Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 14

 

                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: “Ст” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.А, П.А нар болон хамтран хариуцагч Увс аймгийн Татварын хэлтэст холбогдох,

       Увс аймгийн Татварын хэлтсээс 2011,2012 онд агаарын бохирдлын төлбөрт үндэслэлгүйгээр хураан авч улсын төсөвт төлөгдсөн 5,720,000 төгрөгийг татварын өрөнд суутгасан 2017 оны 02 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох 5,175,938 төгрөгийн алдангийг гаргуулан “Ст” ХХК-д шилжүүлэхийг Татварын хэлтэст даалгуулах,

     Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.А, С.А нарын 2016.11.21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48,207,443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар,торгууль,алдангийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ст ХХК-ийн захирал Ш.Х, түүний өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаач С.А, П.А, хамтран хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ст ХХК-ийн захирал Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр батлагдсантай холбогдуулан Увс аймгийн Татварын хэлтсээс 2011.10.03-ны өдрийн агаарын бохирдлын төлбөр төлүүлэх 154 тоот албан бичгээр уг хуулийн 4.1.1, 4.1.6, 6.1.1, 7.1 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн 2011 онд төлөх нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн төлөвлөгөө, тайлангийн маягтын хамт манай компанид ирүүлсэн. Уг албан бичгээр ирүүлсэн шаардлагын дагуу манай компани нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр 2011 онд 3.20 сая төгрөг, 2012 онд 2.52 сая төгрөг нийт 5,720,000.0 төгрөгийг шинээр батлагдсан хууль тоггоомжийн талаарх ойлголтгүй байснаас манай компани улсын төсөвт төлсөн.

      Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан үйл ажиллагааг манай компани эрхэлдэггүй бөгөөд уг хуулийн 4.1.6-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журам, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газраас өнөөдрийг болтол батлаагүй байна. Манай компани агаарын бохирдлын төлбөр төлөх үндэслэлгүй хэмээн үзэж 2013 оноос хойш агаарын бохирдлын төлбөр төлөөгүй бөгөөд анх 2014.11.25-ны өдрийн 37 тоот албан бичгээр Увс аймгийн Татварын хэлтэст болон уг хугацаанаас хойш Татварын ерөнхий газар, Увс аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлүүдэд хандахад татварын албаны зүгээс үндэслэлгүйгээр 5,720,000 төгрөгийн татварыг илүү хураан авснаа хүлээн зөвшөөрч Увс аймгийн татварын хэлтсийн даргын 2015.05.18-ны өдрийн А/32 дугаар тушаалаар манай компанийн агаарын бохирдлын төлбөрийн тайланг засварлан ногдолыг хүчингүй болгож, 2017.02.22-ны өдөр илүү төлсөн 5,720,000.0 төгрөгийн татварыг бусад татварын өрөнд суутгасан. Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2016.12.28-ны өдрийн 04/1405 тоот албан бичигт "...Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйд заасны дагуу татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас илүү төлсөн татварт тооцсон алдангийг зөвхөн татварын албанаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд холбогдох төсвөөс татвар төлөгчид олгохыг мэдэгдье." гэжээ.

       Иймд агаарын бохирдлын төлбөрөөр 2011, 2012 онуудад үндэслэлгүйгээр манай компаниас хураан авч улсын төсөвт төвлөрүүлсэн 5,720,000 төгрөгийн татварт Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-т зааснаар 2017.02.22- ний өдөр хүртэлх хугацаанд тооцох 5,175,938.0 төгрөгийн алдангийг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шийдвэрлэхийг Увс аймгийн Татварын хэлтэст даалгах.

        2. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.А, С.А нар "Ст" ХХК-ийн 2011-2015 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж татварын улсын байцаагч 92,458,159.4 сая төгрөгийн зөрчилд 13,389,783.8 сая төгрөгийн төлбөрийн 150020982 тоот актыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан. Энэхүү актыг эс зөвшөөрч Увс аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж уг гомдолтой холбоотойгоор тус зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1 дүгээр тогтоол гарсан. Анхан шатны маргаан таслах зөвлөлийн 2017 оны 1 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 33,137,555.0 төгрөгийн зөрчилд ногдох 4,799,020.5 төгрөгийн төлбөрийг бууруулж 54,900,189.7 төгрөгийн зөрчилд ногдох 6,130,104.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    2.1.Татварын улсын байцаагчийн 150020982 тоот актын 1.1 дэх хэсэгт заасан 73,217,085.45 төгрөгийн зөрчлөөс Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэн 2017 оны 66 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн 59,320,604.4 төгрөгийн зөрчилд хамаарах доор дурдсан 6 ААН-ээс худалдан авсан 48,207,443.0 төгрөгийн бараа, үйлчилгээний төлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д заасан хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтад хамаарахгүй гэж үзэн манай компанийн зүгээс уг зөрчилтэй холбоотой төлбөрийг үл хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг бараа материалыг компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан худалдан авч компанийн үйл ажиллагаанд дараах зориулалтуудаар ашиглаж байна. Үүнд:

      Ганброс" ХХК-аас ширээ, туслах ширээ, ханын шүүгээ, сейф, дугуйтай сандал, төмөр хөлтэй сандал, хүлээлгийн сандал, төмөр шүүгээ зэрэг 22,228,360.91 төгрөгийн үнэ бүхий тавилгыг худалдан авч компанийн албан тасалгаа болон газар тариалангийн талбайд байрлах ажилчдын амрах, хооллох байранд тавьж ашиглаж байгаа бөгөөд уг бараа материалыг компанийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан ашиглаж байна.

     "Акватик" ХХК-аас 731,818.2 төгрөгийн үнэ бүхий цонхны болон автомат проекторын дүрс гаргах зориулалттай хөшиг худалдан авч компанийн албан тасалгаанд байрлуулан компанийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

      "Евро электроникс" ХХК-аас 3,975,536.0 төгрөгийн үнэ бүхий буйдан, ширээ, сандал, шүүгээ зэрэг бараа худалдан авч компанийн авто угаалгын газар, дулаан гражийн хүлээлгийн өрөө болон уурын зуухны ажилчдын өрөөнд байрлуулан компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан болно.

    "Таванбогд трейд" ХХК-аас 300,000 төгрөгийн үнэ бүхий толь худалдан авч компанийн албан тасалгаанд байрлуулан компанийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

      "Аэромонголиа" ХХК-аас 267,745.0 төгрөгийн тийзийг Б.Тогтохбуян; 1,111,999.9 төгрөгийн тийзийг Н.Бүрэн; "Хүннү Эйр" ХХК-аас 350,909.0 төгрөгийн тийзийг Ц.Уранбилэг нарын компанийн гэрээт ажилчдад Увс-Улаанбаатар, Улаанбаатар-Увс чиглэлийн нислэгт зориулан худалдан авсан бөгөөд уг нислэгээр компанийн ажилчид жимсний модны суулгацыг Улаанбаатар хотод зарж борлуулах болон компанийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжпэг үзүүлэх зэрэг компанийн тухайн үеийн болон ирээдүйд орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан худалдан авалтууд болно.

     Татварын улсын байцаагчийн 150020982 тоот актын 1.2 дахь хэсэгт заасан 19,241,074.0 төгрөгийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн хэмээн үзэж нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн уг зөрчилтэй холбоотой төлбөрийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна.

    Манай компани 2015 онд 61,374,285 төгрөгийн бензин, шатахууны худалдан авалтын зардал гаргасан бөгөөд үүний 42,133,211 төгрөгийн зардлыг 2015 оны Санхүүгийн тайлангийн Мөнгөн гүйлгээний тайлангийн Түлш шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн зардал (1.2.5) хэсэгт; үлдэх 19,241,074 төгрөгийн зардлыг Санхүүгийн тайлангийн Мөнгөн гүйлгээний тайлангийн бараа материал худалдан авахад төлсөн зардал (1.2.3) хэсэгт тус тус бүртгэж тухайн жилийн түлш шатахууны зардлыг нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгасан болно.

       Түлш, шатахуунтай холбоотой нийт зардлыг хоёр хувааж бүртгэх болсон шалтгаан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хүрээнд компанийн өртөг зардлыг бодитоор тооцож санхүүгийн байдалд тухай бүр дүн шинжилгээ хийж байх үүднээс 2015 онд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох нүүрсний тээврийн хөлсний төлбөрт олгох мөн уурын зуухны халаалтын тогоо, түүнтэй холбогдох тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлд шаардагдах холбогдох материалыг Улаанбаатар хотоос худалдан авч Улаангом сум хүртэл тээвэрлэхтэй холбоотой тээврийн хөлсний төлбөрт олгох төлбөрийг тээвэрлэлт хийсэн жолоочид бензин шатахуун хэлбэрээр олгосон зардлыг түүхий эд, бараа материалын өртөгт шингээж компанийн дотоод үйл ажиллагаанд ашигласан түлш шатахуун болон борлуулалттай холбоотой тээврийн хөлсний зардлаас тусад нь ангилан бараа материал худалдан авахад төлсөн зардал (1.2.3) хэсэгт бүртгэсэн.

       Түүнчлэн бараа материалын өртөгт шингээж Санхүүгийн тайланд тусгасан 19,241,074.0  төгрөгийн бензин шатахуун худалдан авахад төлсөн төлбөрийн баримт, уг худалдан авалттай холбоотой НӨАТ-ын баримт, зээлээр бензин шатахуун худалдан авах тухай "Ундарга увс" ХХК, "Тэс петролиум" ХХК-уудтай байгуулсан гэрээ, түлш шатахууны төлбөрийг шилжүүлсэн баримт, тээвэрлэлт хийсэн жолоочтой байгуулсан тээврийн гэрээ, тээврийн хөлсийг төлсөн талаарх болон холбогдох бусад баримтыг үйлдсэн болно. Мөн уг худалдан авалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварыг бензин шатахуун борлуулагч аж ахуйн нэгж нь борлуулалтаар бүртгэн холбогдох тайлангуудад тусгасан бөгөөд манай компани ч мөн адил аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар, санхүүгийн тайлангуудад тухай бүр тусгасан бөгөөд уг тайлангуудыг татварын алба болон Санхүү төрийн сан баталгаажуулан хүлээн авсан. Иймд манай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

      Тавилга хэрэгслийг Улаанбаатар хотод чацарганы суулгац зээлээр худалдсан байсны өр төлбөртөө суутгаж авсан. 20.000 суулгац 1 ширхэгийг 2000 төгрөгөөр худалдан борлуулсан. Мөнгөө авч чадахгүй байсан учраас компанид хэрэгтэй бараа материал ав гэсэн.Одоо тавилга хэрэгслэлүүдийг компанийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа.Би хүүхдэдээ тавилга авч өгөөгүй.Үндсэн хөрөнгөнд барилга байшин ордог.Тавилга орохгүй.Татварын байцаагч нар манай компанийг 6 сарын хугацаанд шалгасан.Би тухайн үед тендерт ормоор байна баримтаасаа авья гэхэд өгөөгүй.” гэв.

      Нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ст ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6 дахь заалтыг үндэслэн агаарын бохирдлын татварын алдангийг нэхэмжилсэн. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д түүхий нүүрс олборлогч гэж байгаа учраас “Ст” ХХК-д хамаарахгүй байна. “Ст” ХХК нь түүүхийн нүүрс олборлодоггүй. Агаарын бохирдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэж заасан байдаг. Энд хамаарах боловч энд заасан аж ахуйн нэгжээс төлбөр хураамж авах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан байдаг. Одоогийн байдлаар Засгийн газраас төлбөрийн хувь тогтоосон зүйл байхгүй байна. Иймд агаарын бохирдлын төлбөрийг 2010-2012 онд төлүүлсэн нь үндэслэлгүй байна. 2015 онд улсын байцаагийн актаар ногдуулсан төлбөрийг хүчингүй болгож 2017 онд буцаан олгосон байдаг. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-д татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор алданги тооцохоор заасан байдаг. Иймд татварын алдангаа нэхэмжилж байна. Татварын улсын байцаагч нарын  150020982 актаар 92.548.149 төгрөг торгууль тавигдсан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд Увс аймгийн татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл үүнийг хуралдаанаар хэлэцээд хэвээр үлдээснийг эс зөвшөөрөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл хандсан. Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл 49 сая төгрөгний торгуулийг хэвээр үлдээсэн. 48 сая төгрөгийг компани үйл ажиллагаанд зарцуулсан учраас акт тавьсан үндэслэлгүй байна гэж үзээд маргаж байгаа. Тайландаа бүрэн тусгаагүй зүйл байхгүй. Тайландаа бүрэн тусгасан анхан шатны баримтууд хэрэгт авагдсан учраас үндэслэлгүй тавигдсан торгууль алданги гэж үзэж байна.Татварын байцаагч нар ямар удирдамж,төлөвлөгөөгөөр хяналт шалгалт хийсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байгаа.Нэхэмжлэгч жилийн 150 сая төгрөгийн орлоготой байхад санхүүгийн баримтыг шалгахад бүхэл бүтэн 6 сар зарцуулсан байдаг. “Ган брос” ХХК-иас таилгыг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хийгдсэн худалдан авалт байх тул өршөөлийн хуулинд хамруулж өгнө үү гэв.

      Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ст” ХХК нь уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа, олон наст бусад ургамал тариалалт, спортын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа, хүнсний ногоо болон амтат гуа, үндэст болон булцуут ургамал тариалалт, мод тарих болон ойн аж ахуй бусад үйл ажиллагаа, газар тариалан, мал амьтны ашиг шимийг авах үйл ажиллагааг хослон эрхэлдэг, тээврийн бусад туслах үйл ажиллагаа, төвийн халаалт халуун усны бойлуур болон бусад уурын үүсгүүрийн үйлдвэрлэл, дулаан үйлдвэрлэх, дулаан граж авто угаалга, давс шүү олборлолтын эрхлэх чиглэлээр үйл ажиллаагаа явуулахаар бүртгэгдсэн. “Ст” ХХК-ийн 2015 оны 04-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны баримт болон тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийсэн.Татварын хяналт шалгалтаар нийт 92,458,159.45 төгрөгийн зөрчил илэрсэн.  Гэхдээ бид эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжсэн учраас 2015 оны материалыг шалгасан.

       2015 онд бензиний худалдан авалтанд зарцуулсан 19,241,074.00 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулан Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй» гэж заасныг үндэслэн Санхүүгийн тайланд тусгаагүй хэсэгт нь Бензиний худалдан авалтанд зарцуулсан 19,241,074.00 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд 1,924,107.40 төгрөгийн нөхөн татвар, 577,232.20 төгрөгийн торгууль, 285,142.50 төгрөгийн алданги ногдуулсан.

     2015 онд хувийн хэрэглээнд зарцуулсан 73,217,085.45 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулан Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх .... 14.4. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.4.1 суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгт; 14.4.2 Хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ» гэж заасныг үндэслэн. Хувийн хэрэглээнд зарцуулсан 73,217,085.45 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд 7,321,708.60 төгрөгийн нөхөн татвар, 2,196,512.60 төгрөгийн торгууль, 1,085,080.50 төгрөгийн алданги ногдуулсан.

       Тус компани нь Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлүүдэд хуульд зааснаар татварын улсын байцаагчийн тавьсан актуудыг эс хүлээн зөвшөөрч тухай бүрт нь хандаж холбогдох тогтоолуудыг гаргуулж байсан байна.

      Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн хуралд зардлын асуудлаас болоод татварын улсын байцаагч нар хуралдаанд оролцож чадаагүй. “Ган брос” ХХК-иас 22.208.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй тавилгыг 88108806 дугаарын утсаар захиалж хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлж хувь хүний картаар төлбөр тооцоог хийсэн байсан. миний хувьд уг тавилгаар Ш.Х захиралын хүүхэд Улаанбаатар хотод гэрээ тохижуулсан гэж үзэж байгаа. “Ган брос” ХХК-иас худалдаж авсан тавилга нь “Ст” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэл байхгүй зөвхөн НӨАТ-ын баримт хавсаргасан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн бланс дээр ч ямар нэгэн бүртгэл байхгүй байна. Аероа Монголиа ХХК-тай холбоотой нэлээд олон удаагийн гүйлгээ хийгдсэн байсан. Үүнд Ш.Х захирлын Улаанбаатар хотод татварын албанд ажилладаг хүүхдийн нь онгоцны зардлыг төлсөн баримт байгаа. Мөн Б.Баярсайхан гэж хүний цахилгааны болон дулааны зардлууд “Ст” ХХК-ийн зардалд суулгаж явж байсан. Нэхэмжлэгч сая өөрөө 20.000 ширхэг суулгац 1 ширхэгийг 2000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Үүнийгээ орлого гээд тайлагнах ёстой байсан. “Ст” ХХК 2015 оны орлого гэж мэдүүлсэн 154 сая төгрөг бол цэвэр дулааны үйл ажиллагаатай холбоотой орлого юм. Суулгацтай холбоотой орлого байхгүй байна. “Ст” ХХК-д өөрийнх нь нэр 2 машин байдаг. 1 машин хөдөлдөггүй. Бусдаар ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн бол цэнхэр дэвтэрийн тооцоо хийх ёстой. Ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн жолооч татвар төлөх ёстой. Бензин тухайн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж байгаа бол зарлага мөн юм. Гэхдээ бусдад өгсөн бензин бол зардал биш. Тиймээс 19 сая төгрөгийг зөрчлийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

     Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “ “Ст” ХХК-ийн 2015 оны 04-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны баримт болон тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Увс аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч С.А-тай хамт шалгалт хийсэн.Татварын хяналт шалгалтаар нийт 92,458,159.45 төгрөгийн зөрчил илэрсэн.  

    2015 онд бензиний худалдан авалтанд зарцуулсан 19,241,074.00 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулан Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй» гэж заасныг үндэслэн төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд 1,924,107.40 төгрөгийн нөхөн татвар, 577,232.20 төгрөгийн торгууль, 285,142.50 төгрөгийн алданги ногдуулсан.

     2015 онд хувийн хэрэглээнд зарцуулсан 73,217,085.45 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулан Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх .... 14.4. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.4.1 суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгт; 14.4.2 Хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ» гэж заасныг үндэслэн. Хувийн хэрэглээнд зарцуулсан 73,217,085.45 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ" хэсэгт тусган, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд 7,321,708.60 төгрөгийн нөхөн татвар, 2,196,512.60 төгрөгийн торгууль, 1,085,080.50 төгрөгийн алданги ногдуулсан.

     19,241,074.00 төгрөгийн шатахууны үнэ төлсөн баримт байхгүй,тээврийн хөлсөнд хэдэн төгрөгний шатахуун олгосон өглөг байхгүй, зарлага байхгүй байгаа болно.Тавилгын хувьд Хөрөнгийн бүртгэлд тавилгыг тусгаагүй байгаа тул  хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан гэж үзэж байгаа. “гэжээ.

     Хамтран хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Бямбажаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ямар үндэслэлээр ногдол үүсгэсэн тухай: - Агаарын бохирдлын төлбөрийг иргэн, аж ахуй нэгжид ногдуулахдаа 2010 оноос мөрдөгдөж эхэлсэн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтуудыг үндэслэн 2011 оны хагас жилийн төлөвлөгөөний тодотголоор төлөвлөгөө нэмэгдүүлж ирүүлсний дагуу Татварын Ерөнхий Газрын Татвар Хураалт Удирдлага Арга Зүйн газраас зөвлөгөө авч, төлбөрийг төлөх график төлөвлөгөө гарган, Хэлтсийн даргын 2011 оны 10 сарын 03-ны өдрийн 154 дүгээр албан бичгийг хавсралтын хамт аймгийн хэмжээнд уурын зуухны үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдөд хүргүүлсэн байна. Тус татвар төлөгчийн хувьд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4.1.6 дахь заалтанд хамрагдана гэж үзсэн. Мөн 2011, 2012 онд татварын илүү, дутуу төлөлт баталгаажих үед Татварын Ерөнхий Газрын Татвар Хураалт Удирдлага Арга Зүйн газраас агаарын бохирдлын төлбөрийг “other tax” программ дээр 01030718 төрлөөр бүртгэж ногдол хийх чиглэл өгсөн тул Нэг цэгийн үйлчилгээний татварын тайлан хүлээн авсан Татварын улсын байцаагчдаар ногдол шивүүлсэн. Агаарын бохирдлын төлбөрийг илүү төлсөн талаар арга хэмжээ авч байсан болон үүссэн ногдлыг ямар хууль тогтоомж эрх зүйн баримт бичиг үндэслэн устгасан талаар: "Ст" ХХК-нь Уурын зуухны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2011 онд агаарын бохирдлын төлбөрт 3,200,000.00, 2012 онд 2,520,000.00 төгрөгийг, нийт 5,720,000.00 төгрөгийг төлсөн байна. Тус компани нь тухайн үед Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "Агаарын бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж агаарын бохирдлын төлбөр төлөгч байна" гэсний дагуу төлбөрийг төлсөн. Мөн тус хуулийн 4.5-д "Энэ хуулийн 4.1.6-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журам. төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно" гэж заасан журам батлагдаагүй байгаа тул үндэслэлгүй төлсөн байна. Иймд илүү төлсөн татварыг буцаан авах" тухай хүсэлтийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 албан бичгээр ирүүлсэн. Энэхүү албан тоотод Татварын ерөнхий газраас зөвлөгөө авсны дагуу хариуг 2014 оны 12-р сарын 10-ны өдрийн 1/344 тоот албан тоотоор хүргүүлж, дараахь байдлаар чиглэл өгсөн болно. Үүнд: Илүү төлсөн татвараа тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцуулах, Дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, Буцаан олгох гэсэн хэлбэрээс сонгож авч болно гэсэн хариуг өгсөн. Гэтэл "Ст" ХХК нь 2014 оны 12-р сарын 19-ний өдрийн 38 тоот албан бичгээр илүү төлсөн татварт хугацааны алданги тооцуулж авах хүсэлт, алданги тооцсон хүснэгт, нэхэмжлэлийн хамт ирүүлсний дагуу холбогдох материалыг 2015 оны 02 сарын 11-ний өдрийн 1/52 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрарт холбогдох аргазүйн зөвлөгө авахаар хүргүүлсэн. Татварын Ерөнхий Газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2015 оны 04-р сарын 30-ний өдрийн 8/1165 тоот албан бичгээр зөвлөмж ирүүлсний дагуу Хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/32 дугаар тушаалаар ногдлыг хүчингœй болгох тушаалыг гаргаж, 2015 оны 06 сарын 04-ний өдрийн 4/151 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсэн. Эрсдэлийн удирдлагын газраас тухайн татварын ногдол нь "othe tax" дээр шивэгдсэн байгаа тул орон нутагтаа ногдлыг устгах ажлаа зохион байгуулах нь зүйтэй гэж чиглэл өгсний дагуу тухайн татварын ногдлыг устгуулсан. Мөн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газрын 2015 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 9/2026 албан тоотоор илүү төлсөн татварыг Татварын улсын байцаагчийн актаар баталгаажуулан холбогдох журмын дагуу буцаан олгох нь зүйтэй гэж хариуг ирүүлсэн. Үүний дагуу татвар төлөгчийг бусад татварын дутуу төлөлтөнд суутган тооцуулах чиглэл өгөхөд алдангийн асуудлаа шийдвэрлүүлсний дараагаар суутган тооцуулах хүсэлтээ ирүүлнэ гэх тайлбарыг өгсөн. Татварын албаны буруутай үйл ажиллагаа гэж тогтоогдсон тохиолдолд алданги тооцох үндэслэл байгаа тул "Ст" ХХК-ийн захиралд "Шүүхэд хандаж буруутай этгээдийг тогтоолгож шийдвэрлүүлсний дараагаар татварын албаны буруутай үйл ажиллагаа гэж үзвэл Татварын улсын байцаагчийн актаар алданги тооцож болно" гэх зөвлөгөөг өгсөн. Бусад аймгуудын Татварын хэлтсээс алданги тооцуулсан асуудал гарсан талаар судлахад илүү төлсөн татвараа бусад татварын дутуу төлөлтөд суутгуулсан тохиолдол гарсан ба алданги тооцуулж авсан татвар төлөгч байхгүй байсан. Дээрхи асуудлыг шийдвэрлэхийн тулд тус хэлтсээс татвар төлөгчид илүү төлсөн татвараа 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 1/344 тоот албан бичгээр Тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, Татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, Буцаан олгох гэсэн хэлбэрээр шийдвэрлэдэг тул татвар төлөгчид дээрх 3 хэлбэрийн аль нэгийг сонгох эрх нь байна гэж албан бичиг хүргүүлсээр байхад алдангийн асуудлаа шийдвэрлүлнэ гэж явсаар ирсэн.

    Тус хэлтсийн хувьд татвар төлөгчийн асуудлыг шийдвэрлэхээр дээрх арга хэмжээнүүдийг авч ажилласан боловч өдий хүртэл шийдвэрлэх гарц олохгүй байгаа тул тухайн компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, алданги тооцож олгохоор бол 2014 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож олгож болох эсэх талаар асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

     Хамтран хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татвар төлөгч 2014 онд алдангиа буцаан авах шаардлага тавьсан. Энэ хүрээнд бид нар асуудлыг судлаад таныг төлсөн татвар үндэслэлгүй байна. Илүү төлсөн татвараа бусад татвартаа суутгуулах юм уу? эсвэл буцаан авч болно гээд албан тоот хүргүүлсэн. Татвар төлөгч бусад татварын асуудлаа шийдүүлээд татварын алдангиа авна гэж явсаар байгаад 2017 онд бусад татварын дутуу төлөлтөд суутгуулсан. Татварыг албадан төлүүлсөн зүйл байхгүй учраас алдангийн асуудалд хэн буруутай нь тодорхойгүй байна. Татварын алдангийн асуудлыг татварын алба тооцоод олгоё гэхээр буцаан олгох сан Монгол улсын хэмжээнд байхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчид шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхийг санал болгосон. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Ст “ ХХК-иас Увс аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Увс аймгийн Татварын хэлтсээс 2011,2012 онд агаарын бохирдлын төлбөрт үндэслэлгүйгээр хураан авч улсын төсөвт төлөгдсөн 5720000 төгрөгийг татварын өрөнд суутгасан 2017 оны  02 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох 5175938 төгрөгийн алдангийг гаргуулан “Ст” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах, татварын улсын байцаагч С.А, П.А нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн 2016.11.21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48207443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар,торгууль,алдангийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Нэхэмжлэгч “Ст“ ХХК нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд тус тус хандаж хариугаа аван Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

      Мөн “Ст”ХХК нь үндэслэлгүй төлсөн төлбөрийн алдангийн талаар асуудлыг шийдвэрлэж өгөх тухай гомдлыг улсын байцаагчийн актыг хянуулах тухай гомдолтой хамтатган Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан боловч уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

      Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүй төлсөн төлбөрийн алдангийг гаргуулах тухай нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулан ирсэн гэж үзэж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл болонТатварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс татварын улсын байцаагчийн актыг хянан үзээд актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       1. Увс аймгийн Татварын хэлтсээс 2011,2012 онд агаарын бохирдлын төлбөрт үндэслэлгүйгээр хураан авч улсын төсөвт төлөгдсөн 5720000 төгрөгийг татварын өрөнд суутгасан 2017 оны  02 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох 5175938 төгрөгийн алдангийг гаргуулан “Ст” ХХК-д шилжүүлэхийг Татварын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Татварын хэлтэс нь үндэслэлгүй хураан авсан төлбөрт Татварын ерөнхий хуульд заасны дагуу алдангийг тооцож олгох ёстой” гэж тодорхойлжээ.

         Хамтран хариуцагч Увс аймгийн Татварын хэлтэс болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  зүгээс “ Татвар төлөгч холбогдох баримт,бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж төлнө гэсэн хуулийн заалтын дагуу татвараа төлдөг.Шүүхээс татварын албаны буруутай үйл ажиллагаа гэж тогтоогдсон тохиолдолд татварын алдангийг тооцох үндэслэл байгаа ” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      2010 онд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдан мөрдөгдсөн байх ба үүнтэй холбогдуулан Увс аймгийн Татварын хэлтсийн 2011 оны 10 сарын 03-ны өдрийн 154 дугаартай албан бичгээр “Ст”ХХК-д агаарын бохирдлын төлбөрийг төлөх төлбөрийн төлөвлөгөөг хавсралтаар гарган хүргүүлж сар бүрийн 20-ны дотор төвлөрүүлэхийг мэдэгдсэн байна.

       Уг албан бичгийн хавсралтаар 2011 оны 10,11,12 саруудад нийт 3200000 төгрөгийн төлбөрийг төлөх хуваарийг баталжээ.

        Үүний дагуу “Ст” ХХК нь 2011 оны 10 сарын 27-ны өдөр 400000 төгрөг,2011 оны 12 сарын 21-ний өдөр 2800000 төгрөг, 2012 оны 02 сарын 29-ний өдөр 800000 төгрөг,2012 оны 03 сарын 29-ний өдөр 426500 төгрөг, 2012 оны 10 сарын 30-ны өдөр 400000 төгрөг,2012 оны 12 сарын 24-ний өдөр 920000 төгрөг,нийт 5746500 төгрөгийн төлбөрийг агаарын бохирдлын төлбөрт төлсөн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.

      “Ст “ ХХК нь дулаан үйлдвэрлэх,дулаанаар хангах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Агаарын бохирдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар агаарын бохирдлын төлбөрийг төлөгч байна.

    Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Энэхуулийн 4.1.6-д заасаниргэн, ажахуйннэгж, байгууллагаастөлбөравахжурам, төлбөрийнхувь, хэмжээгЗасгийнгазартогтооно” гэж заасан байх ба одоог хүртэл Засгийн газраас төлбөрийн хэмжээг тогтоогоогүй талаар хэргийн оролцогчид тайлбарласан ба нэхэмжлэгчээс агаарын бохирдлын төлбөрт төлсөн төлбөрийг үндэслэлгүй төлөгдсөн талаар маргаангүй байгаа болно.

       Нэхэмжлэгч “Ст” ХХК-ийн зүгээс үндэслэлгүй төлөгдсөн төлбөр болон түүнд ногдох алдангийг төлүүлэх талаар аймгийн Татварын хэлтэс болон,Татварын ерөнхий газар,сангийн яам зэрэг газруудад хандаж удаа дараа өргөдөл гаргаж байсан байна.

         “Ст” ХХК нь 2014.11.25-ны өдрийн 37,2014 оны 12 сарын 19-ний өдрийн 38 дугаартай албан бичгүүдээр Увс аймгийн Татварын хэлтэст хандаж үндэслэлгүй төлсөн төлбөр, ногдох алдангийг төлөх татвартаа суутгуулахаар хандаж байсан байна.

        “Ст” ХХК-ийн улсын төсөвт үндэслэлгүй төлсөн төлбөрийн талаар Увс аймгийн Татварын хэлтэс 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 1/344 дугаартай албан бичгээр “Тухайн үед буюу 2011,2012 онуудад Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг буруу ойлгож,хэрэгжүүлсэн байх тул төлсөн татварыг буцаан олгох үндэслэлтэй байна” гэж, Татварын ерөнхий газрын 2015.12.01-ний өдрийн 8/3273 дугаартай албан бичгээр “ Увс аймгийн Татварын хэлтэст зөвлөмж хүргүүлсэн тул татварын хэлтэстээ хандана уу” гэж, сангийн яамны 2016.04.04-ний өдрийн 3-2/1961 дугаартай албан бичгээр “ Хуулийн хүрээнд Увс аймгийн Татварын хэлтэст хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэж,Татварын ерөнхий газрын 2016.12.28-ны өдрийн 04/1405 дугаартай албан бичгээр “...илүү төлсөн татварт тооцсон алдангийг зөвхөн татварын албанаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд холбогдох төсвөөс татвар төлөгчид олгохыг мэдэгдье”гэж  тус тус хариуг өгч байсан байна.

       Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул Татварын ерөнхий хууль болон энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актыг хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй талаар 2015.04.30-ны өдрийн 8/1165 дугаартай албан бичгийг Увс аймгийн Татварын хэлтэст  хүргүүлж байсан байна.

       Увс аймгийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 5 сарын 18-ны өдрийн А/32 дугаартай тушаалаар “Ст”ХХК-ийн 2011,2012 онд төсөвт төлүүлсэн агаарын бохирдлын төлбөрийн 5720000 төгрөгийн тайланг засварлаж ногдлыг хүчингүй болгожээ.

       Харин татварын 5720000 төгрөгийн илүү төлөлтийг 2017 оны 02 сарын 22-ны өдөр “Ст” ХХК-ийн төлөх татварт суутган тооцож, баталгаажуулжээ.

      Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д зааснаар татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах,  алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д  “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба,  татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт алданги тооцно”, 60.2-д “Энэ хуулийн 60.1-д  заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна“, 60.3.2-д “татвар төлөгчөөс үндэслэлгүй,  илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба,  татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор” гэж тус тус заасан байна. Татварын ерөнхий хуулийн 22 1 дүгээр зүйлд Татварын албаны үндсэн чиг үүргийг  татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,  татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт,  сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх гэж тодорхойлжээ .

      Увс аймгийн Татварын хэлтсийн зүгээс Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулахдаа Засгийн газраас холбогдох төлбөрийг тогтоосон шийдвэр гараагүй байхад татвар төлөгчид төлбөр төлөхийг мэдэгдэн төлбөр төлөх хэмжээ, хуваарийг гарган хүргүүлсэн байх тул “Ст” ХХК-ийг өөрөө ногдлоо тодорхойлон төлсөн гэх үндэслэлээр буруутгах боломжгүй болно.

      Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д алданги тооцон буцаан олгох асуудлыг татварын улсын байцаагч акт үйлдэн шийдвэрлэхээр заасан боловч Увс аймгийн Татварын хэлтсийн зүгээс энэ талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

        Иймд нэхэмжлэгч нь Увс аймгийн Татварын хэлтсээс үндэслэлгүй төлөгдсөн төлбөрийг татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоох алдангийг нэхэмжлэх эрхтэй байх тул Увс аймгийн Татварын хэлтэст “Ст” ХХК-д алданги 5,162,920 төгрөгийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Алдангийн хэмжээг тооцсон тооцооллыг хүснэгтээр харуулав.

Төлбөр төлсөн огноо

Нийт төлөгдсөн төлбөрийн хэмжээ

Засгийн газрын баталсан алдангийн хэмжээ

Тооцох хоног

Нийт алданги

2011.10.27

400,000 төгрөг

ЗГ-ын 2011 оны №35 тоот тогтоолд зааснаар 0,056 хувь

2011.12.21 хүртэл 54 хоног

12,096 төгрөг

2011.12.21

2,800,000

Нийт 3,200,000 төгрөг

0.056 хувь

2012.02.29 хүртэл

/2011.12.21-2012.01.01 хүртэл 10 хоног нь 0.056 хувиар,2012.01.01-2012.02.29 хүртэл 59 хоног 0.047 хувиар/

106,656 төгрөг

2012.02.29

800,000 төгрөг

Нийт 4,000,000 төгрөг

Засгийн газрын 2012 оны 6 тоот тогтоолоор 0.047 хувь

2012.03.29 хүртэл 30 хоног

56,400 төгрөг

2012.03.29

400,000 төгрөг

Нийт 4,400,000 төгрөг

0.047 хувь

2012.10.30 хүртэл 211 хоног

436,348 төгрөг

2012.10.30

400,000 төгрөг

Нийт 4,800,000 төгрөг

0.047 хувь

2012.12.24 хүртэл 54 хоног

121,824 төгрөг

2012.12.24

920,000 төгрөг

Нийт 5,720,000 төгрөг

0.047 хувь

2013.01.01 хүртэл 6 хоног

16,130.4 төгрөг

2013 онд

5,720,000 төгрөг

Засгийн газрын 2013 оны 05 тоот тогтоолоор 0.047 хувь

365 хоног

981,266 төгрөг

2014 онд

5,720,000 төгрөг

Засгийн газрын 2014 оны 38 тоот тогтоолоор 0.051 хувь

365 хоног

1,064,778 төгрөг

2015 онд

5,720,000 төгрөг

Засгийн газрын 2015 оны 25 тоот тогтоолоор 0.052 хувь

365 хоног

1,085,656 төгрөг

2016 онд

5,720,000 төгрөг

Засгийн газрын 2016 оны 30 тоот тогтоолоор 0.0537 хувь

365 хоног

1,121,148.6 төгрөг

2017 онд

5,720,000 төгрөг

Засгийн газрын 2017 оны 30 тоот тогтоолоор 0.054 хувь

2017 оны 01.01-ээс 2017 оны 02 сарын 22 хүртэл 52 хоног

160,617.6 төгрөг

Нийт алдангийн хэмжээ

 

 

 

5,162,920 төгрөг

 

      Төлбөр шилжүүлсэн баримтаас үзэхэд нийт 5746500 төгрөг шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч 426500 төгрөг төлсөн шилжүүлгийг 400000 төгрөгөөр тооцсон, нийт төлсөн төлбөрийг бусад төлөх татварт суутган тооцохдоо 5720000 төгрөгөөр тооцсон энэ талаар маргаангүй тул нийт төлбөрийг 5720000 төгрөгөөр тооцсоныг тэмдэглэв,

      2. Татварын улсын байцаагч С.А, П.А нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2016.11.21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48207443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

       Увс аймгийн Татварын улсын байцаагч С.А, П.А нар “Ст” ХХК-ийн 2011-2015 он дуустал албан татварын ногдуулалт,төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг 2016 оны 5 сарын 9-ний өдрөөс 2016 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл хийж 2016 оны 11 сарын 21 ний өдөр 150020982 дугаартай татварын улсын байцаагчийн актыг гаргажээ.

       Уг актаар хувийн хэрэгцээнд зориулан авсан бараа үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийсэн, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэхэмжлэл,падаан болон ня-бо бүртгэлд тусгагдаагүй байхад суутган тооцоо хийж,бичилт хийсэн гэх зөрчлийг гаргасан гэж үзэн нийт 92,458,159.4 төгрөгийн зөрчилд нийт 9,245,816 төгрөгийн нөхөн татвар, 2,773,744.8 төгрөгийн торгууль,1,370,223 төгрөгийн алданги,нийт 13,389,783.8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна.

        Нэхэмлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэсэн Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2017.05.17-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор нийт төлбөрийн хэмжээг 13212623.9 төгрөгөөр тогтоосон байна.

        Харин нэхэмлэгч “Ст” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017.12.22-ны өдрийн 66 дугаартай тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  1 дүгээр зүйлийн 1.1,4 дүгэр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нийт 13389783.80 төгрөгийн төлбөрөөс 33,137,555.00 төгрөгийн зөрчилд ногдох 3,313,755.50 төгрөгийн нөхөн татвар,994,126.70 төгрөгийн торгууль,491,138.30 төгрөгийн алданги, нийт 4799020.50 төгрөгийн  төлбөрийг бууруулж,54,900,189.70 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,647,005.70 төгрөгийн торгууль, 813,653.40 төгрөгийн алданги,нийт 2,460,659.10 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 59,320,604.40 төгрөгийн зөрчилд ногдох 5,932,060.50 төгрөгийн нөхөн татвар, 132,612.40 төгрөгийн торгууль,65,431.30 төгрөгийн алданги,нийт 6,130,104.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

    Үүнээс нэхэмжлэгч шүүхэд нийт 48,207,443 төгрөгийн /тавилга хэрэгсэл худалдан авсан 27,235,715.11 төгрөг,онгоцны тийзний үнэ 1,730,653.9 төгрөг,бензин шатахууны зардалтай холбоотой 19,241,074 төгрөг/зөрчилд ногдох нөхөн татвар,торгууль,алдангийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

        А/ 27,235,715.11 төгрөгийн тавилга хэрэгсэл худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлтэй эсэх талаар:

      Нэхэмжлэгч “Ст” ХХК нь “Ганброс”ХХК ,”Акватик” ХХК, ”Евро электроникс” ХХК, “Таванбогд трейд” ХХК зэрэг байгууллагуудаас нийт 27,235,715.11  төгрөгийн үнэ бүхий ширээ,туслах ширээ,төмөр шүүгээ,сандал,проекторын дүрс гаргах зориулалт бүхий хөшиг,буйдан,шүүгээ зэргийг худалдан авч компанийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа талаар нэхэмлэлжлэлдээ дурдсан байна.

      Нэхэмжлэгч, хариуцагч нар тавилга эд хогшил авсан гэх үнийн дүнгийн талаар маргаагүй байгаа  бөгөөд нэхэмжлэгч “ эдгээр тавилгуудыг манай компанийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан ашиглаж байгаа тул НӨАТ-аас хасагдах ёстой “ гэж хариуцагч нар “эдгээр тавилгыг Улаанбаатар хотоос худалдан авахдаа хүргэлтийн үйлчилгээгээр хүүхдийнхээ гэрт хүргэсэн байдаг тул хувийн хэрэгцээний барааа гэж үзэх тул НӨАТ- аас хасагдахгүй “гэж маргаж байна.

       Татварын улсын байцаагч нар эдгээр тавилга эд хогшлыг нүдээр үзэж шалгаагүй талаар тайлбар гаргасан атлаа хувийн хэрэгцээний  бараа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй боловч нэхэмжлэгч эдгээр тавилгыг өөртөө үндсэн хөрөнгө олж авах зорилгоор худалдан авсан байна.

       Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тавилга,эд хогшилын худалдан авалт нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан бараа,ажил үйлчилгээнд хамаарахгүй юм.

      “Ст” ХХК нь дулаан үйлдвэрлэх,дулаан  граж,авто угаалга,төмс хүнсний ногоо үрийн тариалан,давс боловсруулах,үйлдвэрлэх,мод үржүүлэг,мэдээлэл холбооны тоног төхөөрөмжийн холболт суурилуулалт,амралт спортын бараа тоног төхөрөмжийн худалдаа,жимс жимсгэнэ тариалалт зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн холбогдох худалдааны байгууллагаас худалдан авсан тавилга, эд хогшил нь компанийн үндсэн үйлдвэрлэл,үйлчилгээнд шууд хамааралгүй байх бөгөөд, харин компанийн эд хөрөнгийг нэмэгдүүлсэн байна.

    “Ст” ХХК-ийн 2015 оны санхүүгийн тайлангаас үзэхэд үндсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдээгүй,өмчийн өөрчлөлтийн тайланд өөрчлөлт тусгагдаагүй байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрийн үндсэн хөрөнгөд дээрх тавилга,эд хогшлыг тусгаагүй байгааг тэмдэглэв.

       Дээрх тавилга,эд хогшил компанийн үндсэн үйл ажиллагаатай холбогдож, нэмүү өртөг бий болгохгүй тул нэхэмжлэгч нь эцсийн хэрэглэгчийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгч байна.

         Иймд тавилга хэрэгсэл худалдан авахад төлсөн 27,235,715.11 төгрөгийн зөрчилд хамаарах актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Б/ Онгоцны тийзний үнэ 1,730,653.9 төгрөгт холбогдох зөрчлийн талаар:

            Нэхэмжлэгч “Аеромонголиа” ХХК-аас 267,745.0 төгрөгийн тийзийг Б.Тогтохбуян, 1,111,999.9 төгрөгийн тийзийг Н.Бүрэн, “Хүннү Эйр” ХХК-аас 350,909.0 төгрөгийн тийзийг Ц.Уранбилэг нарын компанийн гэрээт ажилчдад Увс-Улаанбаатар, Улаанбаатар-Увс чиглэлийн нислэгт зориулан худалдан авсан бөгөөд уг нислэгээр компанийн ажилчид жимсний модны суулгацыг Улаанбаатар хотод зарж борлуулах болон компанийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зэрэг компанийн тухайн үеийн болон ирээдүйд орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлууд тул нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийгдэх ёстой гэж үзжээ.

            Хариуцагч нарын хувьд “онгоцны тийзийг хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгчийн дээр дурдсан үндэслэлүүд нь компанийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулалтууд байх боловч эдгээр нь холбогдох баримтаар нотлогдоогүй байна.Өөрөөр хэлбэл Б.Тогтохбуян,Н.Бүрэн,Ц.Уранбилэг нарыг компанийн гэрээт ажилчид болох талаарх баримт,гэрээ байхгүй,хичнээн суулгац Улаанбаатар хот авч явж худалдан борлуулсан талаарх баримтгүй, компанийн үйл ажиллагаанд ямар мэргэжлийн дэмжлэгийг хэрхэн үзүүлсэн зэрэг нь баримтаар тогтоогдоогүй байна.

        Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр онгоцны билетийн үнэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

            в/ Түлш шатахууны худалдан авалт болох 19,241,074 төгрөгийн зөрчлийн талаар:

            “Ст” ХХК нь 2015 онд 61,374,285 төгрөгийн бензин шатахууны худалдан авалтын зардал гаргасан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд үүний 42,133,211 төгрөгийн зардлыг 2015 оны санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлангийн Түлш шатахуун,тээврийн хөлс сэлбэг хэрэгсэлд төлсөн зардал хэсэгт,үлдэх 19,241,074 төгрөгийн зардлыг Санхүүгийн тайлангийн Мөнгөн гүйлгээний тайлангийн бараа материал худалдан авахад төлсөн зардал хэсэгт тус тус бүртгэж нягтлан бодох бүртгэлдээ тусгасан,нүүрсний тээврийн хөлсний төлбөр болон Улаанбаатар хотоос уурын зуухны тогоо,холбогдох тоног төхөөрөмжийг Улаангом сум хүртэл тээвэрлэхтэй холбоотой тээврийн хөлсний төлбөрийг бензин шатахуун хэлбэрээр олгосон, уг шатахууныг борлуулагч этгээдтэй богино хугацаат төлбөрийн нөхцөл бүхий зээлийн гэрээгээр худалдан авч төлбөрийг төлсөн тул НӨАТ-аас хасагдана гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хариуцагч нарын зүгээс “ худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл,падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     “Ст” ХХК 2015 онд 61,374,285 төгрөгийн бензин шатахууны худалдан авалтын зардал гаргасан бөгөөд уг зардлыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа ажил үйлчилгээ хэсэгт хамруулж төсөвт төлөх татварын хасалт хийж тайлагнасан нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч,хариуцагч нар үнийн дүнгийн талаар маргаангүй болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д иргэн хуулийн этгээдийн үйлдвэрлэл,үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор заасан байхын зэрэгцээ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заажээ.

      Мөн 2015 онд мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 283 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх,буцаан олгох,тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5-р зүйлийн 5.1.1-д “үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, шатахуун,тослох материал,бусдаар гүйцэтгүүлсэн ажил,үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл,үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл,үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох НӨАТ-ын хасалтыг хийнэ “ гэж зохицуулжээ.

      Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 19,241,074 төгрөгийн шатахууныг үндсэн үйлдвэрлэлийн түүхий эд болох нүүрс тээвэрлэлт болон холбогдох ажил гүйцэтгэсний хөлсөнд төлж зарцуулсан тохиолдолд албан татвараас хасч тооцогдох хэдий ч нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаж баримтаар тогтоогдож байх шаардлагатай болно.

      Шүүхээс хэрэгт авагдсан Ст ХХК-ийн 2015 оны санхүүгийн тайланг шүүн үзэхэд бензин худалдан борлуулагч компаниудаас НӨАТ ногдсон дүнгээр нийт 72,621,713.2 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авсан тухай 26 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байна.

         Харин төлбөр төлсөн баримтын хувьд 2015 онд 8 удаагийн мөнгөн шилжүүлгээр 32,084,115 төгрөг, 2016 онд нийт 3 удаагийн мөнгөн шилжүүлгээр 10,099,103 төгрөг,нийт  42,183,218 төгрөгийн төлбөрийг худалдагч талд төлсөн байна.

         Санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайланд түлш шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн хэсэгт 42,133,211 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар тусгагдсан байх ба бараа материал худалдан авахад төлсөн хэсэгт 64,127,634 төгрөгийн мөнгөн гүйлгээ хийгдсэн талаар тэмдэглэгдсэн, нэхэмжлэгчээс 19,241,074 төгрөгийн бензины худалдан авалтын төлбөр 64,127,634 төгрөгийн мөнгөн гүйлгээнд тусгагдсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтаар бензин худалдан борлуулагчид нийт 42,183,218 төгрөгийн төлбөрийг төлжээ.

       Мөн санхүүгийн тайланд “Ст” ХХК болон “Ундарга Увс” ХХК хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх,худалдан авах гэрээ авагдсан бөгөөд гэрээнд төлбөрийг тухайн сар бүрийн 30-ны дотор төлж барагдуулахаар, “Тэс петролиум” ХХК тай байгуулсан шатахуун худалдан авах гэрээнд шатахуун татан авснаас хойш 5 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх,худалдагч тал худалдан авсан шатахууны төлбөрийн нэхэмжлэлийг худалдан авагчид хүргүүлнэ,худалдан авагч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

        Бензин,түлш шатахууны төлбөрийн нэхэмжлэхийн хувьд тэс петролиум ХХК-ийн 6.255.931,80 төгрөгийн нэхэмжлэх санхүүгийн тайланд авагдсан бөгөөд өөр бусад нэхэмжлэх байхгүй байна.

    Санхүүгийн тайланд А.Мундагбаатар гэх иргэнтэй байгуулсан хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ,Т.Жаргалсайхан гэх иргэнтэй байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ авагдсан байна.Ачаа тээвэрлэлтийн гэрээнд хөлсийг шатахуунаар тооцохоор тохиролцжээ.

          Мөн санхүүгийн тайланд 2015 оны 7,8, 9,10 саруудад жолооч нарт олгосон бензин шатахууны бүртгэл гэх гар бичмэл авагдсан ба уг бүртгэлд жолооч нар бензин авсан талаар гарын үсэг зурсан байх боловч бензиныг хэдэн төгрөгийн хөлсөнд хэрхэн тооцож олгосон нь тодорхойгүй, зарцуулалтын тайлан,бараа материалын тайлан байхгүй байна.

        Нэхэмжлэгч нь 2015 онд 19,241,074 төгрөгийн бензин шатахууны төлбөрийг  төлсөн баримтгүй, төлбөртэй холбоотой нэхэмжлэх хүлээн аваагүй,зарцуулалтын тайлан тодорхойгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

       Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу татварын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

        Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүргийг хүлээхээр заасан байна.

       Мөн 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн,  шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж  мөн зүйлийн 7.7-д Анхан шатны баримтгүй гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэж тус зохицуулсан болохыг тэмдэглэв.

         Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж,үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.13,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн “үндэслэлгүй төлөгдсөн татварын алдангийг “Ст” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ст” ХХК-д үндэслэлгүй төлөгдсөн татварын алдангид 5,162,920 төгрөгийг шилжүүлэхийг Увс аймгийн Татварын  хэлтэст даалгасугай.

       2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн татварын улсын байцаагч С.А, П.А нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагчийн 2016.11.21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48207443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ст” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ст” ХХК-д олгосугай.

       4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЛТАНЦЭЦЭГ