Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 453

 

 

Б.Төвшинбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Төвшинбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Бор-Өвгөн нь МИАТ-ийн Захиргааны газрын даргаар 30 гаруй жил ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 8-4-3 тоотод 3 өрөө байраар шагнуулсан юм. Улмаар аав Бор-Өвгөн маань энэхүү 3 өрөө байраа надад өв залгамжлуулж өвлүүлсэн. Гэтэл М.Номуундарь нь гэр бүл болохоос өмнө надад байсан хуваарьт хөрөнгө болох 3 өрөө байрыг өөрийн өмч мэтээр өмчилж авсан төдийгүй намайг болон нас өндөр аавын минь хамтаар өнөөдөр гудамжинд хөөн гарган увайгүй зан гаргасан бөгөөд одоо аав Бор-Өвгөн бид хоёр орох оронгүй оочих аягагүй өөрийн өмчгүй явж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний аав С.Бор-Өвгөний улсад 30 гаруй жил үнэнч шударгаар үр бүтээлтэйгээр ажилласныг нь төр тухайн үеийн төр засгаас үнэлж түүнд олгосон ганц хөрөнгө болох маргаж буй 3 өрөө байрыг нь илт хууль бусаар дуудлага худалдаанд оруулж 357 175 000 төгрөгөөр эхнэр М.Номуундарь гэрийн гаднаас хувийн үнэлгээчнээ дагуулан ирж илт бодит бусаар үнэлэн үнийг тогтоосон байдаг. Өнөөдөр би ямар үнэлгээний компаниар юуг үндэслэн үнэлгээ хийсэн нь тодорхой бус байна. Эдгээр процесс нь хуульд заасан журмын дагуу явахгүй байгаад аав бид 2 гомдолтой байна. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүний өмч халдашгүй дархан эрхтэй зөвхөн хуулиар хязгаарлана гэж заасан атал өнөөдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс миний аавын төрийн байгууллагад 30 гаруй жил хөдөлмөрлөж олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг шууд утгаар дээрэмдэж байна. 2015 оны 8 дугаар сард анхны дуудлага худалдаанд намайг оруулахгүй үнэ санал болгох хурал надад огт мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний аавын ганц хөрөнгө болох уг үл хөдлөх хөрөнгийг маань шууд дуудлага худалдаанд оруулж, өнөөдөр надад 5 920 000 төгрөгийг өгнө, чи аавын хамт хаана амьдрана бидэнд хамаагүй гэж хөөж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 тоот захирамжаар 3 өрөө байр буюу 102 м.кв үл хөдлөх хөрөнгийг 3 тэнцүү хувааж оногдох хэсгийг Б.Төвшинбаяр, Т.Цолмон, М.Номуундарь нарт тус бүр 119 058 300 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжид гуравдагч этгээд болох С.Бор-Өвгөнийг оруулалгүй шийдвэрлэсэн. Уг үнэлгээний компанид нэг хүнд 90 000 000 төгрөг олгохоор үнэлгээ хийлгэсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надад дур мэдэн үнэлгээ бууруулж 5 920 000 төгрөг өгөх гээд байгаа нь хууль бус бодит байдалд огтхон ч нийцэхгүй байна. Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 тоот шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй ажиллагааг хүчингүй болгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас зохион байгуулсан анхны дуудлага худалдаа болон хурлын шийдвэрийг хүчингүй болгох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шийдвэрээр Б.Төвшинбаяраас 172 645 200 төгрөг гаргуулж М.Номуундарьд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Б.Төвшинбаяр нарын 3 иргэний дундын өмчлөлд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8/4 дүгээр байрны 3 тоот 3 өрөө орон сууц нь бүртгэлтэй бөгөөд үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэлгүй талаар хариуг ирүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Төвшинбаярт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгдөөгүй байна. Төлбөр төлөгч Б.Төвшинбаярын дундын өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрөө төлөх хүсэлт гаргасан тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8/4 дүгээр байрны 03 тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 140/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 140/02 тоот тогтоолоор хураан авсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад орон сууцыг 357 175 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлгээг тогтоосон. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон тус албанаас зохион байгуулагдаж буй 2015 оны 6 дугаар 19-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл Өнөөдөр сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох юод үнийг тогтоон 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдааны комиссын хурлаар 2 дахь дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид санал болгож, зөрүү 5 901 200 төгрөгийг төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч Б.Төвшинбаярын хүсэлтийн дагуу 1 сарын хугацааг олгосон байна. Төлбөр төлөгч Б.Төвшинбаяр нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжпэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг. Иймд тус алба нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч Б.Төвшинбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь нэн даруй хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага 2 хоорондоо тохирохгүй байна. Нэхэмжлэлийн агуулгыг харахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай байна. Санал болгох хурлын комиссын хурлаар 14 хоногийн хугацааг Б.Төвшинбаярт өгсөн. Энэ хугацаанд өөрөө хувиараа зарж борлуулна гэж гарын үсэг зураад гарч байсан. Дуудлага худалдааны үнийг Б.Төвшинбаяр өөрөө тогтоосон. Бид энэ үнийг нь хүлээн зөвшөөрсөн. 2 удаа дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Энэ ажиллагаа 2 жилийн хугацаанд үргэлжлэн явагдсан. Б.Төвшинбаяр өөрөө энэ байрын үнэлгээнд гомдоогүй. Улсын дээд шүүхийн тогтоол дээр хөндлөнгийн үнэлгээний газрын үнийг баримталсан. Үнэлгээн дээр гомдсон бол тухайн үедээ гомдол гаргаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өөрсдийн саналаар үнэлгээг тогтоосон зүйл байхгүй. Энэ хүн өөрийнхөө гаргасан үнэлгээн дээр л гомдоод байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Улсын дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 734 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Төвшинбаяраас 171 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Номуундарьд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын үндсэн агуулга нь Б.Төвшинбаяр, С.Номуундарь нарын гэр бүлийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8-4-3 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас эхнэр С.Номуундарь болон охин Т.Цолмон нарт ногдох хэсгийн үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээг гурав хувааж 3/2 хэсэгт ноогдох мөнгө болох 171 450 000 төгрөг гаргуулан С.Номуундарьд олгохоор шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу уг гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцны үнийг 257 175 000 төгрөгөөр тогтоож, уг үнийг 3 хувааж нэг хүнд ногдох хэсэг нь 257 175 000/3=85 725 000 төгрөг гэж тогтоосон. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаагаар нэхэмжлэгч Б.Төвшинбаярт ногдох 85 725 000 төгрөг байхгүй болоод байна. Шүүхийн шийдвэрээс одоо надад 5 920 000 төгрөг өгнө өөр мөнгө гаргуулж өгөхгүй гэж байгаа нь шүүхийн шийдвэр болон бодит байдалд огт нийцэхгүй байна. 2015 оны 8 дугаар сард анхны дуудлага худалдаанд нэхэмжлэгч Б.Төвшинбаярыг оролцуулалгүй, үнэ санал болгох хурал надад огт мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж байсан. Үүнээс гадна төлбөр авагчид хөрөнгө санал болгох хуралд Б.Төвшинбаярыг хуурч мэхлэн худал хэлж авчирч оруулсан байдаг бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр төлбөр авагчид талуудын өгсөн үнэлгээнээс хэт доогуур үнээр буюу 50%-иар бодож санал болгосон нь үндэслэлгүй юм. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдааны комиссын хурлаар 2 дахь дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид санал болгож, зөрүү 5 901 200 төгрөгийг Б.Төвшинбаярт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт "....Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үлд хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус гэж заасан байдаг бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр санал болгоно гэж заасан заалт байхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дур мэдэн 2 дахь албадан дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид санал болгож төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа шүүхийн шийдвэр нь хэн нэгэнд төлөх ёстой өр төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн бус харин гэр бүлийн дундын хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс бусад нь бид нарт хамаагүй гэсэн тайлбарыг өгч байгаа хууль ёсны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон шударга ёсны зарчимд огтхон ч нийцэхгүй байна. Улсын дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 734 дүгээр тогтоолоор уг гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцны үнийг 257 175 000 төгрөгөөр тогтоож, уг үнийг 3 хувааж нэг хүнд ногдох хэсэг нь 257 175 000/3=85 725 000 төгрөг гэж тодорхой тогтоосоор байтал ямар үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид санал болгоод байгааг анхан шатны шүүхээс хууль ёсны гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 8\4 дүгээр байрны 3 тоот, Ү-2206008231 тоот улсын бүртгэлийн дугаартай 102.7 м.кв орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцон М.Номундарь, Т.Цолмон нарт ногдох хэсэг буюу 172 465 200 төгрөгийг гаргуулахаар болсон. Ийнхүү мөнгөн дүнгээр илэрхийлсэн үнийн дүн гарсан хэдий ч шүүхийн шийдвэрийн агуулга нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.Төвшинбаярт гэсэн олгох агуулгатай. Ийнхүү Б.Төвшинбаяр миний бие уг байрны 1/3 хувийг эзэмших эрхтэй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь бодит байдал дээр 257 175 000 төгрөгийн эд хөрөнгөөс надад ердөө 5 902 300 төгрөг л үлдэж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Мөн 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэх хуудсыг Б.Төвшинбаярт гардуулан өгөлгүй Бор-Өвгөнд гардуулан өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдвэл зохих этгээдэд мэдэгдэх хуудас очоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Төвшинбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

             Дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шийдвэрээр Б.Төвшинбаяраас 182 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Номуундарьд олгож, автомашины зогсоолыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, гэрчилгээг гаргуулан өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 929 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 734 дүгээр тогтоолоор 171 450 000 төгрөгийг Б.Төвшинбаяраас гаргуулан М.Номуундарьд олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.Төвшинбаярын эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 37, 43 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээний санал авах, үнэлгээ хийлгэх, анхны болон хоёр дах албадан худалдаанд  оруулах, санал болгох хурлын ажиллагаа явагдсан байна.                           

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “төлбөрийг төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна” гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэрт үл хөдлөх хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар заагаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс гаргуулах, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.6, 53.7-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гаргуулах зэрэг дарааллаар явагдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй шууд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 53.4, 53.6 дахь хэсэгт тус тус заасан ажиллагааг явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар дугаар 02-ны өдрийн 181/ШШ2016/01395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт тус тус зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Төвшинбаярт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Төвшинбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ