Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэн Онход Д.М /ЦГ66121206/-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдох "Д.М-ыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон захирамж гаргахыг тус сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга Т.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сум орон тооны сонгон шалгаруулалтад орж тухайн ажлын байранд хамгийн өндөр оноо авч тэнцсэн. Д.М намайг Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилуулах тухай Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3/381 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг тогтоолын хамт сумын Засаг даргад ирүүлсэн байсныг тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Г үл тоомсорлон уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар 2016 оны орон нутгийн ээлжит сонгууль болж бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Д.М миний бие 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Засаг даргаар батламжлагдсан Т.Эрдэнэбатад Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилуулах тухай өргөдлийг 2017 оны 01 дүгээр сард өгсөн. Засаг дарга Т.Э өргөдлийн хариуг амаар өгөхдөө “Аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилно” гэж хэлээд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд томилохгүй байсан. Өргөдлийн хариуг албан бичгээр авъя гэсэн хүсэлтийг хэлэхэд сумын Засаг дарга Т.Э-аас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/33 тоот албан бичгээр хариуг өгсөн. Уг албан бичигт “Миний биеийг төрийн албаны шалгалтад тэнцсэн шийдвэрийг өмнөх Засаг даргаас хүлээж аваагүй”, мөн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.8 дахь заалтын дагуу аймгийн Засаг дарга Л.Г-той зөвшилцөөгүй” гэсэн шалтгаанаар томилохоос татгалзсан тухай хариу ирүүлсэн. Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэн Д.М намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохоос татгалзаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг болон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай тухтай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах” гэсэн заалтуудыг болон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэжлийн сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эс үйлдэхүй хууль бус ажиллагааг хэрэгжүүлсэн Д.М миний ажил мэргэжлээ сонгох эрхийг зөрчсөн эс үйлдэхүй хууль бус ажиллагаа мөн хэрэгжүүлж гэж үзэж байна. Мөн Д.М намайг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хугацааны цалин хөлсний зөрүүгээр болон Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар аймаг, сумдын удирдлагуудтай уулзах, өргөдөл гаргах, түүний хариуг нь авах ажлаар хувийн зардлаар олон дахин явж, өрх гэрийн эдийн засаг, санхүүгийн талаар хохироож байна.

Иймд Д.М намайг 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 3/381 тоот Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, намайг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон захиргааны акт гаргахыг Төмөрбулаг сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж тус тус заасныг Төмөрбулаг сумын Засаг дарга зөрчиж байна. Д.М миний бие өмнөх Засаг дарга болон одоогийн Засаг дарга нарт хандан Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилуулах тухай өргөдлөө гаргаж байсан боловч томилоогүй өдий хүрсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандахад намайг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилохгүй байгаа нь хууль бус гэж үзсэн бөгөөд хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн. Төрийн албаны салбар зөвлөлийн зарласан сонгон шалгаруулалтад оролцохдоо Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Ц болон сумын Засаг дарга нараас ажил байдлын тодорхойлолт гаргуулж авах гэтэл надад ажил байдлын тодорхойлолт хийж өгөөгүй. Ажил байдлын тодорхойлолт хийж өгөхөөс татгалзсан учраас би өөрөө өөрийнхөө ажил байдлын тодорхойлолтыг бичсэн юм. Надад өөр арга байгаагүй. Д.М намайг Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, намайг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг Төмөрбулаг сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.М нь Төрийн албаны шалгалтад орж тэнцсэн тухай Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын хуулбарыг 2018 оны 02 дугаар сарын 23-нд өгсөн учраас ажилд томилох тухай асуудал удааширсан. Эрүүл мэндийн төвийн даргаар томилуулах тухай өргөдлийг хүлээн авч аймгийн Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд зөвшилцсөний дагуу шийдвэр гаргана гэж хариу өгсөн. Цаашид Д.М-ын нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг хангаж шийдвэрлэсэн нөхцөлд Эрүүл мэндийн төвийн даргаар томилохоос татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга Т.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д.М нь Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилуулахыг хүссэн өргөдлөө надад анх 2017 оны 01 дүгээр сард өгсөн. Би түүнд аймгийн Засаг даргатай зөвшилцөж байж томилно гэж хэлсэн. Тухайн үед өргөдөл гаргахдаа Д.М Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг өгөөгүй бөгөөд өмнө ажиллаж байсан Засаг дарга ч уг тогтоолыг надад өгөөгүй учраас түүнийг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилоогүй өдий хүрсэн юм. Аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүй, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол надад ирээгүй учраас би Д.М-ыг томилоогүй юм. Д.М-д ёс зүйн арга хэмжээ авагдаагүй. Цаашид шүүхийн шийдвэрийг дагана” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.М нь төрийн албаны шалгалтад ороход шаардлагатай байдаг ажил байдлын тодорхойлолтыг Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан надаас аваагүй, өөрөө тодорхойлолт хийж, гарын үсэг тэмдэг байхгүй зүйлийг бүрдүүлж төрийн албаны шалгалтад орж тэнцсэн. Учир нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байсан учраас төрийн албаны шалгалтад оруулахгүй гэж хэлж байсан. Д.М нь ёс зүйгүй хүн бөгөөд тухайлбал гадны сумын эмч буюу Жаргалант сумын эмч байхад даргаар ажиллаж байсан намайг зодож танхайрсны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгсөн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/427 тоот албан бичгээр ёс зүйн хороонд шалгуулж томилгоог хууль журмын дагуу хий гэсэн албан бичиг ирсэн болохоос томил гэсэн албан бичиг ирээгүй. Ёс зүйгүй хүн учраас Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилох боломжгүй юм. Иймд Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллахыг дэмжиж байна. Д.М нь Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийгээд явах чадвартай, мэргэжилдээ сайн, мэргэжлийн тал дээр алдаа гаргадаггүй хүн. Гагцхүү ёс зүйн тал дээр өөрийнхөө дутагдлыг ойлгож, цаашид ёс зүйн алдаа гаргахгүй ажиллана биз ээ. Би Д.М-ын ёс зүйн зөрчлийн талаар гомдол гаргаж байсан боловч түүнийг уучилж, өргөдлөө буцааж авсан учраас Д.М-д ёс зүйн хариуцлага тооцсон шийдвэр гарч байгаагүй. Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдөж, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буцаж түр томилогдсон. Одоог хүртэл намайг түр томилсон хэвээр байгаа учраас би энэ ажлыг хийж байна. Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилогдвол миний бие ажлаасаа гарна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэн Д.М-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "Д.М-ыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон захирамж гаргахыг тус сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/111 дүгээр захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Ц-ааг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэх үндэслэлээр 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн боловч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан албан хаагч байхгүй гэх үндэслэлээр түүнийг Төмөрбулаг сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/124 дүгээр захирамжаар сул ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах хүртэл хугацаанд түр томилон ажиллуулжээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.4.2-т аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх бусад төсвийн байгууллага (хүн эмнэлэг, театр, чуулга, музей, соёлын төв, номын сан зэрэг бусад байгууллага)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл зохион байгуулахаар заажээ.

Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цахимаар нийтэд ил тод зарлан, зохион байгуулсан байна. Энэхүү сонгон шалгаруулалтад Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.М оролцож тэнцэн 82,2 оноо авсан болох нь Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартэй “Шалгалтын дүн батлах тухай” тогтоол, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээгээр тус тус нотлогдож байна.

Улмаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 11 дүгээр тогтоолоор Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Д.М-ыг уг албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, Төмөрбулаг сумын Засаг даргад тогтоолыг хүргүүлсэн боловч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нэхэмжлэгч Д.М-ыг тухайн албан тушаалд томилолгүй өдий хүрчээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж тус тус заасан байна.

Тодруулбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “...холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан нь сумын Засаг дарга өөрийн дээд шатны Засаг даргатай зөвшилцөх гэсэн утгатай бус, харин тухайн албан тушаалд томилогдох ажилтны холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн агуулгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл сумын эрүүл мэндийн төвийн даргыг томилохдоо аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилохоор хуульд тогтоомжид заажээ. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 795 тоот албан бичигт дурдсанаар Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Д.М-ыг томилон ажиллуулахыг зөвшөөрсөн байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг нь “аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүй” гэсэн үндэслэлээр төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаж буй иргэн Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.М-ыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилохоос татгалзсан үндэслэлээ “Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг өмнөх Засаг даргаас хүлээж аваагүй” хэмээн тайлбарласан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Д.М нь Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн тул уг албан тушаалд томилуулах тухай өргөдлөө сумын Засаг даргад 2017 оны 01 дүгээр сард өгчээ. Өмнөх Засаг дарга дараагийн Засаг даргад Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүлээлгэн өгөөгүй байлаа ч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт болон ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, баримт бичиг, хууль, бусад шийдвэртэй танилцах үүрэгтэй бөгөөд төрийн үйл ажиллагаа тасралтгүй, залгамж чанартай ажиллах ёстой. Иймд “Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг өмнөх Засаг даргаас хүлээж аваагүй” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Д.М-ыг томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Д.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад даалгаж, Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэгэнт өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн, Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл түр томилогдсон байх тул Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Д.М-ыг томилсноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

“Д.М нь ёс зүйн хувьд Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд тэнцэхгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч ажил байдлын тодорхойлолт гаргаж өгсөн” гэх маргааны хувьд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй. Д.М нь сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй холбоотой арга хэмжээ авагдаж байгаагүй болох нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 360 тоот албан бичиг, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Д.М-ын ажил байдлын тодорхойлолтыг тухайн үед Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга болон сумын Засаг дарга нар гаргаж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Д.М-ыг буруутай гэж үзэхгүй. Түүнчлэн Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэж оруулсан, шалгалтын дүнг баталгаажуулсан, Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тухай Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, түүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан Онход Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад даалгаж, Д.М-ыг Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ