Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0401/З |
Дугаар | 221/МА2021/0575 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0575
Г.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э, М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Тооллогын комиссод тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “... Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн гаргасан “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийн Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Г.Г-ийн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Тооллогын комиссод холбогдох захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрт давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж байна.
Ийнхүү гомдлоосоо татгалзаж байгаатай холбоотой үүсэх үр дагаврыг бүрэн ухамсарлаж байгаа болно.” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах гомдлыг гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.
Үүнд “Үндэсний зөвлөл болон Тооллогын комисс сонгон шалгаруулалтыг явуулахдаа, мөн түүнчлэн шалгуур үзүүлэлтийн үнэлгээг нэгтгэж, нэгдсэн дүнг гаргахдаа дараах байдлаар хууль, журмыг зөрчсөн буюу сонгон шалгаруулалтад баримтлах процедурын шаардлага /due process/-ыг хангаагүй байна, ... Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр явуулсан Олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлыг томилох сонгох шалгаруулалт нь анхнаасаа сонгон шалгаруулалтад баримтлах процедурын шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж явагдсан болох нь тогтоогдсон тул тухайн сонгон шалгаруулалтаар бодит байдал дээр хамгийн өндөр санал авсан Г.Г, А.Б нарын дунд дахин санал хураалт явуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тодруулбал, “хууль, журмыг зөрчиж явуулсан сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг хууль ёсны гэж үзэх боломжгүй тул Олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлыг томилох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, хуульд нийцүүлэн явуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
Дэлгэрүүлбэл, шүүх Г.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтад дүгнэлт өгсөн ба, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг, уг зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр, мөн хариуцагч болоод гуравдагч этгээдээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь, нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий захиргааны актад хамаарах гомдлыг Авилгатай тэмцэх газар (хариуцагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч этгээд биш бөгөөд уг нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй болно)-т гаргасан бөгөөд уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Олон нийтийн радио, телевизийн дэд захирлаар эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан хирнээ “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд даалгуулах тухай” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь өөрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд эрхээ хэрхэн сэргээлгэх гэж байгаа нь ойлгомжгүй байхад, түүнчлэн иргэний болон захиргааны хэргийн шүүх, Авилгатай тэмцэх газарт маргаан бүхий захиргааны актад хамааралтай гомдол, нэхэмжлэл гаргасан эсэхийг шүүх тодруулах ёстой байв. Эдгээр үйл баримттай холбоотой нотлох баримтыг хариуцагч болоод гуравдагч этгээдээс гарган өгөх боломжгүй байсан ба хариуцагчаас нотлох баримтын эх сурвалжийг зааж, шүүхээр гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах чиг үүргийг хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зөрчигдөхөд хүргэжээ.
Түүнчлэн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар одоо ажиллаж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ц.Нг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асууж, түүний мэдүүлгэд тулгуурлан хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч М.Б нар давж заалдах гомдолдоо: “Гуравдагч этгээд А.Б-ын өмгөөлөгч М.Б би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэртэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам” зэргийг зөрчиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй тухайд.
1.1 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.7-д “... Үндэсний зөвлөл болон түүний тооллогын комисс сонгон шалгаруулалтыг явуулахдаа, мөн түүнчлэн шалгуур үзүүлэлтийн үнэлгээг нэгтгэж, нэгтгэсэн дүнг гаргахдаа дараах байдлаар
хууль, журмыг зөрчсөн буюу сонгон шалгаруулалтад баримтлах процедурын шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.” гэжээ.
Гэтэл Үндэсний зөвлөл Ерөнхий захирлыг сонгон шалгаруулахдаа журамд заасан процедурын алдааг гаргаагүй, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам”-д заасан үе шат, дарааллын дагуу явагдсан гэж үзэж байна.
Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам”-д 10.7-д зааснаар Үндэсний зөвлөл нь ажлын хэсэг /тооллогын комисс/-ийн тайлан мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр журмын 10.7.4, 10.7.5-д тус тус заасны дагуу үнэлгээ өгч нууцаар санал хураахаар зохицуулсан байна.
Гэтэл журмын холбогдох хэсгийг илтэд буруу тайлбарласан. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.8-д “...Үндэсний зөвлөлийн гишүүд шалгуур үзүүлэлтэд оноо өгөхдөө илээр өгөхөөр зохицуулагдсан...”, 2.9-д “Хэрвээ нууцаар үнэлгээ өгөх байсан бол Үндэсний зөвлөлийн гишүүд горимын санал гаргаж дэмжигдсэн тохиолдолд зөвшөөрөгдөх байжээ.” гэж тус тус дүгнэсэн нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Олон радио, телевизийн ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг ноцтой зөрчсөн буюу илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
1.2 “Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам”-д Үндэсний зөвлөл болон Тооллогын комиссын гишүүд нэр дэвшигч нарт оноогоо хэрхэн өгөх, оноог хэрхэн бодож нэгдсэн дүнг гаргах арга зэргийг тусгаж өгөөгүй байна. Мөн энэ талаар ямар нэгэн баримт бичигт огт дурдагдаагүй байна. Иймд энэ нь тухайн хүний буюу Үндэсний зөвлөл, тооллогын комиссын гишүүдийн өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал буюу хэнд, хэдэн оноо өгөхөө гишүүд өөрсдөө шийдэх юм.
Мөн шүүгч үзэхдээ “Нээлттэй /илээр/ санал хураах боломжтой байсан” гэж дүгнэсэн бөгөөд хэрэв Үндэсний зөвлөл болон Тооллогын комисс илээр дүнг гаргасан бол Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг зөрчих байсан.
Нэгэнт хууль болон дүрэм, журмаар зохицуулагдаагүй харилцаа учир шүүгч түүнийг ийм байдлаар шийдвэрлэх байсан гэж үзэж өөрийн аргаар оноог бодож түүнээс нь өөрөөр бодсон зөвлөлийн гишүүд болон Тооллогын комиссын гишүүдийн аргыг буруу гэж дүгнэх ямар ч боломжгүй.
Иймд дээрх шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангахгүй.
Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэр нь “... хэрэглэх ёстой хуулийг зохих ёсоор тайлбарлан хэрэглээгүй...” гэж үзэж байна.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан этгээдүүдийг оролцуулаагүй тухайд.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийн 2.14 дэх хэсэгт “...нэхэмжлэгч Г.Г төдийгүй түүнтэй хамт нэр дэвшсэн Р.Г, М.А, А.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдалд хүргэсэн байна гэж шүүх дүгнэлээ...” гэжээ.
Шүүх өөрийн санаачилгаар хийх ажиллагаануудаа хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчээс гарган өгсөн, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Үүнээс үзэхэд шүүх Р.Г, М.А, А.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдалд хүргэсэн байдлыг тогтоосон атлаа гуравдагч этгээдээр А.Б-ыг татаж нөгөө 2 хүнийг нь орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна...” гэж заасныг зөрчсөн эс үйлдэхүй байна гэж үзэж байна.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Тооллогын комиссын гишүүн Д.О-Э, М.У нараас гэрчийн мэдүүлэг аваагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн тухайд.
Тооллогын комиссын гишүүн Д.О-Э, М.У нараас маргаан бүхий Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн дүн, нууц санал хураалтын талаар гэрчээс мэдүүлэг аваагүй нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, хэргийн оролцогчийг татан оролцуулаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Шүүх нотлох” зарчмыг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.
Үндэсний зөвлөлийн болон Тооллогын комиссын гишүүд оноогоо өгөхдөө, дүнгээ бодохдоо ямар арга ашигласан гэдгийг шүүгч тодруулаагүй. Энэхүү нөхцөл байдлыг тодруулахын тулд Үндэсний зөвлөлийн гишүүдээс мэдүүлэг авах, гэрчээс асуух ёстой байтал энэхүү ажиллагааг хийгээгүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор шийдвэрлэх, шүүх нотлох баримт цуглуулах зэрэг үүргүүдээ шүүх биелүүлэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
1. 507 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Ц.Н-г гэрчээр асуулгах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг удирдлага болгон мөн зүйлийн 37.10.1-д зааснаар Ц.Н нь хэргийн оролцогчийн төлөөлөгч биш болсон тул гэрчээр мэдүүлэг авахад харшлах зүйлгүй бөгөөд нотолгооны ач холбогдолтой гэж үзэн хангаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй” гээд 37.10.1-д “Үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж заасныг, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Дараахь этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно”, 29.1.2-т “Гуравдагч этгээд, гэрчээр оролцсон этгээд” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн.
Хариуцагч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга ажилтай Б.Н-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж Б.Н нь хэргийн оролцогчийн хувиар нэхэмжлэлийг гардан авч, хэргийн материалтай танилцаж хэргийн нөхцөл байдлын талаар бүхэлдээ мэдэх болсон.
Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж шүүх хэт нэг талыг барьж талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж гэрчийн мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан Ц.Н-гийн “... Г.Г-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тооллого алдаатай болсон гэдгийг мэдэж байсан. Би ажлын цаг дууссаны дараа хуулж авсан хувь дээрээ тоолж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-162 дугаар хуудас/ “... Г.Г-д дүнгийн хүснэгт дээр сонгон шалгаруулалтын тооллогын комиссын дүнг алдаатай байна гэж хэлсэн...” /хх-163 дугаар хуудас/ “...1 дүгээр тогтоол гаргаагүй, гаргая гэж бэлдсэн...” /хх-163 дугаар хуудас/ гэх мэт гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэр гарахад шууд нөлөөлсөн болно.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.М-Э нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4741 дугаартай “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” шүүгчийн захирамж гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн.
Шүүхээс бие даан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд, бие даан шаардлага гаргах эрхгүй гуравдагч этгээд аль болохыг тодорхой захирамждаа дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, хүлээнэ” гэсэн хуулийн заалт ноцтой зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, А.Б-ын эрх ашиг нь хөндөгдсөн бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай байсан.
Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд үү, бие даасан шаардлага гаргах эрхгүй гуравдагч этгээд үү гэдгийг шүүгч гуравдагч этгээдээр татсан захирамждаа тодорхой дурдсаны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 болон 22.4-т заасан аль эрхийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг тодорхойлж өгдөг бөгөөд энэ шаардлагыг хангаагүй.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн тунхагласан.
Хууль дээдлэх зарчим гэдэг нь төрийн захиргааны байгууллагууд хуульд захирагдах, гаргаж байгаа бүх шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх зарчим юм. Энд хүн бүрт тэгш хандах мөн адил хамаардаг. Өөрөөр хэлбэл бусдын эрхийг хөндсөн аливаа шийдвэр нь заавал хуулийн үндэслэлтэй байх, захиргааны бүхий л шийдвэр эрх зүйн зөрчилгүй байх зарчим юм.
Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана гэдгийг онцгой анхаарах шаардлагатай.
Гэтэл 507 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг дурдалгүй зөрчсөн нь хуулийн ноцтой алдаа болсон төдийгүй нөгөө талаараа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.
Иймд 507 дугаар шийдвэр нь “... хэрэглэх ёстой хуулийг зохих ёсоор тайлбарлан хэрэглээгүй...” гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан татгалзлыг, мөн түүний гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтэд дурдсан баримт нь хэрэгт шууд ач холбогдолгүй” гэж үзэж хүсэлтийг тус тус хангахгүй орхисныг дурдах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.4-т “...түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн.
5. Шүүхийн шийдвэрт “... процедурын шаардлага /due process.../ хх-174 дэх тал/ гэдэг үгийг удаа дараа ашигласан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүн таслах ажиллагааг Монгол хэлээр явуулна” гэснийг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна...” гэснийг тус тус зөрчсөн байна.
Энэ нь хэргийн оролцогч нарт ойлгомжгүй байдлыг бий болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах наад захын шаардлага хангаагүй, ноцтой зөрчил бий болгосон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийн Тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн дүн /2021/, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Г-ийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.
1. Нэхэмжлэгчийн “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн Тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн дүнг /2021/ хүчингүй болгуулах” шаардлагын тухайд.
Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд захиргааны үйл ажиллагаа захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор хуульчилснаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн Тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн дүн /2021/ захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул энэхүү шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид шууд эрх олгосон, эсхүл үүрэг болгосон, эрх зүйн харилцааг шууд дуусгавар болгосон, өөрчилж зохицуулсан болон захирамжилсан шинжийг агуулаагүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулалтын дүнг тоолох дотоод зохион байгуулалтын чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Тооллогын комисс нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй, тус комиссын гаргасан шийдвэр буюу нэгдсэн дүн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй, үүгээр нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн “Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг томилох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Г-ийг “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам”-ын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” шаардлагын тухайд.
Анхан шатны шүүх “... дурдсан заалтад шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлгээ өгөхдөө нууцаар өгнө гэж заагаагүй байх бөгөөд үүнээс үзвэл журмын дагуу Үндэсний зөвлөлийн гишүүд шалгуур үзүүлэлтэд оноо өгөхдөө илээр өгөхөөр зохицуулагдсан гэж үзнэ, ... хэрвээ нууцаар үнэлгээ өгөх байсан бол энэ тухай Үндэсний зөвлөлийн гишүүд горимын санал гаргаж, дэмжигдсэн тохиолдолд зөвшөөрөгдөх байжээ” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал /цаашид “Ерөнхий захирал” гэнэ/-ыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно.”, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 10.7.5-д “Нэр дэвшигчдийн дунд нууц санал хураалт явуулж, ерөнхий захирлыг сонгох” гэж тус тус зааснаас үзвэл тус телевизийн Ерөнхий захирлыг сонгохдоо нууц санал хураалт явуулах талаар хууль болон журамд тодорхой заасан тул хариуцагчаас ийнхүү санал хураалтыг нууцаар явуулсныг буруутгах боломжгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “... тооллогын комисс нь тухайн өдрийн хуралдаанд оролцсон 15 гишүүнээс өгсөн 15 ширхэг Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур, үзүүлэлт дүн /2021/ хуудас дахь онооны нийлбэрийн үнэн зөв байдалд хяналт тавьж, хэрвээ зөрүүтэй нийлбэр гарсан бол тэдгээрийг засан залруулах талаар Үндэсний зөвлөлд асуудал тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй, ... бодит байдалд нэр дэвшигч Р.Г нь нийт 577 оноо биш, 572 оноо, нэр дэвшигч М.А нь нийт 571 оноо биш, 572 оноо, нэр дэвшигч А.Б нь нийт 571 оноо биш, 574 оноо, нэр дэвшигч Г.Г нь нийт 571 оноо биш, харин 575 оноо авсан” гэж дүгнэснийг шууд үгүйсгэх боломжгүй ч энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь талууд дээр дурдсан онооны зөрүүний талаар маргаагүй бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч хамгийн өндөр буюу 575 оноо авсан гэж үзэж болох ч Үндэсний зөвлөлийн гишүүдийн хэлэлцэж шийдвэрлэснээр гурван нэр дэвшигч ижил оноо авсан гэсэн үндэслэлээр Р.Г, М.А, А.Б, Г.Г нарын дунд явуулсан санал хураалтад нэхэмжлэгч Г.Г оролцсон байх тул түүний санал хураалтад оролцох эрх хэрэгжсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Тооллогын комисс Үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн шалгуур үзүүлэлтийн онооны нийлбэр, түүний үнэн зөв байдалд бүрэн хяналт тавьж ажиллаагүй буруутай үйл ажиллагаа байх боловч хариуцагч Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлөөс дээрх 4 нэр дэвшигчийн дахин санал хураалтад оролцож өрсөлдөх эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй бөгөөд нэхэмжлэгч уг санал хураалтад оролцож хамгийн өндөр үнэлгээ авсан хоёр нэр дэвшигчийн нэг нь болж чадаагүй учраас дараагийн шатны нууц санал хураалтад оролцоогүй байна.
“Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 10.10-д “ Хуралдаанд оролцож байгаа Үндэсний зөвлөлийн гишүүдээс энэ журмын 10.9-д заасан үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авсан хоёр нэр дэвшигчийн дунд нууц санал хураалт явуулна”, 10.9-д “Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа гишүүн энэ журмын 10.7.3-д заасан жагсаалтад заасан нэр дэвшигч тус бүрд энэ журмын гуравдугаар хавсралтад заасан үзүүлэлт тус бүрээр үнэлгээ өгнө”, 10.7.3-д “Нэр дэвшигчийн жагсаалтыг эцэслэн батлах” гэж тус тус зааснаас дүгнэхэд нэгэнт нэхэмжлэгч дээрх зохицуулалтад заасны дагуу санал хураалтад оролцсон боловч олонхийн санал авч чадаагүй тул “... хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “... эхний санал хураалтад 575 буюу хамгийн өндөр оноо авсныг тогтоож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэсэн атлаа “... шалгаруулалт нь анхнаасаа сонгон шалгаруулалтад баримтлах процедурын шаардлагыг хангаагүй /нууцаар санал хураасан/, хууль зөрчиж явагдсан болох нь тогтоогдсон тул тухайн сонгон шалгаруулалтаар бодит байдал дээр хамгийн өндөр санал авсан Г.Г, А.Б нарын дунд дахин санал хураалт явуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хариуцагчаас сонгон шалгаруулалтыг нууцаар явуулсан нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй, сонгон шалгаруулалтыг дахин зарлаж явуулсан ч нэхэмжлэгч өндөр оноо авна гэх баталгаагүй, нөгөөтэйгүүр ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
3. Анхан шатны шүүх хариуцагч Үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ц.Н-г эрх, үүрэг танилцуулалгүйгээр гэрчээр асуусан, хэргийн оролцогчдын нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод гомдол гаргах эрхийг олгоогүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан ч шүүхийн шийдвэрт Ц.Н-ийн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, мөн эдгээр зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.
Хариуцагч болон гуравдагч этгээд А.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э нарын “...Р.Г, М.А, А.Б нарын 3 нэр дэвшигчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан, Тооллогын комиссын гишүүн Д.О-Э, М.У нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, ... хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж гомдлын тухайд.
Хариуцагч, гуравдагч этгээд нараас гаргуулахыг хүссэн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй, сонгон шалгаруулалтын дүнгийн засвар, оноотой холбоотойгоор Д.О-Э, М.У нарыг гэрчээр асуусан ч хариуцагчаас нэгэнт өөрт байгаа баримтаа шүүхэд ирүүлсэн, дээрх гэрч нар нь дүнгийн тооцооллын үнэн зөвийг баттай гэрчилж, тус мэдүүлгээр дүнг тогтоох боломжгүй, нэгэнт шүүх тус телевизийн Ерөнхий захирлаар томилогдсон А.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан тул дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч хэргийн үйл баримт, нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, ингэснээр хэргийн оролцогчдод цаг хугацаа алдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болохоор байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б нарын гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй.” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-оос анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан ч гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө уг гомдлоосоо татгалзсан хүсэлтээ бичгээр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг баримтлан Г.Г-ийн “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Г-ийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, мөн Тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн Тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн дүнг /2021/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б нарын гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, гуравдагч этгээд А.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.2-т тус тус зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа илүү төлсөн 70 200, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 507 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ыг гомдол гаргаагүйд тооцсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН