Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 426

 

    

                                                           

 

 

 

2020         06         03                                    2020/ШЦТ/426

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

Улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н., түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хүрэлбаатарын , Боржигон овогт Нацагийн  нарт холбогдох эрүүгийн 1911 03259 0450 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 97 дугаар гудамжны 8а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Нацагийн , /РД ___/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжны 442 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Хүрэлбаатарын  /РД ____/,

Шүүгдэгч Н., Х. нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н., Х. нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “"Шөнийн зах” худалдааны төвийн “В1” давхарт байрлах Хаан банкны АТМ-аар үйлчлүүлэхдээ хохирогч Ц.Равдандоржийн гээгдүүлсэн 5,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд авсан мөнгийг нь хадгаламжид хадгалсан байсан.  намайг цүнхээ өг гэхэд нь л өгсөн...” гэх /хх-ийн 72-73х/,

Шүүгдэгч Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн үйлдлээ ойлгож, ухаарсан. Дахин ийм хэрэг хийхгүй. Хохирлоо төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70х/,

Хохирогч Ц.Равдандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өглөө босоод 10 дугаар хороололд байрлах өөрийн гэр болох түрээсийн байрнаас гараад ... Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн урд талын өнцөг дээр байдаг Хас банкны теллер дээр очоод данснаас мөнгө шилжүүлэх боломжтой юу гэж асуухад манай банк шимтгэл авна. Харин “Хаан” банк өндөр шимтгэл авах байх та тэрийг тодруулж асуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би доор байдаг АТМ-н дээрээс очоод мөнгө аваад ирье гээд доошоо буугаад “Хаан” банкны АМТ-н дээр очоод эхний хандалт 5,500,000 төгрөг хийхэд гүйлгээ гарах боломжгүй гэж хэлсэн. Гэнэт санаад дахин хандалт хийж 5,000,000 төгрөг авах тоогоо бичээд гүйлгээ хийе гэж хэлээд дарсан. Тэр хооронд миний ар талд зогсож байсан 2 эмэгтэй надад туслах гэж байгаа юм шиг ойртоод. Тэгээд би мөнгөө хүлээгээд байж байхад гарч ирэхгүй удаад байхаар нь өө гарч ирэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн хажуу талд зогсож байсан эмэгтэй “малгайтай” 500,000 төгрөгөөр гарна. 5,000,000 төгрөгөөр гарахгүй гэж хэлсэн. Би ямар сонин юм бэ гэж хэлээд тэндээсээ хөдлөх гэж байхад малгайтай эмэгтэй нь “Хас” банкны карт хийгээд мөнгө авч чадах уу гэж надад хэлсэн. Би авч өгч чадахгүй гэхэд хажуу талд байсан малгайгүй эмэгтэй би мөнгө аваад өгье гэж хэлсэн. Буцаж алхаад “Тэнгис” кино театрын “Хаан” банкин дээр мөнгө авах гээд гүйлгээ хийх гэтэл таны гүйлгээ гарсан байна гэж теллер хэлсэн. Тэр улсууд АТМ гацаж байгаад мөнгө буцаад данс руугаа ордог гэж хэлсэн...” гэх /хх-ийн 35-36х/,

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний Хас банкны цалингийн карт цэнхэр өнгөтэй карт байдаг. Би өөрөө хөдөө орон нутагт ажилладаг тул өөрийн цалингийн картаа гэр бүлийнхээ хүн буюу эхнэр Нацагийн т үлдээж явдаг. Би 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хөдөө Төв аймгийн Баян сумд байрлах нүүрсний уурхай руу ажлаар яваад 2019 оны 12 дугаар сарын 30-ны Улаанбаатар хотод гэртээ ирсэн. Миний эхнэр  энэ зураг дээрх хар өнгийн булган малгай, хар булган шуба өмссөн байгаа нь мөн байна...” гэх /хх-ийн 59-60х/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15х/,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шөнийн” захад байрлах Хаан банкны АТМ-ны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Уг бичлэгийг тодруулж үзэхэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Шөнийн зах” худалдааны төвийн орох, гарах хэсэг рүү чиглэсэн хяналтын камерын бичлэг байх бөгөөд дээрх бичлэгнийн баруун дээд буланд он, сар, өдөр, цаг, минут секундын хэмжээс байх бөгөөд Улаанбаатарын цагаас 2 минутаар хоцорч байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд байгууламжийн баруун ногоон өнгийн хананы хажууд “Хаан” банкны 2 ширхэг автомат тоолуурын машин байх бөгөөд 12:58:28 секундыг заахад дээрх АТМ-ын урд хар өнгийн куртик өмссөн царай нь үл харагдах 2 эмэгтэй хүн зогсож буй дүрс бичигдсэн байв. /зураг 1/,

Бичлэгийг цааш тодруулахад 12:58:40 секундэд хар өнгийн малгайтай, хар өнгийн үслэг куртик өмссөн баруун талын мөрөө дагуулан цүнх үүрсэн, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн үслэг гутал өмссөн 25-30 насны эмэгтэй хүн дээрх АТМ-ыг чиглэн алхаж байгаа дүрс бичигдсэн байв. /зураг 2/,

Үзлэг хийх ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд 12:56:45 секундэд бор өнгийн үстэй, хар өнгийн куртик өмссөн, доогуураа хар өнгийн гуталтай, зүүн мөрөө дагуулан цүнх үүрсэн 30-35 насны эмэгтэй хүн дээрх АТМ-ыг чиглэн алхаж байв. /зураг 3/,

Дээрх бичлэгний цаг 12:56:51 секундыг заахад дээрх 2 эмэгтэй хүн АТМ-аар үйлчлүүлж буй эмэгтэй хүний ард очиж зогсов. /зураг 4/,

Уг бичлэгний 12:57:49 секундэд хохирогч Ц.Равдандорж нь баруун АТМ-ээс карт бүхий зүйлийг аваад цааш буюу тус худалдааны төвийн хаалгыг чиглэн алхаж байгаа дүрс бичигдсэн байв. /зураг 5/,

12:58:22 секундэд бор өнгийн үстэй, хар өнгийн куртиктэй, хар өнгийн гуталтай эмэгтэй хүн уг АТМ-ын урд зогсож байгаа нь бичигдсэн байх бөгөөд 12:58:36 секундэд тус АТМ-ын мөнгө гарах хэсэг рүү баруун талын гараа хийж буй нь дүрслэгдсэн байна /зураг 6/,

Бичлэгийг цааш тодруулахад  12:58:40 секундэд дээрх АТМ-ын мөнгө гарах хэсгээс авсан цайвар өнгийн зүйлийг өөрийн гартаа барьж байсан цагаан шаргал өнгийн малгайндаа хийж буй бичлэг байв. /зураг 7/,

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 12:59:05 секундэд дээрх 2 эмэгтэй хүн Шөнийн зах худалдааны төврүү орох хэсгийг чиглэн алхаж буй байдал дүрслэгдсэн байв. /зураг 8/,

Үзлэг хийх ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй учир үзлэг хийж ажиллагааг 18 цаг 30 минутад дуусгаж тэмдэглэл хөтлөв гэх /хх-ийн 18-26х/,

Хаан банкны 5076768467 тоот хохирогч Ц.Равдандоржийн харилцах дансны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээний хуулга /хх-ийн 79х/,

Хаан банкны 5019654141 тоот харилцах дансны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хугацааны орлого, зарлагын гүйлгээний хуулга /хх-ийн 29-30х/,

Хаан банкны 5171214217 тоот харилцах дансны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн орлогын гүйлгээний хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга /хх-йн 32х/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н., Х. нарыг бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “"Шөнийн зах” худалдааны төвийн В1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-аар үйлчлүүлэхдээ хохирогч Ц.Равдандоржийн гээгдүүлсэн 5,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.    

Шүүх, шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч нарыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Равдандорж нь би 5,000,000 төгрөгөө бэлнээр тоолж авлаа. Одоо надад хохирол байхгүй, надад одоо ямар нэг гомдол санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 34х/ авагдсан байх тул шүүгдэгч Н., Х. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овогтой Нацагийн , Боржигон овогтой Хүрэлбаатарын  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан шүүгдэгч Н., Х. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД