Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00037

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0319/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Нарийн бичгийн дарга: Э.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар захирамжтай шүүгдэгч Ж.Б-д холбогдох 1738000000124 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Ш овогт Ж-ийн Б, ... оны .....дугаар сарын .....-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч Ж.Б-нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “хичээлээсээ хоцорлоо” гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй Г.О-ийн чих рүү  алгадаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ж овогтой Б-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ...Прокурорын газраас Ж.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д хамаарагдаж байна. Дээрх журамд хамаарагдаж байгаа хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасны дагуу цагаатгах эсхүл шийтгэх тогтоолын аль нэгийг гаргах ёстой байтал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “хичээлээс хоцорсон” гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч  Г.О-ийн чих рүү алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.Б-ийн холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  буюу  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байх ба шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4  дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр  хэргийг прокурорт буцаажээ.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4- т  заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,  прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” нөхцөл байдлыг хянах бөгөөд дээрх нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан байна.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээс гадна  шүүгдэгч Ж.Б  “...зүйлчилсэн зүйл ангийг  хүлээн зөвшөөрөхгүй, үүсэх үр дагаврыг танилцуулаагүй” гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т  заасан нөхцөл байдлыг хянаад дээрх нөхцөл байдал хангагдсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9-д заасан тогтоол,  хангагдаагүй  гэж үзвэл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРХҮҮ

                        ШҮҮГЧИД                                              Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                        Б.СОСОРБАРАМ