Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

 

2020             5            13                                            2020/ШЦТ/308

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М  даргалж,

Нарийн бичгийн дарга М.С,

Улсын яллагч Б.Х,

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Г овгийн А-ийн Н-д холбогдох эрүүгийн ....................дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 89-69 тоотод оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж одоо уг ялыг биечлэн эдэлж байгаа, Г овгийн А-ийн Н, /РД:............./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 89-69 тоот гэртээ  хамтран амьдрагч Ж.Д-г  алгадах, түлхэж унагах зэргээр биед нь халдаж түүнд баруун шуу, бугуй, баруун зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, 2 чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэлийг биед нь учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.Н шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр өөрийгөө өмгөөлж оролцоно. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Гэхдээ архи их уусан учраас согтолт өндөртэй байсан. Ямар ч байсан эхнэртэйгээ муудалцаад түүнийг түлхэж зодож байснаа санаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурортой 450000 төгрөгөөөр торгох ял тохирсон. Эхнэрээсээ уучлалт хүссэн, маш их гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

2. Хохирогч Ж.Д  мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 02 дугаар сарын 26-ны шөнө манай нөхөр А.Н босоод ор руугаа шээж байхаар нь “яаж байгаа юм бэ” гэхэд ойлгох чадваргүй согтуу байсан. Би уурлаад ор руугаа шээлээ гээд загнасан. Тэгээд маргалдаж байгаад намайг 2 удаа алгадсан. Түлхэж унагаасан. А.Н миний биед 2 чих, уруул, шүдэнд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-19/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Ч-ын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3043 дугаартай “...Ж.Д ийн биед баруун шуу, бугуй, баруун зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, 2 чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

4. А.Н-н иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-ийн 31-59/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 89-69 тоот гэртээ  хамтран амьдрагч Ж.Д-г  алгадах, түлхэж унагах зэргээр биед нь халдаж түүнд баруун шуу, бугуй, баруун зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, 2 чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэлийг биед нь учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг дэх шүүгдэгчийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.    

 

Шүүгдэгч А.Н-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Ж.Д  нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, А.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд шүүгдэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж 165000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овгийн А-ийн Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар А.Н-н энэ хэрэгт цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, 285000 төгрөгийг, торгох ялын 450000 төгрөгөөс хасч  тооцож, үлдэх 165000 төгрөгийг төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Н нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

6. А.Н-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир урьдчилан 19 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М