Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

2020              6           03                                           2020/ШЦТ/360

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М,

Улсын яллагч Ч.Б,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан А овогт Б-ийн Б-т холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын ажилчин мэргэжилтэй, “Хөгжил трейд” ХХК-д үйлдвэрийн механик ажилтай, ам бүл 4, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо 5-13 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-ийн Б, /РД:........../.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрийн гудамж “Ривер стоун” хотхоны урд замд Б.Ц-ын  эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 17-23 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйл “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1 хэвтээ тэмдэглэл: 1.1-д заасан хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, ...зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах... хилийг тэмдэглэнэ”, 1.24-д заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гарцаар замд нийлэхдээ хориглосон хэвтээ тэмдэглэлийг давсаны улмаас “ Сузуку” маркийн мопед унаж явсан Ц.М-ыг  баруун талаараа мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би энэ өдөр гаргасан осолд маш их гэмшиж байгаа. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна. Хохирогч Ц.М-ын эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. Миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх-03-11х/,

3. Хохирогч Ц.М  мөрдөн байцаалтын шатанд: 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед би өөрийн эзэмшлийн мопедоо жолоодон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Хос өргөө” хотхоны хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 1-р эгнээнд 40 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас зогсож байсан машинууд дундаас “Тоёота Приус-20” маркийн автомашин баруун урд талаас миний баруун талын хавирга орчмоор мөргөсөн. Баруун талын гурван хавирга хугарсан, мөн цээжинд хий хурсан байсан. Одоо биеийн байдал зүгээр алхаж гишгээд явж байгаа, амьсгалахад хүнд байгаа. Би одоогийн байдлаар 798.714 төгрөг эмчилгээнд зарцуулсан байгаа баримтаар гаргаж өгсөн. Надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5151 дугаартай: “...Ц.М-ын  биед цээжний баруун талд 3, 4, 5-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

5. Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 035560 дугаартай дүгнэлт зэрэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч  гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Б-ийн Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                            Н.М