| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0266/Э |
| Дугаар | 246 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 246
2020 4 22 2020/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
Нарийн бичгийн дарга Г.С,
Улсын яллагч Ц.О,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн О овогт Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 2010005640342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 10-212 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О овогт Ц-ын Б /РД: ................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Дөрвөн бэрх” хотхоны хогийг ачиж байсан иргэн А.А-г “чи машин шахаж тавьлаа, та нар урд нь машин зурсан байсан” гэж хэрүүл маргаан гаргаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж биед нь зүүн дээд үүдэн 2,3-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би түргэн зангаасаа болж хүн зодож гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохиролд 900.000 төгрөг төлж өгсөн. Прокурортой ял тохиролцсон. Энэ ялаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж буруу зөрүү зүйлд холбогдохгүй нийгэмд биеэ зөв авч явна гэв.
2. Хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд: “ Миний хувьд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд жолооч ажилтай бөгөөд харьяа хороодын нутаг дэвсгэрээр явж хог ачдаг юм. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуваарьт ажлаа хийгээд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Дөрвөн бэрх хотхоны хогийг 17 цагийн орчим ачаад зогсож байсан. Мөн надтай хамт ачигч М хамт ажил үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл уг байрнаас махлагдуу бор царайтай залуу гарч ирээд “та нар дандаа машин шүргэдэг, дээр хүртэл зурсан байсан” гээд надруу уурлаад дайрсан. Би энэ үед машиндаа сууж байсан бөгөөд уг залуу дөхөж ирээд хаалга татаж онгойлгоод гишгүүр дээр гишгэн дээш гараад миний нүүрэн тус газарт нэг удаа мөргөчихөөд буцаад явсан.” гэх мэдүүлэг /хх-9-13х/,
3. Гэрч Ю.Э мөрдөн байцаалтын шатанд “... 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 4 бэрх хотхоны “Азийн 4 бэрх” СӨХ-ийн даргаар ажилладаг байсан. ..СӨХ-н хогийг ачих бүрт нь би хажууд нь харж зогсож байгаад хогоо ачуулдаг байсан. Ингээд тухайн өдөр 17 цагийн орчим хог ачих машин ирээд би гэрээс гараад хараад зогсож байсан. Хог ачих машин хогийн бункерлүү ухарч зогсоод ачигч нь хогоо ачиж байсан. Гэтэл орцноос нэг залуу эхнэрийнхээ хамт гарч ирээд хогийн машины жолоочид нь хандаж “чи машин шахаж тавьлаа, та нар урд нь машин зурсан байсан” энэ тэр гээд загинаад байсан. Тэгээд л шууд жолоочийн талаар явж очоод хаалгыг нь онгойлгоод дээш гараад жолоочийг нэг удаа нүүрэн тус газарт нь мөргөсөн. Энэ үед жолоочийн хамарнаас нь цус гарахаар нь тэр залууд хандаж “та нар яаж байгаа юм бэ, та нарын машинд огт хүрээгүй хүн гүтгээд” гэж хэлэхэд эхнэр нь нөхрөө аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг/хх-14-15х/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3217 дугаартай “...А.А -н биед зүүн дээд үүдэн 2,3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-21-22х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Дөрвөн бэрх” хотхоны хогийг ачиж байсан иргэн А.А-г “чи машин шахаж тавьлаа, та нар урд нь машин зурсан байсан” гэж хэрүүл маргаан гаргаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж биед нь зүүн дээд үүдэн 2,3-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч А.А нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт Ц-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М