 59 788 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Золзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Арвайн үндэс” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дүн болох 2 648 000 төгрөгийн төлбөрөөс 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 1 075 000 төгрөгийг төлж 1 573 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрийг кассын дэвтэр болон дансаар бүрэн нотолно. Мөн анхан шатны шүүхэд төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрхгүйгээ илэрхийлсэн. Учир нь тус компанийн хүмүүс төлбөрийг бэлнээр авдаг байсан. Миний охин н.Солонго нь 2016 оны 11 дүгээр сард сээр нурууны гурван нугалам дамжсан мэдрэлийн гаралтай хавдартай болон нь тогтоогдож яаралтай хагалгаанд орох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан боловч товлогдсон тул хойшлуулах боломжгүй гээд хүлээж аваагүй. Охин хэвтэрт 45 хоног эхний ээлжинд байх бөгөөд охиноо асрах тул давж заалдах хугацааг харгалзан үзэж хугацааг товлох хүсэлт гаргаж байна. Мөн алданги төлөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь хариуцагч “Төгс уламжлал” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 390 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг ирүүлэх хугацааг тогтоож, улмаар шүүх хуралдаанаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэргийн материалыг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан нөхцөл бүрдсэн үед шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах журмыг зөрчжээ.

        /Хэргийн 27, 30-31 дүгээр тал/

               

Мөн шүүх нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхээс өмнө хэргийн оролцогчдод эрх, үүргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тайлбарлах ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан журамд нийцээгүй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэж үзнэ.

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх үндэслэлээр хэргийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Төгс уламжлал” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ