Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

2020              4           16                                           2020/ШЦТ/228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Б,

Улсын яллагч С.О,

Шүүгдэгч Р.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Р-гийн Б-т  холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтан тариа” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын г-18-422 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Р-гийн Б, регистрийн дугаар .............

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Айдасын давааны замд “Алтантариа” ХХК-ний эзэмшлийн “Hino Truck” маркийн 20-32 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4 дүгээр бүлгийн хавсралтын 6.9 дэх заалт “Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон;” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээвэрийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин замын хажуу руу орсоны улмаас зорчигч Б.Б-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Б  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би “Алтантариа” ХХК-д 18 жил жолоочоор ажиллаж байгаа, энэ өдөр гаргасан осолд маш их гэмшиж байгаа. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна. Хохирогч Б.Б-ийн  эмчилгээний зардалд 2.900.000 төгрөг, Э.Ш т гар утасны 180.000 төгрөг өгсөн. Мөн байгууллагаас 300.000 төгрөг эмчилгээний зардалд төлж өгсөн гэв.

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх-4-10/

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2540 дугаартай: “Б.Б-ийн  биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал, арын холбоосын тасрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-51-53/

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2553 дугаартай: “Э.Ш -н биед шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-55-56/

6.Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн: “...20-32 УНД улсын дугаартай Hino маркийн Ranger загварын тээврийн хэрэгсэлд ....2. Урд дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ, баруун гар талын их гэрлийн тусгал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд салхины шил зүүн гар талын дээд хэсгээрээ бага зэрэг цацарсан, зүүн гар талын хаалганы доод шил хагарсан, зүүн гар талын суудлын бүс ажиллахгүй, зүүн болон баруун гар талын хаалганы дотор түгжээний бариул байхгүй, баруун гар талын хаалга дээд хэсгээрээ хонхойж, гажиж, гишгүүр нь хугарч байхгүй болсон, баруун гар талын их гэрлийн тогтоогч сэнжнүүд нь хугарсан, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй, хойд талдаа ажиллагаатай нэг ч гэрлийн чийдэн байхгүй, эргэх болон ослын дохионы нэг ч гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн, дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна” гэх дүгнэлт /хх-79-84/

7.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 167 дугаартай: “...Hino Truck маркийн 20-32 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р овогтой Б нь ЗХД-ийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4 дүгээр бүлгийн хавсралтын 6.9 дэх заалт “Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон;” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Nissan Juke маркийн 2-42 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Сааралдай овогтой Солонго нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна  ” гэх дүгнэлт /хх-97-98х/,

8. Хохирогч Б.Б   мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хороо Айдасын даваагаар уруудаад явах замд урд явсан машин зүүн дараад гэнэт зогссон тэгснээ буцаад ухарсан. Тэгсэн манай жолооч машинаа зогсоох гээд тоормосоо гишгээд л байх шиг байсан тэгээд машинаа зогсоож чадалгүй замын хажуу руу баруун дараад орсон. Замын хажуу руу ороход жолоочийн талруу нилээн хазайж ирээд зогссон тэр үед нь би машины урд шилийг мөргөсөн. Тэгээд машин зогссоны дараа машинаас буусан чинь нуруу өвдөөд хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Ослын улмаас нуруу хугарсан, 1-р нугалам нь хугарсан байгаа, бид нарын сууж явсан автомашинд жолоочийнхоос бусад суудлын бүс нь байхгүй байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “Алтан тариа” ХХК миний өвчтэй байсан цалинг өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-20-22х/,

9. Хохирогч Э.Ш  мөрдөн байцаалтлын шатанд: “...Айдасын даваа уруудаад явж байтал урд явсан улаан машин би маркийг нь мэдэхгүй байна эсрэг урсгал руу дараад гэнэт зогссон тэгсэн манай машины жолооч тоормосоо гишгээд зогсож амжилгүй урд явсан машины араар нь буюу баруун талаар нь тойрч гарах гэтэл машин нь багталгүй замын хажуу руу орсон. Замын хажуугийн ховил руу уруудаад нилээн хүчтэй донсолж байгаад зогссон би тэр машинаас яаж бууснаа ч санахгүй байгаа. Гэхдээ бид нарын сууж явсан машин бол онхолдож бариагүй нилээн хүчтэй л донсолсон кабин дотроо баахан ойж буугаад би машины дээд талын тааз, урд шилээ мөргөсөн. Миний нуруу, толгой, нүд өвдөж байгаа, яс хугарч хүнд гэмтсэн зүйл бол байхгүй. Тухайн үед бид нарыг сууж явсан “Hino Truck” маркийн 20-32 УНД улсын дугаартай автомашинд зөвхөн жолоочийн талынх нь суудлын даруулга байсан ба жолооч даруулгаа зүүсэн байсан,Б  бид хоёр суудлын даруулга байхгүй байсан тул зүүгээгүй байсан. Би гомдолтой байна, тухайн үед миний Huwai А-6 маркийн гар утасны нүүрний шил хагарсан, утасныхаа нүүрний шилийг 180.000 төгрөгөөр үнэлнэ, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /27-28х/,

10. Иргэний хариуцагч З.Н-тай  мөрдөн байцаалтын шатанд: “...Тухайн тээврийн хэрэгслийг 2009 онд манай компани Монгол улсад орж ирэх үед нь авч байсан. Ер нь бол компаний барилгын ажилд мөн хог нааш цааш нь зөөхдөө ашигладаг 1998 онд үйлдвэрлэгдсэн 2009 онд орж ирсэн машин байгаа юм. Тухайн зам тээврийн осол гардаг өдөр “Hino Truck” маркийн 20-32 УНД улсын дугаартай автомашиныг машины компаний жолооч Б  жолоодоод ажилчид болох Ш,Б  нарын хамт Өлзийт хороолол руу ажлаар явж байсан гэсэн. Тэгж явахад нь урд нь явсан машин бөгсөө даяалж орж ирсэн тэгэхээр нь тэрнээс нь зайлах гэж машинаа замын хажуу руу дарж оруулсан гэж манай жолооч ярьсан. Манай компаний зүгээс осолд орсон 3 ажилчдын эмчилгээ, шинжилгээ болонБ ийн хагалгааны зардлыг хариуцаж төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

11. Гэрч С.С  мөрдөн байцаалтын шатанд: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Айдсын давааны урд замд хүүхдүүдээ салхилуулахаар өөрийн Nissan Juke маркийн 29-42 УНУ улсын дугаартай автомашинтай явж байтал манай 1 ой 6 сартай охин Сондор идэж байсан хоолондоо хахсан тэгэхээр нь би машиныхаа дунд талын толинд хартал манай охины уруул нь хөхөрчихсөн нүднийх нь доод тал нь улайчихсан царай нь цайчихсан байхаар нь би машинаа баруун гар талруугаа шахаад зогсоогоод эргээд хартал араас явж байсан том ачааны машин миний баруун талаар замын хажуу руу нилээн хурдтай орчихсон би ч охиныгоо хараад сандраад ар нуруу руу гарынхаа алгаар цохиод нүүр лүү нь үлээтэл хахаа нь арилаад манай охин орилоод уйлсан тэр том машин бол хажуугаар 1 секундын дотор л гараад замын хажуугийн далан руу орсон...” гэх мэдүүлэг /хх-41х/,

12. Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 888017 дугаартай дүгнэлт /хх-79-84х/,

13. ”Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний: “Hino маркийн Ranger загварын тээврийн хэрэгсэлд 1.490.000 төгрөгийн шууд, 1.600.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хх-90-92х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Р.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Р.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.Б т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч  гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Р-гийн Б ыг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.Б  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Б т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                            Н.М