Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 333

 

.:

 

 

 

 

 

 

2020             5            27                                            2020/ШЦТ/333

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Анхбаяр /ҮД:3053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2010000000446 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн, 1........ оны ...... дүгээр сарын ........-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, .......настай, эрэгтэй, дээд боловсролтой, харилцаа холбооны удирдлага мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл .........., хадам ээж, эмээ, эхнэр, хүүхдийн хамт, ................ тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.М, /РД:............./.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Магнолия” зочид буудлын 810 тоот өрөөнд ....... маргалдан улмаар түүний баруун нүд рүү нь архи ууж байсан шилэн аягаараа цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би ..... зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Д.Гүнболд ахад хохиролд 340.000 төгрөг төлж өгсөн гэв.

 

2. Хохирогч Д.Г“...Мандахнаранд архи хийж өгөөд “маргалдаад яах вэ больё” гэтэл шууд архи хийж өгсөн аягаар миний нүүр рүү 1 удаа цохисон. Тухайн үедээ миний хөмсөгнөөс цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7х/,

3. Гэрч Р.Отгонбямбын “...Б.М Д.Гнүүр рүү аягаар 1 удаа цохисон, мөн толгой руу нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4848 дугаартай “...Д.Гбиед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.Мгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй Б.М нь бусдад төлөх төлбөргүй,энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР