| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0334/Э |
| Дугаар | 315 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 315
.:
2020 5 20 2020/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
нарийн бичгийн дарга М.С ,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Х овогт Л-ын Э-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны ....... .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн механик мэргэжилтэй, Хавт шонхор ХХК-д засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 3-69 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Л-ын Э/РД:................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ээрмэлийн үйлдвэрийн автомашины зогсоол дээр Д.Д-той маргалдан түүний биед гурван шүдний булгарал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд: “ ...2020 оны 4 дүгээр сарын 14-ний орой Эвсэг кашмерийн гадна явж байхад манай байгууллагын ажилчид болох М , Э , А нар архи ууж байхаар нь очтол надад архи хийж өгсөн. Л.Э ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүр рүү эхлээд 1 удаа цохисон, намайг хөл алдаад тонгойсон чинь миний цээж хэсгээр тэвэрч аваад доороос миний нүүр рүү дахин цохисон. Яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна, миний шүд сулраад хэлэнд мэдрэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-9, 10-11х/,
3. Гэрч Ч.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эвсэг ХХК-с гарч яваад М тай тааралдаад автомашины зогсоол дээр зогсож байхад Л.Э , Д.Д нар ирээд 2 шил Улаанбаатар архи хувааж уугаад сууж байтал Л.Э , Д.Д нар тамхинаас болоод хоорондоо маргалдсан. Тэгээд М дундуур нь орж салгатал тэр хоёр тусдаа уулзана гээд хэдэн алхамын цаана очсоноо цохилцоод байсан. Удалгүй Д.Д ирээд миний шүд унасан гээд харуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Ц-гийн “...Д.Д ийн биед гурван шүдний булгарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
5. Хохирогч Д.Д ийн биеийн гадна хэсэгт 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гадна үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ээрмэлийн үйлдвэрийн автомашины зогсоол дээр Д.Д-той маргалдан түүний биед гурван шүдний булгарал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Э-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Л.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Э д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Л-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Э д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М