| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0359/Э |
| Дугаар | 330 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Э |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 330
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Х.Э ,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны 3 дугаар сарын 26-ны өдөр ............ аймагт төрсөн, ........... настай, .....эгтэй, ......... боловсролтой, мэргэжилгүй, ........ ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..............тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .................... Д.О, /РД:............/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Монопол” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс уншуулаад авалгүй орхиж явсан насанд хүрээгүй С.Ө 455.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.О шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэв.
2. Хохирогч Л.Смөрдөн байцаалтын шатанд: “ ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байгаад нөхөртөө эм авах гээд мөнгөний хэрэг гараад өөрөө явж чадахгүй хөл өвдөөд ач хүү С.Өлзий-Очирт тэтгэврийнхээ картыг өгөөд АТМ явуулсан юм. Тэр өдрөө бол картанд байсан мөнгө алга болсон талаар мэдээгүй, маргааш нь картнаасаа мөнгө авах гээд л мэдсэн. Тэгээд ач хүгээсээ асуутал 20.000 төгрөг авах гэж байгаад картанд байсан мөнгийг бүгдийг нь гаргачихсан, тэгээд 20.000 төгрөгөө аваад үлдсэн мөнгийг нь карт руу буцаагаад хийгээд өгөөч гээд арын эгчийг гуйгаад өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
3. Эд зүйл буюу 455000 төгрөг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6-7х/,
4. Насанд хүрээгүй гэрч С.Ө “...Би АТМ-ээс 20.000 төгрөг авах гэж байгаад бүх мөнгийг нь гаргаад ирсэн. Тэгээд буцааж хийж мэдэхгүй болохоор хажууд зогсож байсан улаан курткатай эгчийг гуйгаад хийгээд өгөөч гээд мөнгөө өгтөл болчихсон гэж хэлэхээр нь картаа аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
5. Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 26-27/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Монопол худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс уншуулаад авалгүй орхиж явсан насанд хүрээгүй С.Ө 455000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.О -г бусдын өмчлөл, эзэмшилд байгаа мөнгийг мэдсээр байж 455000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Од оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР