Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00035

 

О.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0308/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: О.Ө нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.О-д холбогдох 1738000000060 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д овогт О-ийн О, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гар урлаач мэргэжилтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Шүүгдэгч О.О нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн .... сумын ... дугаар багт байрлах .....-ийн төвийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн Samsung S-3 маркийн 80,000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 1,500 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан мөн насанд хүрээгүй хохирогч М.Э-н Nokia маркийн 20,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д овогт О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1738000000060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: ... О.О нь 19 настай бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 нас хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэжээ. Энэ бүлэг гэдэг нь өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа юм. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж хуульчилсан байх тул О-ын насны байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг энэ заалтыг журамлан багасгах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхээс О-д оногдуулсан хорих ялыг өсвөр насны хүнд ял оногдуулах журмыг баримтлан 2 дахин багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.О нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын .... дугаар багт байрлах ....-ийн төвийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн Samsung S-3 маркийн 80 000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 1 500 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан, мөн насанд хүрээгүй хохирогч М.Э-ын Nokia маркийн 20 000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаас хөнгөрүүлж буюу 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ”...О.О нь 19 настай бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д ...заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа юм. ...О.О-ын насны байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг энэ заалтыг журамлан багасгах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс О-д оногдуулсан хорих ялыг өсвөр насны хүнд ял оногдуулах журмыг баримтлан 2 дахин багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь О.О нь сэтгэцийн болоод бие, бялдар, эрүүл мэндийн хувьд өсвөр насны шүүгдэгчтэй ижил түвшний гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Н.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ