Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

2020              5            14                                            2020/ШЦТ/309

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга М.С,

Улсын яллагч Б.Б,

Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Б.Эр /ҮД:2606/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт Г-ын Г-д холбогдох эрүүгийн 2002001830145 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 4-218 тоотод оршин суудаг, урьд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 cap баривчлах ялаар,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Г-ын Г /РД:У3................./.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0,0158 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байгаадаа гэмшиж байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцсон. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

 

2. Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Мөрдөн байцаах албаны 4 давхрын 00-н өрөөнд 2020 оны 03-р сарын 18-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн: “...М.Д  нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж 404 тоот өрөөнд байхдаа Г.Г-н гуйлтын дагуу халааснаас нь ууттай зүйл авч 00-ын суултуур руу хийсэн гэж заасан учир үзлэг хийхэд Мөрдөн байцаах албаны 4 давхрын бие засах өрөө рүү орж зүүн гар тийш эргэн эрэгтэй бие засах өрөө рүү ороход М.Д  хүрэн өнгийн хаалттай суултуур руу гялгар ууттай өвсийг асгаж суултуурын усыг татаж урсгасан, гялгар уутыг нь суултуурын ар талаар хийсэн гэж заахад суултуурын ар хэсгээр 13,5x9 см хэмжээтэй, зиплок түгжээтэй гялгар уут, ёроол хэсэгт нь бага хэмжээний нунтаг ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл байхыг хураан авч гэрэл зургаар бэхжүүлэн авав....0,7 грамм жинтэй байв....’’ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 7-12 хуудас/,

 

3. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Г.Г-н биеэс биологийн дээж /шээс/ авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад тетрагидроканнабинолын агууламжтай бодис илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 хуудас/,

 

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай “Эрүүгийн 2002001790126 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийх үед хийсэн биед үзлэг хийх, шээсний тест ашиглах үед Самсунг Редми маркийн гар утсаар бичлэг хийж Ди Ви Дид хуулсан 4 хэсэгт нийт 5 минут 03 секунтын бичлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон цэвэр 0,158 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай" гэсэн мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол /хх-ийн 27 хуудас/,

 

5. Гэрч М.Д-н  2020 оны 3-р сарын 18-ны өдрийн: “ Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд мансууруулах бодис хадгалсан үндэслэлээр Хар тамхитай тэмцэх газарт баригдсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны 14 цагийн үед Хар тамхитай тэмцэх газрын 404 тоотод ирэхэд уг өрөөнд манай найз Б тэгээд бас үл таних улаан өнгийн куртиктэй гартаа гавтай 20-25 орчим насны эрэгтэй хүн, цаад талд нэг байцаагч утсаар яриад зогсож байсан. Тэгтэл нөгөө улаан өнгийн куртиктэй гартаа гавтай байсан залуу над руу хараад “миний баруун халаасанд байгаа, гялгар ууттай өвсийг гялс аваад 00-н өрөө рүү оруулаад усыг нь татчих тэгэх үү? хэрэв тэгэхгүй бол ял авах гээд байна гэж” надаас гуйхаар нь би куртикных нь баруун талын халаас руу гараа хийхэд зиплок гялгар ууттай өвс байхаар нь аваад уг өрөөнөөс гараад 4 давхрын 00-н өрөө орж, гялгар уутнаас нь гаргаад 00 руу хийгээд усыг нь татаад гялгар уутыг нь араар нь хаяад буцаад 404 тоот өрөөнд орж ирсэн гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 хуудас/ ,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1815 дугаартай“...шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий “Г.Г-н хэргийн газраас хураагдсан өвс мэт зүйл 2020.03.18” гэж хаягласан 0,0158 грамм өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илрэв.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.

Шинжилгээнд ирүүлсэн “Г 2020.03.18” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36 хуудас/,

7. Г.Г-г хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 371 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 3 дугаар сарын 18- өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0,0158 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Г.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг шүүгдэгч Г.Г  нь хүлээн  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшин дүгнэж байгааг харгалзан прокурортой тохирсон ялыг үндэслэлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Г.Г-н хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй ба шүүгдэгч нь 1 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-н баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ди Ви Ди-г хэрэгт хавсарган хадгалж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт өрөөнд хадгалагдаж буй цэвэр 0,158 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйлийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г- д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М