Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00904

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02698 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 462 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Э-од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 123 758 192 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Г.Э- нь Ктай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2015/27 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зорилгоор зээлсэн. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 гудамж 27 тоот 90 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн хаягт орших 2448 мкв талбайтай орон сууцны газрыг барьцаалсан.

Зээлдэгч нь төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул утсаар болон биечлэн уулзаж, албан бичгээр шаардаж байсан. Зээлийн хүүг төлөхгүй байсан учир 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 118 063 977 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан хэлэлцэж байх 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дууссан тул энэ шаардлагаас татгалзсан.

Иймд 123 758 192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зээл төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Гэрээ байгуулсан нь үнэн болохоор төлөх нь үнэн. Хууль зүйн дагуу бодогдсон үнийн дүн, хүүний тооцоололд маргахгүй. Шүүх анхаарч үзэхийг хүсч байгаа хоёр зүйл байна.

Зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 24 сарын хугацаатай 2017 оны 11 дүгээр сарын 04 хүртэл байгуулсан. Гэтэл К 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. Хариуцагч зугтаж, зайлсхийх зэрэг янз бүрийн байдал үүсгээгүй. Газрын асуудлаар хуулийн зөвлөх Г.Энхтайвантай олон удаа уулзсан. 2015 оны 11 дүгээр сард байгуулсан барьцааны гэрээгээр орон сууц болон үйлдвэрлэлийн зориулалттай газар барьцаалсан. Тухайн үед 126 000 000 төгрөгөөр үнэлж 2 төрлийн газрыг барьцаалсан бол өнөөдрийн байдлаар орон сууцны барилга барих манай газар 800 000 000-1 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэж, 220 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг барих зургийг гаргуулсан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасныг үндэслэн газрын үнэ өссөн учраас Ниссан Патрол маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 10 км гүйлттэй, 215 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн машиныг нэхэмжлэгч талд санал болгосон.

Иймд зээлийн гэрээний хугацаанаас өмнө шүүхэд хандсан, мөн барьцаа байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь 123 758 192 төгрөг болж байгаа. Иргэний хуулиар анхны зээлийн үнийн дүн 80 000 000 төгрөг, хүү, алданги тооцоод 50 хувиас хэтрэхгүй гэсэн зарчмыг анхаарахыг хүснэ гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02698 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-оос 121 836 892 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 921 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2204006405 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамж, 27 тоот хаягт байрлах, 90 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 133013/0056 дугаартай, мөн хаягт байрлах 2448 мкв талбайтай, орон сууцны зориулалттай газар зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924 528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-оос 767 234 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 462 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Гэрээ байгуулсан нь үнэн болохоор төлөх нь үнэн. Хууль зүйн дагуу бодогдсон үнийн дүн, хүүний тооцоололд маргахгүй.

Зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл байгуулсан. Гэтэл К 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. Хариуцагч зугтаж, зайлсхийх зэрэг янз бүрийн байдал үүсгээгүй. Мөн газрын асуудлаар хуулийн зөвлөх Г.Энхтайвантай уулзсан. 2015 оны 11 дүгээр сард байгуулсан барьцааны гэрээгээр орон сууц болон үйлдвэрийн зориулалттай газар барьцаалсан. Тухайн үед 126 000 000 төгрөгөөр үнэлж 2 төрлийн газрыг барьцаалсан бол өнөөдрийн байдлаар орон сууцны барилга барих манай газар 800 000 000-1 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэж, 220 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг барих зургийг гаргуулсан.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасныг үндэслэн газрын үнэ өссөн учраас Ниссан Патрол маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн 10 км гүйлттэй, 215 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн машиныг нэхэмжлэгч талд санал болгосон.

Иймд зээлийн гэрээний хугацаанаас өмнө шүүхэд хандсан, мөн барьцаа байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлүүдийг хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Г.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123 758 192 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Г.Э- нэхэмжлэлийн үндэслэлийг зөвшөөрсөн боловч зээлийн гэрээний хугацаа болоогүй, мөн барьцаа хөрөнгө байхад шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2015/27 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч “К” ХХК хариуцагч Г.Э-од 80 000 000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зорилгоор зээлүүлжээ. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 гудамж 27 тоот 90 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн хаягт орших 2448 мкв талбайтай орон сууцны газрыг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

Хариуцагч Г.Э- гэрээнд заасан төлбөрийн хуваарийг зөрчиж, төлбөрөө зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан эрх зүйн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж, хариуцагчийн хүлээх үүргийн тооцооллыг зөв хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02698 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 462 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН