Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0573

 

 

 

 

 

 

 

                                                        “Т.С.М” ХХК-ийн

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-Э, Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Т.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Т.С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр: “... Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус  тус  заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.С.М” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М” ХХК-ийг “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Э.Б нар давж заалдах гомдолдоо: ““Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М” ХХК-ийг “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 510 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “... импортын суудлын автомашин нь үйлдвэрлэгчээс шууд болон хуучин байдлаар орж ирдэг тул “Моторт тээврийн худалдаа” гэдэг ангиллаар зах зээлийг тодорхойлох боломжгүй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзсэнийг үндэслэлтэй” гэж алдаатай дүгнэлт гаргасан. Тодруулбал,

1. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “Зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэх заалтыг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон шүүгч явцууруулан тайлбарлаж, улмаар “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, ... бүрэн эрхийг хариуцагчид олгожээ” гэж илт үндэслэлгүй тайлбар хийсэн.

Гэтэл уг заалтад “...Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж заасан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтын дагуу олгогдсон эрхээ Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-ын хүрээнд хэрэгжүүлэх ёстой талаас нь үнэлэлгүйгээр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-ын зүйл, заалтыг өөрийн үзэмжээрээ хэрэглэн зах зээл, бараа бүтээгдэхүүний хүрээ болоод зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг дур мэдэн тогтоох абсолют бүрэн эрхтэй мэт илт хууль бус буруу дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Энэхүү алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх тусгай зарчмыг үл ойшоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын буруутай үйл ажиллагааг өөгшүүлсэн шинжтэй байна.

2. Өрсөлдөөний тухай хууль болон журмын алинд ч аливаа бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо “шинэ” болон “хуучин” гэж нарийвчлан ангилах эрх хэмжээ, аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олгоогүй байна. Гэтэл шүүгч “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-ын зохицуулалтаас үзэхэд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо дээрх ангиллыг харгалзан үзэхээс гадна илүү нарийвчилсан байдлаар тодорхойлох аргачлалыг баталсан бөгөөд хариуцагч эдгээр аргачлалын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсныг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг зөвтгөж хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгын талаар буруу дүгнэлт хийсэн, хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан байна. Энэ нь мөн л хариуцагчид хуульд зааснаас хэтэрсэн эрх хэмжээг дур зоргоороо гаргаж болдог гэх практик цаашид тогтох сөрөг үр дагаварт хүргэнэ.

3. “Импортын суудлын автомашин нь үйлдвэрлэгчээс шууд болон хуучин байдлаар орж ирдэг тул “Моторт тээврийн худалдаа” гэдэг ангиллаар зах зээлийг тодорхойлох боломжгүй” гэж хариуцагч үзсэнийг шүүгч үндэслэлтэй хэмээн үзсэн нь илт явцуу, агуулгын хувьд алдаатай дүгнэлт болжээ.

Учир нь “ “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-ын 2.2-т заасан үе шаттай арга хэмжээг зохих ёсоор авалгүй гагцхүү хэн, ямар хэлбэрээр импортолсноос нь хамааран нэг төрлийн бараа, бүтээгдэхүүнийг тусад нь ангилан улмаар автомашиныг “Моторт тээврийн худалдаа” гэдэг ангилалд хамаарахгүй” гэж үзсэн нь ноцтой алдаа юм.

Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодорхойлохдоо бараа бүтээгдэхүүний хүрээг зөв тодорхойлсон” гэж алдаатай дүгнэлт гаргасан. Тодруулбал,

“Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-ын 2.2-т “Тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтай болохыг дараах үе шатаар тогтооно”, 1. “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”, 2. “Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох”, 3. “Зах зээлийн төвлөрлийг тооцох”, 4. “Зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж заасан.

Эдгээрээс хамгийн эхний үе шат болох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход харгалзан үзэх хүчин зүйлсийг “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-д тодорхой зааж, авах арга хэмжээний үе шатыг дурдсан байдаг.

1. Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээллийн тухайд.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо зөвхөн “Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан “Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт МNS ISO 3833:2010” стандарт”-ыг л баримталсан, харин бусад стандарт ангиллыг хэрэглэх шаардлагагүй, мөн тохиромжгүй” гэдэг.

Гэтэл хариуцагч ажлаа дутуу дулимаг хийж улмаар харгалзан үзвэл зохих “олон улсын стандарт ангилал” буюу “The International Standard Industrial Classification of All Economic Activities (ISIC)-ыг”, Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319/А/160 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, код буюу “Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал, 2007” зэргийг огт баримтлаагүй алдаа гаргасан. Үүнийг бид хариуцагчийн санаатай гаргасан алдаа гэж үзэж байна. Учир нь Олон Улсын стандарт ангилал (ISIC) болон Монгол Улсын дээр дурдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хоёуланд нь 4510 “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэж ангилал байдаг атал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар эдгээр ангиллыг огт харгалзаагүй гэдгийг нэхэмжлэгч талаас удаа дараа дурдсаар байтал шүүгч энэ чухал фактыг орхигдуулж, шийдвэр гаргахдаа огт харгалзаж үзээгүй.

Түүгээр ч үл барам “Хариуцагчийн “ “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэсэн ангиллыг хэрэглэх боломжгүй” гэсэн тайлбар нь үндэслэлтэй” гэж шүүгч дүгнэхдээ эдгээр олон улсын эдийн засгийн ангиллыг ямар үндэслэл, шалтгаанаар Монгол улсад хэрэглэж болохгүйг, суудлын автомашин гэх ангиллын бараа нь моторт тээврийн хэрэгслийн ангилалд яагаад орохгүйг, хэрэв тийнхүү уг ангилалд орохгүй бол автомашин чухам ямар ангилалд хэрхэн яаж орох, олон улсын нийтлэг стандарт ангиллыг баримтлахгүйгээр “шинэ”, “хуучин” суудлын автомашины ангиллыг ямар үндэслэлээр гаргаж ирснээ хариуцагч үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байхад хариуцагчийн тайлбарыг шүүгч шууд зөвтгөсөн алдаа гаргасан.

Хариуцагч нь “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-ын 3.1-д заасны дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо 3.1.1-д заасан “Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл” гэх хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой. Дээрх олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код зэргийг судалбал зах зээлийг “шинэ”, “хуучин” гэж хуваасан, эдийн засгийн үйл ажиллагааны дэд ангилал үүсгэсэн зүйл байхгүй.

Журамд заасан “харгалзан үзэх” гэдэг нь “дээр дурдсан зүйлсийг хамааруулан ойлгох” гэж ойлгох бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тайлбартаа “үүнийг харгалзаж үзсэн ч болно, үзэхгүй байж ч болно” гэх дур зоргоор шийдвэрлэх бүрэн эрхийг “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-аар олгоогүй бөгөөд ийнхүү аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хөндөх эрх хариуцагчид олгогдоогүй.

Шүүхийн шийдвэрт “...МNS ISO 3833:2010 стандартын ангилалд авто тээврийн хэрэгслийг суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилсан хэдий ч импортоор үйлдвэрлэгчээс шууд орж ирсэн болон хэрэглэгдэж байсан суудлын автомашин нь харилцан үл орлох шинж чанартай гэж үзэн зах зээлийн хүрээг ялгаж тодорхойлсон нь “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй тогтоох журам”-ын 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтай болохыг тогтоохдоо 1. “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”. 2. “Зах зээлийн газар зүйн хил хязгаар тогтоох”, 3. “Зах зээлийн төвлөрлийг тооцох”, 4. “Зах зээлийн хүчийг тооцох” гэж заасантай нийцсэн” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд логикийн хувьд алдаатай. МNS ISO 3833:2010 стандартаас үзэхэд авто тээврийн хэрэгслийг зөвхөн “суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин” гэж ангилсан байгаа бөгөөд суудлын автомашиныг цааш нь “шинэ”, “хуучин” зэргээр ангилаагүй байна.

2. Зах зээлийн судалгааны тухайд.

Хариуцагч нь Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д олгогдоогүй эрх хэмжээг эдэлж зах зээлийг дан ганц өөрийн үзэмжээр дэд ангилалд буюу “суудлын автомашины импортын зах зээл”-ийг “шинэ суудлын автомашины импортын зах зээл” гэж хүрээг нь дур мэдэн улам нарийсгаж, ийнхүү нарийсгасан хүрээндээ зөвхөн дистрибьютерийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан судалгаан дээр үндэслэн нэхэмжлэгч “Т.С.М” ХХК-ийг зах зээлийн гуравны нэг ба түүнээс дээш хувийг эзэлж байна гэж илт үндэслэлгүйгээр тогтоосныг шүүгч зөвтгөн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ “Аж ахуй эрхлэгч” гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно” гэж заасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өөрийн үзэмжээр зах зээлийг явцууруулж судалгаа хийсэн нэртэй Монгол Улсад суудлын шинэ автомашин борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүний мэдээллийг оруулж судлаагүйгээс үзэхэд хариуцагч нь энэхүү судалгаанд эрх хэмжээгээ хэтрүүлээд зогсохгүй хэт нэг талыг барин хайнга хандсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3.1.2-т заасан зах зээлийн судалгааг хариуцагч хангалтгүй хийсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Түүнчлэн хариуцагчаас хийсэн судалгаагаар “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 5.1.1-д “Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно”, 1. “Биет хэмжээ”, 2. “Мөнгөн дүн” гэж заасны дагуу борлуулалтын орлого буюу мөнгөн дүнгээр тооцсон гэж дүгнэсэн байна.

Энэхүү заалтад “борлуулалт” гэж нэн тодорхой заасан нь “борлуулалтын тоо хэмжээ” гэж ойлгох бөгөөд “борлуулалтын орлого” гэж заагаагүй байна. Хууль тогтоогчийн заасан “борлуулалт” гэдгийг тайлбарлалгүйгээр хариуцагч нэхэмжлэгчийн борлуулалтын тоо хэмжээгээр ч эсвэл борлуулалтын үнийн дүнгээр ч “угаасаа” давамгай байдалтай гэдэг. Шүүгч үүнийг мөн “...2020 онд импортоор нийт оруулж ирсэн автомашины борлуулалтын орлогын 60.45 хувийг эзэлж байна” гэж дүгнэсэн бөгөөд “борлуулалт” гэх үгийг “борлуулалтын орлого” хэмээн нэмэн дэлгэрүүлж тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Шүүгчийн дээрх дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар, түүний үндэслэлд хийсэн бусад дүгнэлтүүдээс үзвэл нэхэмжлэгч “Т.С.М” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн нотлох, баримт, тайлбар, түүний үндэслэлийг анхаарч үзээгүй, зохих түвшинд ойлгоогүй бөгөөд гуйвуулсан болох нь анзаарагдаж байна.

Жишээлбэл, Монгол Улсад нэхэмжлэгчийн оруулж ирсэн гэх суудлын автомашины тоо хэмжээг Гаалийн ерөнхий газрын судалгаанаас харж үзвэл 2019 онд 1809, 2020 онд 1266 байхад хариуцагчийн судалгаанд 2019 онд 1891, 2020 онд 1342 гэж байна. Эндээс үзэхэд хариуцагчийн судалгаанд ашигласан тоо баримт болон Гаалийн ерөнхий газрын тоон мэдээлэл нь зөрж байна.

3. Шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт хийх тухайд.

Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг зохицуулахад оршино. Түүнчлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д тус тус зааснаас үзвэл зах зээлд үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж буй аж ахуй эрхлэгч, мөн бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно.

Үүнээс үзвэл хариуцагч зах зээлийн судалгаагаа зохих ёсоор хийж, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагынхаа хүрээнд “Т.С.М” ХХК буюу нэхэмжлэгчийн харилцагчдаас санал асуулга, шинжээчийн дүгнэлт авах боломжтой байсан боловч эдгээр арга хэмжээг аваагүй. “Т.С.М” ХХК буюу нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр арилжааны хэлцлийн хүрээнд харилцан тохирох замаар гэрээ байгуулан худалдан авалт хийж буй хоёрхон харилцагчтайгаар Монгол улсын зах зээл дээр Хөрөнгө оруулалтын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд автомашин импортлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэнийг ч зах зээлд гарч ирэх нөхцөл, боломжийг хаан боогдуулаагүй, зах зээлээс шахан гаргах зорилго огт агуулаагүй гэдгийг шалгаж, улмаар санал асуулга авах боломж хариуцагчид бүрэн байсан боловч ийм арга хэмжээ аваагүй. Гэтэл шүүгч энэ талаар огт авч үзээгүй.

4. Бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл (хэрэглээ, зориулалт, харилцан орлох байдал)-ийн  тухайд.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Бараа бүтээгдэхүүний хүрээ гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг ойлгоно” гэж заасан. Хариуцагч суудлын автомашиныг “шинэ”, “хуучин” гэж тодорхойлсон шалгуур үзүүлэлтээ үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй бөгөөд “зөвхөн Гааль болон Онцгой албан татвар ногдуулдаг “0-3” жилтэй автомашин” гэж тайлбарладаг. Энэ нь “шинэ”, “хуучин”-ыг ялган тодорхойлсон албан ёсны тодорхойлолт биш бөгөөд зохих татвар ногдуулах зорилгоор үйлдвэрлэсэн хугацаагаар ялгасан аргачлал юм. Ийнхүү үйлдвэрлэсэн оноор гаалийн байгууллагаас авсан мэдээлэлд дурдан “импортын шинэ суудлын автомашины зах зээл” гэж тодорхойлсон гэх ч үйлдвэрлэсэн он нь “шинэ”, “хуучин” машины зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд “шинэ”, “хуучин” автомашин бараа бүтээгдэхүүний нэг ангилалд байх ёстой.

Шүүхийн шийдвэрт “шинэ” болон “хуучин” суудлын автомашин нь хэрэглээ, зориулалт, үл орлох шинж чанараараа хоорондоо хэрхэн ялгаатай болох талаар үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар огт дурдаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөгөө талаас нь авч үзвэл суудлын автомашин “шинэ” ч бай “хуучин” ч бай хэрэглээ, зориулалт нь яг ижил тул бие биенээ орлох бүтээгдэхүүн гэдэг нь хэнд ч тодорхой тул шүүгч ялгаж дүгнэлт гаргах боломжгүй билээ. Үүнээс үзвэл суудлын автомашины зах зээлийг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд “шинэ”, “хуучин” гэж ялгах хууль зүйн үндэслэлгүй байна.

               Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 510 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг буруу тайлбарлаж дүгнэсэн, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

“Т.С.М” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн суудлын шинэ автомашины импортын зах зээлд Т.С.М ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Маргаан бүхий 01 дүгээр тогтоолоор “Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар сарын 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн суудлын шинэ автомашины зах зээлд “Т.С.М” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.6-д “Зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан. 

Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 1.2.1-д зааснаар Харилцан орлох бараа бүтээгдэхүүн” гэж зориулалт, хэрэглээ, техникийн тодорхойлолт, үнэ, худалдах болон худалдан авах нөхцөл, бусад хэмжүүрүүдийг адилтгаж болох, хэрэглээг нь орлуулж болох бараа бүтээгдэхүүнийг ойлгохоор, 2.2-т зааснаар тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох гэсэн 4 үе шатаар тогтоохоор зохицуулсан.  

Харин мөн журмын 3.1-д зааснаар эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл, зах зээлийн судалгаа, шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт, бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйлийг харгалзан бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохоор байна.

Нэхэмжлэгчээс “... Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319/А/160 дугаар тушаалаар Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалын 1 дүгээр хавсралтад 4510 буюу моторт тээврийн хэрэгслийн худалдаа нь задраад шинэ болон хуучин гэсэн дэд ангилал байхгүй, ангилал үүсгэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал биш, бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо шинэ, хуучин автомашинууд орлогдох байдлыг судалж үзээгүй, чухам ямар хууль, журам, стандартад зааснаар шинэ, хуучин гэж ангилсан нь тодорхойгүй, бараа бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээгээр бус, борлуулалтын орлогоор тооцон нийт импортолсон автомашины борлуулалтын орлогын 60.45 хувийг эзэлж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосон нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “...  “Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010” стандартын ангилалд Автотээврийн хэрэгслийг суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилсан хэдий ч импортоор үйлдвэрлэгчээс шууд орж ирсэн болон хэрэглэгдэж байсан суудлын автомашин нь харилцан үл орлох шинж чанартай гэж үзэн зах зээлийн хүрээг ялгаж тодорхойлсон нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2-т заасантай нийцсэн, үйлдвэрлэгчээс /дистрибьютор/ импортоор орж ирсэн суудлын автомашины зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа Т.С.М ХХК-ийг уг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Зах зээл” гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг”, 4.1.5-д “ Ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг”, 4.1.7-д “Бараа бүтээгдэхүүний хүрээ” гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг” гэж заажээ.

Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч “Т.С.М” ХХК нь автомашины зах зээлд тэр дундаа шинэ автомашины зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаа явуулсан эсэх, эсхүл явуулах эрсдэл бий болсон эсэх, ийнхүү судалгаа хийх шаардлага бий болсон эсэх, энэ нь тухайн зах зээлийн төлөв байдалд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй байна.

Гаалийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01-2/1451 дүгээр албан бичгээр 2019-2020 онд Монгол Улсын хилээр импортолсон шинэ /үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 0-3 жил болсон/ суудлын автомашины тоог ирүүлэхдээ “Т.С.М” ХХК болон бусад аж ахуйн нэгж гэх нийт байдлаар ирүүлсэн нь ойлгомжгүй. Тодруулбал, “Т.С.М” ХХК-ийн импортолсон автомашины тоон мэдээг дангаар ирүүлсэн, бусад аж ахуйн нэгж гэдэгт чухам хэдэн аж ахуйн нэгж хэдэн машин импортолсноос гадна хувиараа  импортолсон автомашины тоог гаргаснаар Монгол Улсад импортоор орж ирсэн шинэ суудлын автомашины нийт тоо хэмжээ үнэн бодитоор гарахаар байна. 

Нэхэмжлэгчээс Гаалийн Статистикийн мэдээллээс татан “2019-2020 он Монгол Улсад импортоор орж ирсэн суудлын автомашины тоо хэмжээ болон “Т.С.М” ХХК-ийн оруулж ирсэн суудлын автомашины тоог ирүүлсэн байх бөгөөд уг хүснэгтэд 2019 онд нийт 69472 ширхэг автомашин импортолсон, үүний 1809 ширхгийг буюу 2,9 хувийг нэхэмжлэгч компани импортолсон, 2020 онд нийт 53087 ширхэг автомашин импортолсон, үүний 1266 буюу 3,4 хувийг нэхэмжлэгч компани импортолсон” гэжээ.

Хэдийгээр хариуцагчаас “... аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн импорт, борлуулалтын орлогын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газраас холбогдох мэдээллийг гаргуулан авч судалгаа хийсэн” гэж тайлбарлах боловч анхан шатны шүүх Монгол Улсын хилээр 2019, 2020 онд нийт хэдэн суудлын автомашин импортолсон, үүнээс хэд нь шинэ болох, шинэ автомашины хэдэн хувийг чухам ямар ямар аж ахуйн нэгжүүд импортолж байгааг Гаалийн ерөнхий газрын тоон мэдээтэй тулгаж тогтоосон, үүнтэй холбоотой судалгаа, тоон мэдээ хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/301 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааны ажлын талаар хэлэлцэх сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/318 дугаар албан бичгээр мөн судалгааг хэлэлцэх тул компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг оролцуулах талаар мэдэгдсэн байх боловч уг хуралдаанд нэхэмжлэгч оролцсон эсэх, тийм бол чухам ямар байр суурьтай байсан, нэхэмжлэгчээс энэ талаар тайлбар, баримт хангалттай гаргуулсан эсэх, уг хуралдаанаар шинэ, хуучин автомашины зах зээлийн судалгааг хийхдээ бараа бүтээгдэхүүний хүрээг хэрхэн тодорхойлж авч үзсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Товчхондоо  Монгол улсын зах зээлд шинэ /үйлдвэрлэгчээс шууд орж ирдэг/ болон хуучин /шинэ биш хэрэглэгдэж байсан/ автомашин орж ирдэг бөгөөд анхан шатны шүүх маргааны гол зүйл болох бараа бүтээгдэхүүний хүрээг зөвхөн хэрэглээ, зориулалтын дагуу тодорхойлох эсэх, эсхүл “шинэ, хуучин автомашин” гэж дэд зах зээлд хуваан давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох эсэх, өөрөөр хэлбэл шинэ, хуучин автомашины зах зээлийг тусад нь тодорхойлох эсэх, ийнхүү тогтоох нь холбогдох хууль, журамд нийцсэн эсэх, тухайн зах зээлд борлуулалтын тоо хэмжээ болон борлуулалтын орлогоор харьцуулан давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох нь ялгаатай эсэх зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаарх баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж,  шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН