Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 135/шш2017/00081

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01411/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ***** тоот *******-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй

                                                                                     

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* баг, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар******* холбогдох

 

5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаатар, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь ******** ТББ-ын кассын ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа албан үүргийн хүрээнд хэд хэдэн төслийн үйл ажиллагаанд зарцуулах зориулалттайгаар байгууллагын мөнгөн хөрөнгийг хариуцан ажиллаж байсан юм. Гэтэл тооцоо хаах явцад хуурамч баримт үйлдсэн, байгууллагын мөнгө дутаасан гэх зөрчил гаргасан байсныг илрүүлсэн тул тухайн үед дутаасан мөнгийг нөхөн төлүүлж ***** байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгож зохицуулсан болно. гэтэл байгууллагын мөнгийг буцаан төлүүлсний дараахан байгууллагын харилцах болон кассын хооронд хийгдсэн гүйлгээг шалгах явцад ******* нь байгууллагын данснаас 5 000 000 төгрөгийг касс руу зарлагдаж авсан нь байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон билээ.

Уг 5 000 000 төгрөгийг байгууллагын кассд орлогодож аваагүй, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан талаар санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй байгаа нь дээрх шалгалтын явцад илэрсэн юм. Тухайн 5 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаарын чекээр байгууллагын ХААН банк дахь 511 900 8896 тоот харилцах данснаас зарлагдаж авсныг ХААН банкны теллерүүд баталж байгаа болно.

 

Уг мөнгийг дутааснаас хойш бид ******* уг 5 000 000 төгрөгийг авч ашигласан гэж сэжиглэж байсан бөгөөд ХААН банкин дээр хийгдсэн тухайн өдрийн гүйлгээний бичлэгийг цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр үзэж болохыг банкны зүгээс сануулсан юм. Манай байгууллагын хувьд уг мөнгийг касс  байсан ******* авч ашигласан гэж хардаж байсан тул гол нотлох баримт болох банкны камерийн бичлэгийг нэн даруй шалгуулах, мөн зөрчлийг хууль зүйн хүрээнд шалгаж шийдвэрлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандаж гаргасан юм.

******* нь дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байхдаа уг мөнгийг авч ашигласан өөрийн гэм буруугаа хүлээж, байгууллагад учруулсан хохирлоо төлнө гэж амалсан тул манай байгууллагын хувьд ******* энэрэнгүй хандаж, Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, улмаар учруулсан хохирлоо гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан билээ.

Гэтэл ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ба графикийн дагуу 12 сард төлөх мөнгийг хугацаанд нь төлөх боломжгүй болсны улмаас 1 сарын төлөлтийн хугацаанд буюу 1 сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг болгон өсгөн төлнө гэсэн хүсэлтийг 2015 оны 12 сарын 25-ны өдөр и-мэйлээр ирүүлсэн болно. ******* нь бас л амласан хугацаандаа төлөөгүй ба төлнө гэж худлаа ярьж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-д зааснаар зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

******* нь бүрэн хариуцлагын гэрээтэйгээр хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахгүй манай байгууллагыг хохироосоор байх нь тодорхой болсон тул 5 000 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* байгууллагаас миний бие ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. учир нь уг байгууллагын данснаас 5 сая төгрөгийг зарлагдан авсан үйлдэл надад байхгүй. Нэхэмжлэлд тусгасан тооцоо хаах явцад мөнгө дутсан гэх асуудал нь Ховд аймагт болсон сургалтын зардлын зарцуулалттай холбоотой бөгөөд тооцоо хаах үйл явцад төслийн зохицуулагч болон төслийн менежерийн хувийн үзэл санаатай холбоотой. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тухайн ажиллагаанд гарсан зардлын бүх санхүүгийн баримт нь хүчин төгөлдөр татвар төлөгчийн дугаар бүхий тамга тэмдэгтэй байсан болно. Ийм байтал үндэслэлгүйгээр баримтуудыг тооцохгүй гэж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн надад төлбөр ногдуулсан. Би надад ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч миний ээж болох Д.Бямбаагаар 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлүүлсэн байдаг. Миний хөдөлмөрийн гэрээний  хугацаа 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

5 сая төгрөгийн зарлагын гүйлгээний хувьд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад ******* утсаар ярьж мэдэгдсэн. Хэрэг явдал 2015 оны 6 дугаар сард болсон байхад бүтэн 1 улирлын дараа надад мэдэгдэхэд миний бие хүлээн зөвшөөрөхгүй, мөн хуулиар хүлээх эрх үүргийн харилцаа дууссан болохыг мэдэгдсэн боловч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногт надтай утсаар ярьж мэдүүлэг авахаар дуудсан. Энэ үед надад маш их сэтгэл санааны дарамт учруулсан тул аргагүйн эрхэнд би цагдаагийн байгууллагаар удаан явж чадахгүй гэдгээ илэрхийлж, цагдаагаас салах хүсэлт тавихад албан шахалтаар ямарч нотлох баримтгүйгээр банкны гүйлгээний хэргийг тулгасан. Би өөрийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тухайн гүйлгээ хийсэн гэх ХААН банкны гүйлгээний бичлэгийг үзэх хүсэлтийг цагдаад гаргасан боловч камерийн бичлэгийн хадгалах хугацаа 90 хоног тул ямарч боломжгүй гэсэн хариу авсан. Тухайн үед банкны харилцах дансны үлдэгдэл нь 5 сая төгрөг хүрэхгүй байсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа. ******* байгууллага нь санхүүгийн дотоод хяналтаа 15 хоног тутам явуулдаг байсан. Гэтэл яг энэ гүйлгээг яагаад 3 сарын дараа сөхөж гаргах болсон юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Намайг маш их сэтгэл санааны дарамтанд оруулсан учир би хуулийн мэдлэг дутмаг байсан тул төлөх талаар хүсэлт гаргасан ба үүндээ маш их харамсаж байгаа. Би тухайн үедээ аваагүй, мөнгө төлөхгүй гэдэг байр сууриа хадгалах ёстой байсан юм. Цагдаагийн байгууллагаар нотлогдоогүй зүйлийг буюу үндэслэлгүй энэ хэргийг надад тохож дарамталсанд гомдолтой байна.

Мөн уг нэхэмжлэлд “******* бүрэн хариуцлагын гэрээтэйгээр хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахгүй манай байгууллагыг хохироосоор байх нь тодорхой болсон тул” гэжээ. Миний уг байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон бөгөөд цаашид би энэ байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байтал” ...манай байгууллагыг хохироосоор байх нь тодорхой болсон тул гэж гүтгэлэгийн шинж чанартай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газар нь хариуцагч ******* холбогдуулан байгууллагад учруулсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *******-гын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Квентин Морро нь шүүхэд төлөөлөх эрхийг ******** Олон Улсын Төрийн бус байгууллагын Бүгд Найрамдах Чех Улсын Прага хот дахь төвөөс итгэмжлэлээр авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газрын Дархан хотод төслийн менежер, кассын албан тушаалд  хариуцагч ******* нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-15 хуудас/

 

Хариуцагч ******* нь *******-гын төлөөлөгчийн газрын кассын албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагатайгаа 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Бэлэн мөнгө болон үнэт зүйлийн хариуцлагын гэрээ“ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 16-19 хуудас/

 

Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газар нь өөрийн байгууллагын Хаан банк дахь 2119008896 дугаартай харилцах дансны гүйлгээнд дотоод шалгалт явуулсан байх бөгөөд шалгалтаар касс ******* нь тус байгууллагын данснаас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр чекээр авсан 5 000 000 төгрөгийн хаалт хийгээгүй зөрчил илэрсэн болох нь хэрэгт авагдсан шалгалтын хуудас, чекийн үлдэх хуудас, шилжүүлэгийн мэдээлэл, Хаан банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-41 хуудас/

 

Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газар нь ******* төлбөрөө төлөхийг шаардаж 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Мэдэгдэл хүргүүлж, улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* шалгуулахаар гомдол гаргаж, ***** 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 42-44 хуудас/

 

Хариуцагч ******* нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газарт хандаж төлбөр төлөх хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 15 хүртэл сунгах талаар хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 45 хуудас/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газрын 2015 оны 2-р улирлын санхүүгийн тайланг ирүүлсэн байна. /хх-ийн 100-110 хуудас/

 

Мөн нэхэмжлэгч Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газар нь нотлох баримтаар ******* Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд ...яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 121-126 хуудас/

 

Хариуцагч ******* нь 5 000 000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банкаас ирүүлсэн нотлох баримт болох 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаар чекийн банкинд үлдэх хэсгийн *******ын гарын үсэг бүхий хуулбар хувийг хариуцагч банкны ажилтан хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар хариуцагч *******ооос 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газарт олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газар, хариуцагч ******* нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгчийг төлөөлж , , хариуцагчийг төлөөлөгч Л.Энхбаатар  шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                        

1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-гын төлөөлөгчийн газарт олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА