| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0304/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 284
2020 5 06 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
Нарийн бичгийн дарга М.С,
Улсын яллагч Ц.О,
Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Н.Э /ҮД:1703/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Т овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Энержи кастль констракшин” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 2-6 настай 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 54 дүгээр гудамжны 16 тоотод оршин суудаг, /РД:аг92051431/, Т овогт Г-ын Б.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2-55 тоотод оршин суух иргэн О.Х-ы гэрээс хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн “Haier” брэндийн 32 инчийн зурагт хулгайлан 230 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Би согтуудаа 2020 оны 3 дугаар сарын 24-ний орой манай хашааны эзний гэр эзгүй байхаар нь яваад орчихсон. Гэрээс нь зурагтыг нь авч гараад Нисэхийн 7 дугаар сургуулийн хашаанд ороод унтчихсан байсан. Гэртээ ирээд зурагтыг нь унтаж байсан газартаа үлдээснээ санаад нөгөө газраа очтол алга болчихсон байсан. Гүн согтсон үедээ ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж ял тохиролцсон. Хохирогч О.Х-нд телевизорын үнэ 230.000 төгрөгийг төлж өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...баруун гар талын эхний монгол гэртэй айл байв. Гэрийн хаалганы цоожинд эвдрэл гэмтэлтэй эвдлэгч багаж хэрэгслийн мөрийг гэрэл зургын аргаар бэхжүүлэн ... хоймор хэсэгт саарал өнгийн зурагтны тавиур нь дээр зурагт байсан гэх газрыг в үсгээр тэмдэглэл үйлдэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан...” гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10х/,
3. Хохирогч О.Х мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед гэрээсээ аав болон хамаатны эгч, дүүгийн хамт гарч явсан юм. Маргааш өглөө нь манай аав 5 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга эвдэрсэн зурагт алдагдсан, хулгай орсон байна гэхээр нь гэртээ ирэхэд хаалга эвдэрсэн зурагт байхгүй байсан. Зурагтаа 1 жилийн өмнмө Некст электроникс худалдааны төвөөс 340.000 төгрөгөөр авч байсан. Г.Б хохиролоо бүрэн барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-17х/,
4. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Дамно ХХК-ийн ХУ2-20-194 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35х/,
5. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-13х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2-55 тоотод оршин суух О.Х-ы гэрээс хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн “Haier” брэндийн 32 инчийн зурагт хулгайлан 230 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Б гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг шүүгдэгч Г.Б г нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж дүгнэж байгаа болон бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, Г.Б гийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч О.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт Г-ын Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Баасансүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М