Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0576

 

 

                                                          М.Ц-ийн гомдолтой              

                                                захиргааны хэргийн тухай

                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.Ц-ийн гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч М.Ц-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын үйлдсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

М.Ц нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт 3өв хүн Электорат эвслээс нэр дэвшсэн бөгөөд санал хураалтын дүнгээр олонхийн санал авч, сонгогдож чадаагүй. Зөрчилд холбогдогч нь энэхүү үйл баримттай маргаагүй, гагцхүү татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн гэх  үндэслэлээр маргадаг.

Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад гомдол гаргагч М.Ц нь Улаанбаатар хотод амьдардаг, мөн Монгол Улсад Covid-19 цар тахал бүртгэгдэн, улсын хэмжээнд хөл хорио тогтоогдож, ирж оролцох боломжгүй байсан тул түүний *** дугаарын утас болон фэйсбүүк чат, өөрийнх нь ирүүлсэн *** и-мэйл хаягаар зөрчилтэй холбоотой баримт материал, эрх үүрэг танилцуулсан баримтыг хүргүүлэх, мэдэгдэх зэргээр бүхий л арга хэмжээг авсан боловч холбогдогч нь харсан /онлайн/, танилцсан атлаа хариу өгдөггүй, утсаа авахгүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос санаатай зайлсхийж байсан эс үйлдэхүй гаргаж байсан үйлдэл нь эрх бүхий албан тушаалтныг эрх үүрэг болон зөрчлийн материалтай танилцуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрх зөрчигдөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж оролцдог бөгөөд энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг, холбогдогч ирэх боломжгүй зэрэг дээрх нөхцөл байдлыг тухай бур прокурорт танилцуулж явсан бөгөөд гомдолд дурдаж байгаачлан процесс ажиллагааг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд прокурор хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үүрэгтэй. Прокурор зөрчлийн материалыг бүхэлд нь хянаад хууль зөрчөөгүй гэж үзэж, баталгаажуулсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-д “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно” 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч заавал банкинд зардлын данс нээлгэх, тухайн зардлын дансанд гүйлгээ /орлого (хандив), зарлага/ хийгдсэн эсэхээс үл хамааран зардлын дансны дугаар, банкны нэрийг болон холбогдох тайланг аудитаар баталгаажуулан төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг үүрэг болгосон.

Нэр дэвшигч М.Ц нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй буюу зардлын данс ХААН банкинд нээлгэсэн боловч дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан.

Энэхүү зөрчил буюу түүний үр дагавар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй болохыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд маргааны үйл баримтад Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэх хэлбэр нь ямар ч байдлаар байж болох бөгөөд хуульд заавал төрийн аудитын дээд байгууллагад биечлэн ирж бүртгүүлэхийг шаардаагүй, ингэх ч боломжгүй бөгөөд нэр дэвшиж буй газар /орон нутгаас/-аас зардлын данс, банкны нэрийг хуульд заасан хугацаанаас өмнө цахимаар, шуудангаар мэдэгдэх боломжтой.

Нэр дэвшигч М.Ц-ийн хувьд дээрх үйлдлийг буюу зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад дээрхийн аль ч хэлбэрээр мэдэгдээгүй, бүртгүүлээгүй тул зөрчил Үндэсний аудитын газар байрлаж буй нутаг дэвсгэр /Чингэлтэй/-т үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн хувьд зардлын данс, банкны нэрийг хуульд заасан санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлээгүй үйлдэл /эс үйлдэхүй/ гаргаснаар төгсөх /эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг төгсөх тухай ойлголт/ бөгөөд зөрчлийн улмаас үр дагавар үүсэхийг шаардахгүй, бусад үр дагавар үүсэх зөрчлөөс ялгамжтай болохыг шүүх анхаараагүй.

Түүнчлэн Үндэсний аудитын гaзap нь нэр дэвшигч нар зардлын данс, банкны нэрийг бүртгүүлсэн эсэхийг хуульд заасан эрх хэмжээ /үүрэг/-ний хүрээнд хянаж, бүртгүүлээгүй нэр дэвшигч нарын асуудлыг харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан /татварын алба/-д мэдээлэл ирүүлснийг Үндэсний аудитын газарт зөрчлийн үр дагавар илэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий газрын зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр орон нутагт нэр дэвшигч нарын хувьд тухайн аймаг /тойрог/-т нэр дэвших явцдаа дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нутаг дэвсгэрийн харьяаллаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг харьяа албадад хүргүүлсэн бөгөөд Увс аймгийн татварын улсын байцаагч харьяалан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг шууд буруутгах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит нөхцөлд байдал, хэрэгт авагдсан баримтад бус, Үндэсний аудитын газрын байрлаж буй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт зөрчил гарсан, үр дагавар илэрсэн тул нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэх хийсвэр дүгнэлт хийж, М.Ц-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М.Ц-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “... хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, журмыг зөрчсөн, нэр дэвшигч болоогүй, үнэмлэхээ гардаж аваагүй, сонгуулийн сурталчилгаа хийгээгүй байхад Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж, “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан.  

Маргаан бүхий 0176474 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Ц-т сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж, “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4-т “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ” гэж тус тус заасан байна.

Гомдол гаргагч М.Ц Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн, нэр дэвшигчийн зардлын дансыг ХААН банканд нээлгэсэн байх бөгөөд сонгуулийн зардлын дансаа хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болохоо үгүйсгэж маргаагүй, энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн “... нэр дэвшигч болоогүй, үнэмлэх гардаж аваагүй байхад Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан” гэх тайлбараар нотлогдож байх тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

2. Анхан шатны шүүх “... гомдол гаргагчийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр хүргүүлээгүй эс үйлдэхүйн үр дагавар Үндэсний аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн, ... Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байршиж, үйл ажиллагаа явуулдаг байхад Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн харьяаллын журмыг зөрчсөн, ... энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож байх тул гомдол гаргагчийг зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр, мөн зүйлийн 1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулахаар байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд сонгуулийн тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдлыг хуульчилж, 58.2Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар хэрэгжүүлэх  эрх, үүргийг тусгайлан заасан. Уг хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих”, 58.2.3-д “Сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх” гэж тус тус зааснаар Үндэсний аудитын газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй нэр дэвшигчдийг тогтоон эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн. Улмаар тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан болох Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч хянан шийдвэрлэж хуульд заасан шийтгэлийг гомдол гаргагчид ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй, мөн 3.1, 3.3-т тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлохоор дээр дурдсан эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан  холбогдогчтой утсаар ярьсан тэмдэглэлүүд, цахимаар холбогдсон баримтуудаар нотлогдож байх тул энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, журмыг зөрчин шийтгэл ногдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Ц-ийн “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

           ШҮҮГЧ                                                                           Н.ДОЛГОРСҮРЭН