Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                 Хэргийн индекс: 114/2017/0052/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Тэмүүжинг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 013 тоотод оршин суух С.А-

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо, Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох

 

  “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын М.Болормаад холбогдох хэсэг, улсын бүртгэлийн 2003017236 дугаар бүртгэл, орон сууц өмчлөх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч:                                                     С.А-

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:      Ш.Цэндсүрэн, Г.Гэрэлтуяа   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А-гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 1999 оноос эхэлж уг байранд одоог хүртэл амьдарч байгаа. Тэр үед би 9 дүгээр багийн  сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилд орсон ба энэ байранд хүн амьдардаггүй, цонх нь хагархай, хаалга нь эвдэрхий, халуун, хүйтэн усгүй, паар хүртэл байдаггүй байсан. Янз бүрийн хамаагүй хүмүүс ирж хоноглодог, архи уудаг газар болсон байсан. Тухайн үед надад өөрийн байр гэж байхгүй, айлын карма өрөөнд амьдардаг байсан ба уг байранд амьдрах хүсэлтэй талаар Сууц өмчлөгчдийн холбооны даргад хэлэхэд амьдарч болно гэсэн. Би олон жил үйлчлэгчийн ажил хийсэн, тэр хавийн хүмүүс бүгд л намайг ажиллаж амьдарч байсныг мэднэ.

Би Сууц өмчлөгчдийн холбооны даргатай щитний өрөөг ашиглаж амьдрах гэрээ хийгээд уг байранд амьдарч эхэлсэн, тухайн үед  Орон сууцыг хувьчлах болон байрны гэрчилгээг гаргуулахаар орон сууц хувьчлалын товчооны холбогдох хүмүүстэй нь удаа дараа хандаж уулзтал щитний өрөөг хувьчлахгүй гэж хэлдэг байсан бөгөөд тухайн үеийн аймгийн орон сууц хувьчлалын товчооны нарийн бичгийн дарга Батболд нэг удаа манайд ирээд үйлчилгээний өрөөг оршин сууж байгаа иргэдэд нь хувьчлахаар болсон, үүнээс хойш энэ бол таны байр,таньтай хэнч булаацалдахгүй гэж хэлээд явсан. Би очих газартай орох оронтой байсан бол ингэж хөөцөлдөөд яваад байх шаардлагагүй. Би орох оронгүй болохоороо л уг щитний өрөөний төлөө ингэж явж байгаа юм. Манайхныг амьдарч байх хугацаанд ямар нэгэн хүн ирж энэ байр минийх гэж ерөөсөө хэлж ирж байгаагүй. Би 4-4 дүгээр байранд үйлчлэгчээр ажиллаж байгаад уг байранд амьдарч эхэлсэн бөгөөд Болормааг ерөөсөө харж байгаагүй, танил талаараа хөөцөлдөж байж гэрчилгээгээ авсан байх гэж бодож байна.2017 оны 08 дугаар сараас эхэлж сум дундын шүүхээс намайг дуудаж уг байрнаас чөлөөлөх,  суллах тухай нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулсан энэ үеэс л бид энэ байр өөр хүний нэр дээр байгаа болохыг мэдсэн.Иргэний хэргийн шүүхээс намайг энэ байрны шударга эзэмшигчээр тогтоосон.Иймд аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын М.Болормаад холбогдох хэсэг, Дархан сумын 9 дүгээр байр 4.4 дүгээр байрны 013 тоот Ү-2003017236 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, орон сууц өмчлөх гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр заалтад заасны дагуу уг байрыг хувьчилсан байгаа. 2004 оны 32 дугаар тогтоолын Болормаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэндсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг 00-ийн өрөөг иргэн М.Болормаад хувьчилж өгснийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлэг гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017236 дугаарт бүртгэгдэн өмчлөх эрхийг нь баталгаажуулсан байдаг ба энэ 00-ийн өрөөний эзэмшигчээр М.Болормаа нь байгаа  өмчлөх эрхийг баталгаажуулж өгснөөр өмчлөх эрх нь үүссэн байгаа.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар мэдүүлгээ гаргасан ба татгалзах үндэслэл байгаагүй.Иргэн С.А-г иргэний шүүх олон жил амьдарсан хугацааг бодож шудрага эзэмшигчээр тогтоосон байх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  С.А-гаас  “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын М.Болормаад холбогдох хэсэг, улсын бүртгэлийн 2003017236 дугаар бүртгэл, М.Болормаагийн орон сууц өмчлөх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа  тодорхойлсон байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

 Маргаан бүхий Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 013 тоот 12 м2 1 өрөө буюу сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,  нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд “Өлзийт өргөө” /тухайн үеийн нэршил нь/ сууц өмчлөгчдийн холбоотой иргэн С.А- нь 2000 онд гэрээ байгуулж уг өрөөг одоог хүртэл эзэмшиж, амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, орон сууцны хорооллын байруудад ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй хийх 2000 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн гэрээ, айл амьдарч байгаа зориулалтаар ашиглах тухай 2001 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ, орлогын ордерын тасалбар, Дархан сумын 9 дүгээр багийн засаг дарга Б.Нэмэхбаярын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2073 дугаар албан тоот зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний  тухай” 27 дугаар тогтоолын 2-д “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгаж”,  уг тогтоолын 3-д “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад тус тус даалгажээ.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” 140 дүгээр тогтоолд “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.

Гуравдагч этгээд М.Болормаад Дархан сумын Засаг даргын 33068 дугаар орон сууц эзэмших гэрээ, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор  Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 013 тоотыг хувьчилж, Орон сууц өмчлөх эрхийн 0106470 дугаарын гэрчилгээ 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон байх бөгөөд хариуцагч аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь М.Болормаагийн  2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өмчлөх эрхээ баталгаажуулахаар мэдүүлэг гаргасныг үндэслэн улсын бүртгэлийн Ү-2003017236 дугаарт бүртгэж өмчлөх эрхийг нь баталгаажуулсан байна.

Харин хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо нь уг маргаан бүхий “00”-ын өрөөг хэн ашиглаж, эзэмшиж байсныг тодруулалгүйгээр зөвхөн орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн М.Болормаад өмчлүүлэх эрх олгосон нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн байрыг эзэмшиж байсан С.А- нь  2000 оноос эхлэн айл амьдарч байгаа зориулалтаар ашиглах гэрээний үндсэн дээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2-д заасан “сууц эзэмших эрхийн бичиг, хөлслөх гэрээний зөрчилгүй байлгах, сууцныхаа хөлсийг төлсөн байх үүргийг хангаж, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах” эрхийнхээ дагуу уг “үйлчилгээний өрөө гэх 00 өрөөг хувьчлан авах тухай хүсэлтээ гаргахад нь аймгийн орон сууц хувьчлалын товчоо нь ”щитний өрөөг хувьчлахгүй” гэж  шийдвэрлээгүй орхигдуулсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд гуравдагч этгээд М.Болормаа нь  маргаан бүхий орон сууцанд огт амьдарч байгаагүй, сумын Засаг дарга М.Болормаад 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 013 тоот 1 өрөө сууцыг 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эзэмшүүлэхээр 33068 дугаар  гэрчилгээг бичиж өгсөн байх боловч иргэн М.Болормаагийн аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийнх нь огноо  нь 2004 оны 06 дугаар сарын 27-ний өдөр гэж тэмдэглэгдсэн, өргөдөл гаргасан хүний болон өргөдөл хүлээн авсан ажилтны гарын үсэг байхгүй байгаа нь хугацааны хувьд зөрүүтэй, өөрөөр хэлбэл орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээ нь бичигдээгүй байхад орон сууц хувьчлах тухай өргөдлөө гаргасан байна.Мөн улсын бүртгэлд бүртгүүлэхэд нь Дархан сумын 10 дугаар багийн засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 186 тоот албан бичигт  “Мадаа овогтой Болормаа 2-А байрны 36 тоотод 2002 оны 7 сараас 2012 оны 8-р сарыг дуустал түрээсээр оршин сууж байсан болно” гэсэн тодорхойлолтыг үндэслэн бүртгэсэн байх боловч энэ албан бичгийг тухайн багийн засаг дарга, холбогдох албан тушаалтнууд тодорхойлж бичээгүй, аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 32 дугаар тогтоолд “нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээний нийт ... өрөөг хувьчлахыг зөвшөөрсний дагуу оршин сууж буй иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосугай” гэж заасан байх боловч нийт хэдэн орон сууцны хэдэн өрөө нь тодорхойгүйгээс гадна хавсралт гэх 5 хуудсанд 1-137 дугаарт нэрсүүдийг жагсааж бичсэний 51 дүгээрт М.Болормаа гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд 5 дахь хуудсанд мөн л 38-62 дугаарт хүмүүсийн нэрсийг жагсаасан жагсаалтын 51 дүгээрт С.Ганзориг гэж давхардан тэмдэглэгдсэн болох нь шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байх бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг сууцыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт... хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордерийн/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй”, 161 дугаар зүйл Сууц хувьчлан авах тухай өргөдөл гаргах гэсний  1 дэх хэсгийн 1-д “сууц эзэмших эрхийг бичиг /ордер/-ийн эзэмшигч” гэсэн  заалтуудыг  тус тус зөрчсөний дээр иргэн С.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

 Тодруулбал хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдал,бичиг баримтуудын эмх цэгцгүй замбараагүй байдлууд, бичиг баримтуудыг нягтлан үзэж шалгадаггүйгээс орон сууц эзэмших эрхийн бичиг, өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Түүнчлэн гуравдагч этгээд М.Болормаа нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “0106470Да тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003017236 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 013 тоот өрөөг суллуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1287 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар М.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар С.А- Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 013 тоот 1 өрөө орон сууцанд 1999 оноос 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл амьдарч байгаа болохыг тогтоож шийдвэрлэсэн, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 1287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг өөрчлөн ...”Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар С.А- Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 013 тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай” гэж шийдвэрлэсэн шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгч С.А- нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 90.2-т “Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.4-т “... хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийг нэхэмжлэх шаардах эрхтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,   “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын М.Болормаад холбогдох хэсэг, М.Болормаагийн орон сууц өмчлөх 0106470Да гэрчилгээ болон улсын бүртгэлийн 2003017236 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь хэсгүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                       

ТОГТООХ нь:

 

 1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын М.Болормаад холбогдох хэсэг, М.Болормаагийн орон сууц өмчлөх 0106470Да гэрчилгээ болон улсын бүртгэлийн 2003017236 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч С.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д  зааснаар хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

                                                                                                                                    

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА