Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

2020             5            11                                            2020/ШЦТ/307

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Н-гийн Б-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Хан хур ХХК-д туслах ажилтан, ам бүл 3, эмээ, ахын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 20 дугаар гудамжны 705 тоотод оршин  суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-гийн Б, /РД:.................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 20 дугаар гудамжинд иргэн Б.Ч-тэй  маргалдаж, улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би түргэн зангаасаа болж хүн зодож гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Прокурортой ял тохиролцсон. Энэ ялаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж буруу зөрүү зүйлд холбогдохгүй нийгэмд биеэ зөв авч явна гэв.

2. Хохирогч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд: “...Н.Б-г  “1 шил архи авчих” гэтэл Н.Б  “надад мөнгө байхгүй” гээд худлаа хэлээд байсан юм. Тэгээд бид хоёр маргалдсан. Би Б-г  заамдаж байгаад цааш нь түлхсэн чинь Н.Б  газарт байсан архины шилийг аваад миний толгой руу 1 удаа цохиж толгой хагалсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12- р хуудас/,

 

3. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд “...Б.Ч  Н.Б эр архи авуулах гээд мөнгө нэхээд байсан. Н.Б  надад мөнгө байхгүй гэтэл чамд Д.Гантулга 20.000 төгрөг өгсөн биздээ гээд маргалдаж байгаад Б.Ч  Н.Б-г  нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тэгтэл Н.Б газарт байсан архины шилийг аваад Б.Чамин-Эрдэнийн толгой руу архины шилээр 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3912 дугаартай шинжээчийн “...Б.Ч-ийн биед тархи доргилт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 20 дугаар гудамжинд иргэн Б.Ч-тэй  маргалдаж, улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч Н.Б-ний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Н.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ч  нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г  450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Н.Б д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М