| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0307/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.М |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 297
2020 5 08 2020/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
Нарийн бичгийн дарга М.С,
Улсын яллагч Т.М,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ын Д-ид холбогдох эрүүгийн ..........дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой,бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял авч мөн 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Б-ын Д /РД:ЧП........./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инглиш паб-д хохирогч Г.Б-тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцсон. Хохирогчид 240.000 төгрөг төлсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Инглиш пабд найз нарын хамт “Горденс жим” гэх нэртэй 1 шил архи аваад хувааж ууж байхад 21 цагийн үед найз охин н.М ирсэн. Тэгээд шөнийн 01 цагийн үед тооцоогоо хийгээд гарах гэхэд үүдэнд манай найз охин Мөнхтогоог үл таних эрэгтэй хүн өдөөд байхаар нь би маргалдаж улмаар бие биенийгээ цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Энглиш паб-д найзуудтайгаа уулзахаар ирээд юм ярьж байгаад Д болон бусад найзуудтайгаа тамхилахаар гарч яваад тамхилж дуусаад буцаж орж байхад Д нь махлаг шар царайтай залуутай барьцалдаж аваад зууралдаад байхаар нь салгаад холдуулахад Д ийг цааш паб руу оруулаад нөгөө хүнийг явуулаад паб руу ороход дотор бас хүмүүс маргалдаад байсан. Тэгээд Д ийг ариун цэврийн өрөөний үүдэнд байлгаж байхад цагдаа нар орж ирээд хүмүүстэй уулзаж байгаад Д ийг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
4. Гэрч Б.Чинзориг мөрдөн байцаалтын шатанд... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Энглиш паб-д найзуудтайгаа уулзаж задгайгаар пиво, Эдэн нэртэй цагаан архи зэргийг хувааж уугаад гарч тамхилхаар гараад Д буцаад орж байхдаа нэг эмэгтэй хүнтэй юм ярьж байхад үл таних залуу араас нь ороод чанга дуугаар хэрэлдээд байхаар нь араас нь ороход тэр хоёрыг хүмүүс салгаад байж байсан. Тэгээд Б.Д-ийг цагдаа нар аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 14231 дугаартай “...Г.Б-ны биед эрүү ясны баруун талын өнцөг дайрсан зөрүүгүй шугаман хугарал, хамрын хажуу хананы цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, эрүү, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инглиш паб-д хохирогч Г.Б-тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг дэх шүүгдэгчийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Д ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Д ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч Г.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийг 1200 нэгж буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д ид оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М