| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0233/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.А |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 217
2020 4 13 2020/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
Нарийн бичгийн дарга М.С,
Улсын яллагч Б.А,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Г-ын У-т холбогдох эрүүгийн ........дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Энтертайнмент ертөнц ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 1а байрны 37 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167 дугаар гудамжны 15 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Г-ын У /РД:............./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ибиза” нэртэй караокед иргэн Ө.М-тай найзуудыг минь үл хүндэтгэж, таарамжгүй харьцлаа гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж, хэвлий хэсэгт нь өвдөглөн 2-3 удаа цохиж, багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн талын хацар ясны нумны далд хугарал, хоншоорын зүүн хөндийн дээд, доод ба гадна ар ханын хугарал, зүүн хоншоорын хөндий дэх цус хуралдалт, тархи доргилт, зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.У шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би М-ыг зодож гэмтээсэндээ маш их гэмшиж байгаа. Архинаас л болсон. Үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг маш сайн ойлгосон учраас хохирогчоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж, эмчилгээ болон хохиролд 6.450.000 төгрөг сайн дураараа төлсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Прокурортой ял тохирсон, энэ ялыг зөвшөөрч байгаа гэв.
2. Хохирогч Ө.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза гэх караокед Г.У ах хүрээд ирээч гэхээр нь найз Д.И , Б.О нарын хамт очоод Г.У ын хамт бид нар нэг шил Финлайнд гэх архи ууж байтал Г.У ахын дүү Мөөгий гэх залуу Д.И , Б.О бид гуравыг доош нь хийгээд өдөөд байсан. Тэгээд би тухайн залуутай нэг хундага тулгаж уугаад одоо чи жаахан тайван байчих гэж хэлээд байж байтал Г.У ах намайг гаръя гэж хэлээд караокены өрөөнөөс гарах үед караокены үүдэнд Мөөгий гэх залуу намайг заамдаж хана руу шахаж гараараа далайсан. Би тэр залууг тавь, боль гэж хэлэхэд хажуу талаас Г.У ах намайг шууд нүүр рүү 2 удаа цохиж, нэг удаа мөргөсөн. Би тухайн үед хана түшээд нүүрээ бариад доошоо болох үед зүүн талын хэвлий хэсэг рүү өвдөглөж 2-3 удаа цохиж багалзуурдаж шал руу унагаасан. Тэгээд дээр гарч зогсож байгаад багалзуурдаж хойш татаж, үсдэж байгаад хоёр удаа толгой хэсэг рүү дахин цохисон. Тэгээд байж байхад Д.И , Б.О хоёр ирж салгасан. Тэгээд би цаашаа яваад шатан дээр найз руугаа ярьж явах гэж байтал араас дахин ирж намайг цохиж шатнаас татаж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
3. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ибиза караокед байхад гаднаас Г.У ахтай өмнө нь хамт ажиллаж байсан гэх Ө.М гэх залуу хоёр найзын хамт орж ирсэн. Ө.М гэх залууд нэг хундага цагаан архи хийж өгтөл шууд авч уучихаад дахиад нэг хийчих гэж хэлээд би дахин хийж өгчихөөд хажууд сууж байсан хүнтэй юм ярьж байтал чи чимээгүй болчих гэж хэлээд намайг түлхэж суулгасан. Ө.М намайг байж бай гэж хэлээд түлхсэн. Би уурлаад маргалдаад байж байтал Г.У ах чи яасан гэж цохиж байгаа юм гэж хэлээд одоо зүгээр боль гэж хэлсэн. Би тухайн үед зүгээр байж байгаад цохиулсан учир Ө.М д уурлаад, Ө.М мөн надад уурлаад байж байтал Г.У ах одоо боль гэж хэлтэл болихгүй байсан. Тэгээд Г.У ах уурлаж нэг удаа Ө.М ын нүүрэн тус газар нь мөргөж унагаагаад цохих гэж байхад би араас нь тэвэрч болиулчихаад өрөөндөө орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,
4. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ө.М манай дизайнер ахыг хэл амаар өдөж байтал Г.У ах Ө.М-ыг хоёулаа гарч юм ярья гээд аваад гарсан. Тэгээд тэр хоёр караокены өрөөнөөс гараад зодолдсон юм шиг байсан. Би хэсэг хугацааны дараа өрөөнөөс гарахад Г.У ах Ө.М ын дээр гараад зууралдаад байсан. Тэр үед манай найз Д.М Г.У ахыг хойноос нь татаж салгаж байсан. Г.У ах бид хоёр буцаж гараад Ө.М-тай уулзах гээд очтол Ө.М өөдөөс нь одоо чамайг ална гэж хэлэхэд Г.У ах нэг удаа цохисон. Би тэр хоёрыг салгаж тэр хоёр хоорондоо ярилцаж байтал Ө.М миний нүүрийг ийм болгочихлоо одоо чамайг ална гэж дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
5. Гэрч Д.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ибиза гэх караокед очиж Г.У ахтай уулзаж мэнд хүргэж мөн баярласнаа илэрхийлэх гэж очсон. Тухайн караокены өрөөнд сууж байхад Мөөгий гэх залуу бид гурвыг ад үзэх шинжтэй байгаад хэлсэн ярьсан зүйлийг мурийлгаж яриулахгүй байсан. Г.У ах Ө.М-ыг дагуулаад гарсан. Хэсэг хугацааны дараа Б.О өрөөнд орж ирээд намайг гараад ир гээд гарахад коридор дотор Г.У ах Ө.М ын дээр гарчихсан байсан. Тэр үед Б.Д гэх залуу Ө.М-ыг татаж салгаад дараа нь Г.У ахыг бас салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа Ө.М ын царайг харсан цус гарчихсан байсан. Тэгээд байж байгаад дахин гадаа шатны хажууд Ө.М утсаар ярьж байтал Г.У ах шууд очоод цохиод авсан. Тэгээд гадаа гаръя гээд гадаа гарахад Г.У ах Ө.М ын хувцаснаас нь татаж унагаагаад дээрээс нь цохиж өвдөглөсөн. Тэр үед Ө.М эсэргүүцэж цохих оролдлого хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
6. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд: “...Ө.М Мөөгийтэй маргалдах шиг болсон. Тэгтэл Ууганбаатар ах Ө.М ын араас гарч ирээд заамдаж аваад нэг удаа мөргөөд газар унагаж дээрээс нь цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа бид гурав хувцасаа өмсчихөөд үүдэнд шатны хажууд зогсож байтал Г.У ах Ө.М ын араас ирээд нүүр рүү нь цохиж одоо эндээ алчихъя гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 313 дугаартай “...Ө.М ын биед зүүн талын хацар ясны нумны далд хугарал, хоншоорын зүүн хөндийн дээд, доод ба гадна ар ханын хугарал, зүүн хоншоорын хөндий дэх цус хуралдалт, тархи доргилт, зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл. Дээрх зүүн талын хацар ясны нумны далд хугарал, хоншоорын зүүн хөндийн дээд, доод ба гадна ар ханын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33х/,
8. Шинжээч эмч Б.Ундармаагийн: “...Хацар ясны нумны далд хугарал, хоншоорын зүүн хөндийн дээд, доод ба гадна ар ханын хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ибиза” нэртэй караокед иргэн Ө.М-тай найзуудыг минь үл хүндэтгэж, таарамжгүй харьцлаа гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж, хэвлий хэсэгт нь өвдөглөн 2-3 удаа цохиж, багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн талын хацар ясны нумны далд хугарал, хоншоорын зүүн хөндийн дээд, доод ба гадна ар ханын хугарал, зүүн хоншоорын хөндий дэх цус хуралдалт, тархи доргилт, зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг дэх шүүгдэгчийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.У ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Г.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.У т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч Ө.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.У т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н. М