Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Ц.Номингийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/000101 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Номингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө.Түвшинтөрд холбогдох

“781.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Номингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Ө.Түвшинтөр, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Номин би их сургуулийн 1 дүгээр курст суралцаж байхдаа Ө.Түвшинтөртэй үерхэж нөхөрлөж байгаад жирэмсэн болж хүү Т.Баярыг 2014 оны 02 дугаар сарын 05-нд төрүүлсэн. Биднийг аав ээж маань гэр бүл болно гэсэн үүднээс сүй хадаг тавьсан байсан, гэвч бид хоорондоо таарахгүй муудалцан гэр бүл болохоо больсон учир гэрлэлтийн баталгаа аваагүй тул би шүүхэд нэхэмжлэл гарган, хүү Баярын эцэг Түвшинтөр мөн болохыг тогтоолгон, тэжээн тэтгүүлсэн. Би өөрөө оюутан орлого байхгүй тул миний аав ээж л хүүгийн маань өсгөж, хардаг байсан. Ээж маань ажил хийхийн тулд хүүг 1 нас 3 сартай байхад хувийн цэцэрлэгт явуулдаг байсан. Би одоо оюутан учраас цэцэрлэгийн мөнгийг миний аав ээж төлсөн. Эцэг Түвшинтөр нь би хүүхдийн эцэг гэх мөртлөө хүүхдэдээ эдийн засгийн тусламж үзүүлээгүй. Шүүхээр тэтгэлэг тогтоолгосон боловч тэтгэврээ алдаг хоног өгдөг. Хүүхдийн эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж гэр бүлийн тухай хуульд заасан байдаг. Иймээс хүү Баярын “Тажүн” ХХК-ийн “Тэмүүлэл” цэцэрлэгт хүмүүжсэний зардал 781 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоогоор оюутан учраас эцэг Түвшинтөр бүрэн хариуцах үндэслэлтэй, харин би сургуулиа төгсөөд ажилтай орлоготой болохоороо 50 хувийг нь хариуцах болно гэжээ.

Хариуцагч Ө.Түвшинтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн дугаар 142/ШШ2016/00541 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр дээр миний хувьд ямар нэгэн маргаангүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн шүүхээр тогтоосон тэтгэмжийг миний цалин хөлснөөс Эрдэм ахлах сургуулийн нягтлан бодогч сар бүр шийдвэрт заагдсаны дагуу суутгадаг. Иймд тэтгэмжийг алдаг оног төлсөн асуудал байхгүй тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байгаа. Нэхэмжлэл дээр дурьдсан 781 000 төгрөг болох Тэмүүлэл цэцэрлэгийн төлбөрийг өгөх боломжгүй учир нь хуульд заасан хүүхэд тэжээн тэтгэхтэй холбогдсон зардлыг төлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00101 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Түвшинтөрөөс 781 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Номингийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Номингийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Номин давж заалдсан гомдолдоо:

Миний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт ...Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хүүхдийн цэцэрлэгийн төлбөр нь тэтгэлэг тогтоолгохоос өмнө гарсан зардал бөгөөд тэтгэлэг тогтоолгох тухай хүчин төгөлдөр шийдвэртэй өмнөх нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар нэхэмжлээгүй байх тул тэтгэлэг тогтоосноос өмнөх зардлыг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна гэж үзжээ. Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -д Хүүхэд төрсөнөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байна.

Мөн Гэр бүлийн хуулийн 25 дугаар зүйл Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах 25дугаар зүйлийн 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэх мэтээр хуулинд маш олон зүйл заалт байсаар байтал хүү Баярыг хувийн цэцэрлэгт хүмүүжүүлсэний төлбөрийг эцэг Түвшинтөрөөр хариуцуулах үндэслэл байхгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг эх хүний хувьд ойлгохгүй байна.

Хүүхэд төрөөд л эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж хуулинд заасан мөн хүү Баярын төрсөний гэрчилгээг анх авахдаа л эцэг Түвшинтөр өөрөө миний хүүхэд мөн гэж өөрөөрөө овоглон авсан байхад шүүх хүүхдийн минь эрх ашгийг хохироож байгаад харамсаж байна.

Шүүгчийн үзэж байгаагаар тэтгэлэг тогтоолгох шийдвэрээс өмнө гарсан зардал тул хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж үзжээ. Харин тэтгэлэг тогтоолгохоос өмнөх зардлыг нэхэмжлэх эрх байхгүй гэж үзсэн нь ямар хуулинд юу гэж заасан тухайгаа шүүхийн шийдвэртээ огт дурьдаагүй байна. Шүүхийн шийдвэрт Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй, шийдвэр гарахаас өмнөх зардлыг хариуцагч хариуцахгүй гэж үзжээ.

Хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар гарсан хуулиуд байдаг. Хүүхдийн эрхийн тухай Монгөл улсын хуулийн 7-р зүйлийн 7.1-д Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэхдөрсөн цагаасаа нэр авах,иргэний харьяалалтай болох,түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдрэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ. Хүүхдийн эрхийг хамгаалах Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1.1-д хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх. Хүүхдийн эрхийн тухай конвенци зэрэгт хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай заасан байхад хүүг маань ялгаварлан үзэж эрхийг нь зөрчиж байгаад гомдол гаргаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нөхцөлд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй гэж үзэж байна. Хүүгээ улсын цэцэрлэгт өгөх нас нь хүрээгүй тул хувийн цэцэрлэгт хүмүүжүүлж ээж маань ажлаа хийх шаардлагатай байсан, харин би оюутан байсан зэрэг шалтгаанаас хувийн төлбөртэй цэцэрлэгт өгсөн байсан. Хүүхдээ хаана сурган хүмүүжүүлэх нь эцэг, эхийн болон хүүхдийн эрхийн асуудал гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Номин миний нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Номин нь хариуцагч Ө.Түвшинтөрөөс хүү Т.Баярыг төлбөртэй цэцэрлэгт хүмүүжсэний төлбөрт төлсөн 781.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэр бүлийн гишүүд хуульд заасан эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх тухай заасан зохицуулалтанд үндэслэн тодорхойлжээ.

Зохигчид оюутан ахуй цагтаа танилцаж дотносож байгаад хүү Т.Баярыг 2014.02.05-ны өдөр төрүүлсэн ба 2016.04.19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр эцэг Ө.Түвшинтөрийг хүү Т.Баярын эцгээр тогтоож сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн, зохигчид албан ёсны гэр бүл болоогүй, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон, нэхэмжлэгч Ц.Номин нь оюутан хүү Баярыг өөрийн эцэг эх дээрээ үлдээж сургуульдаа суралцсан, хүү Т.Баярыг “Тэмүүлэл” цэцэрлэгт төлбөртэй хүмүүжүүлсэн түүний зардалд 781.000 төгрөг төлсөн зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болох ба энэхүү заалт нь тэжээн тэтгүүлэгчид тэтгэлэг тогтоогдсон үеэс хойш гарсан зардлыг хариуцуулах шаардлагад хамааралтай гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах үндэслэлийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тодорхойлон заасан байгаа боловч тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед гарсан зардлыг хариуцуулахаар зохицуулжээ.

Онцгой нөхцөл байдал гэдэгт тэжээн тэтгүүлэх, хүнд өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт нөхцлүүд бий болсон үед хариуцагчаас нэмэлт зардал гаргах боломжийг зохицуулсан байна. Иймд хүү Т.Баярыг төлбөртэй цэцэрлэгт явуулсны зардлыг эцэг Ө.Түвшинтөрөөр төлүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Ц.Номингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Номингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ