Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

2020             4            10                                            2020/ШЦТ/213

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ө,

Улсын яллагч Б.А,

Шүүгдэгч Г.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн З овогт Г-ын У-д холбогдох эрүүгийн ........дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Remax хөрөнгө зуучлалын компанид зуучлагч ажилтай, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хотхоны 115 дугаар байрны 19а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, З овогт Г-ын У, /РД:................./.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 115 дугаар байрны 19а тоотод хамтран амьдрагч Б.Б-той  гэр бүлийн таагүй харилцааны улмаас маргалдаж толгойн хэсэгт нь сэнжтэй аягаар цохиж хагалан, аяганы хагарсан хэсгээр нь баруун чихийг нь зүсэж, баруун далан дээр зоож, нурууны ар хэсэгт нь аяганы хагархайгаар зурж эрүүл мэндэд нь дагз, баруун дал, баруун чихэнд шарх, хүзүү, баруун дал, нуруунд зулгаралт, хүзүү, баруун далны доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хохирогч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд “...Би 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 115 дугаар байрны 19а тоотод ирээд хоол хийж зурагт үзэж байхдаа Г.У гийн хамт Ивок нэртэй архи хувааж уусан. Том өрөөнд ороод зурагтаар гарч байсан ярилцлагаас болоод бид хоёр хоорондоо хэрэлдэж эхлэсэн. Би охины өрөө рүү орж хажуугаар нь хэвтэж цуг унтах гэж байхад Г.У  орж ирсэнээ босоод ир гэхээр нь би “хоёулаа хэрэлдэхээ больё” гэхэд Г.У  “гэрээс зайл” гэхээр нь шөнийн 3 цаг өнгөрч байна, өглөө босоод явъя гэж хэлэхэд охин сэрж уйлахад Г.У  өрөөнөөс гараад явсан. Тэр үед охин өрөөний хаалга хаагаад бууж ирээд тэврүүлээд байж байхад Г.У  орж ирсэнээ “чи миний гэрт байж миний өрөөний хаалгыг хаалаа” гээд татаж байсан тамхиа зүүн далан дээр дарахаар нь би зүүн хацар хэсэг рүү нь баруун гараараа түлхэхэд хойшоо алхаж байгаад хаалганд тээгэлдэж унаад босч ирээд намайг цохиж эхэлсэн. Тэр үед жижиг өрөөнөөс гаргаж том өрөөний буйдан руу түлхэж холдуулахад буйдан дээр унахаар нь би охиноо тэвэрсэн чигээрээ жижиг өрөө рүү орох гэж байхад миний араас толгой руу аягаар цохиж хагалаад, хагарсан хэсгээр нь баруун чих зүсэж, баруун далан дээр зоогоод, нурууны ар хэсгээр хагархайгаар нь зураад байхаар нь би жижиг өрөө рүү орох гэтэл охин маш ихээр айж уйлаад байхаар нь би эмээд нь охиноо өгөөд өөрөө усанд ороод хувцсаа өмсөөд явлаа гэж хэлэхэд охин дагахаар нь би аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3177 дугаартай дүгнэлт: “Б.Б ын биед дагз, баруун дал, баруун чихэнд шарх, хүзүү, баруун дал, нуруунд зулгаралт, хүзүү, баруун далны доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх дагз, баруун дал, баруун чихэнд шарх, хүзүү, баруун дал, нурууны зулгаралт гэмтлүүд ир үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хүзүү, баруун далны доорх цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16/,

3. Шүүгдэгч Г.У  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахин ийм үйлдэл гаргахгүй. Би прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Г.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 115 дугаар байрны 19а тоотод хамтран амьдрагч Б.Б-той  гэр бүлийн таагүй харилцааны улмаас маргалдаж толгойн хэсэгт нь сэнжтэй аягаар цохиж хагалан, аяганы хагарсан хэсгээр нь баруун чихийг нь зүсэж, баруун далан дээр зоож, нурууны ар хэсэгт нь аяганы хагархайгаар зурж эрүүл мэндэд нь дагз, баруун дал, баруун чихэнд шарх, хүзүү, баруун дал, нуруунд зулгаралт, хүзүү, баруун далны доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Г.У гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Г.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.У д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Б  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З овогт Г-ын У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.У д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М