Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

2020             4            13                                            2020/ШЦТ/216

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга М.С,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч Э.А /ҮД:1053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт М-ын Э-д  холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт өрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, хойд эхийн хамтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-11в тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б  овогт М-ын Э  /РД:............./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-22в тоотод хойд эх Г.Ү-г  “чанга ярьлаа” гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч М.Э  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө орондоо орчихоод унтахгүй чанга чанга юм яриад байхаар нь би унтмаар байна маргааш ажилтай чимээгүй байгаач гэж хэлтэл Г.Ү  чамаар дугарах үгүй гээ одоо заалгах уу гээд надад уурлаж, надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь миний уур хүрээд гэрийн гол хэсэгт байдаг ширээний доороос нь модон сандлыг аваад Г.Ү  эгч рүү шидсэн чинь толгойг нь оносон. Тэгэхээр нь дахиж нөгөө сандлаа аваад Г.Ү  эгчийн хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохисон, энэ үед аав намайг салгасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, би гэмшээд хохирогчид 100.000 төгрөг төлсөн, уучлалт гуйсан гэв.

2. Хохирогч Г.Ү  мөрдөн байцаалтын шатанд: “...Би гэртээ хамтран амьдрагч С.М ын хамт ирсэн. Бид хоёрыг гэртээ ирэхэд М.Э  гэрийн баруун талын орон дээр унтаж байхаар нь бид хоёр ороо засчихаад унтахаар орондоо ороод ярилцаж байтал М.Э  чимээгүй байгаач 2 пизда минь гэхээр нь миний уур хүрээд одоо дугарахаа чамаар хориулах уу гэж хэлээд маргалдсан чинь босож ирээд шууд л газраас сандал аваад миний толгой болон бие рүү сандлаар 2-3 удаа цохисон. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

3. Гэрч С.М  мөрдөн байцаалтын шатанд  “...Г.Ү  бид хоёр ороо засчихаад унтахаар орондоо ороод ярилцаж байтал М.Э  чимээгүй байгаач 2 пизда минь гэж хэлсэн чинь Г.Ү  одоо дугарахаа чамаар заалгах уу гэж хэлээд М.Э той маргалдсан чинь М.Э  орноосоо босож ирээд шууд л газраас сандал аваад Г.Ү-г ийн толгой болон бие рүү 2-3 удаа цохисон, би хүүгээс салгачихаад Г.Ү  руу харсан чинь толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2598 дугаартай шинжээчийн “...Г.Ү-г ийн биед зүүн зулайн хуйх, зүүн нүдний гадна буланд эдгэрч буй шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч М.Э  нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-22в тоотод хойд эх Г.Ү-г  “чанга ярьлаа” гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.    

 

Шүүгдэгч М.Э ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Э од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Г.Ү  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Э од оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М