Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 561

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Адалбек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Б-н Л-д холбогдох эрүүгийн 2005009880698 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Тариачин овогт Б-н Л.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Л нь 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 6-126б тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Агийн хоолойг нь боож нүүр толгойд нь гараараа цохиж биед нь тархи доргилт, хоёр нүдний дээд зовхи, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

хамтран амьдрагч Б.Аг 2019 оны 5 дугаар сард Булган аймгийн Дашчилэн сумын нутаг дэвсгэрт Хонхор нуурын орчим 7 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгаан дарж харгис хэрцгий харьцсан,

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодсон,

2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд машин дотроо зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Би эхнэрээсээ уучлалт хүссэн. Одоо бид хоёрын хоорондын харилцаа хэвийн хамт амьдарч байгаа “гэв.

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн нэг хүүхэдтэй. Тэр хүүхдийг маань хөдөө манай аав, ээж хардаг юм. Л бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Миний том хүүхэд хөдөөнөөс судасны нарийсал өвчний улмаас энд эмчилгээнд ирж байгаа. Би хүүхдийнхээ эмчилгээг хийлгэх шаардлагатай байгаа тул  бага хүүхдээ Лгээр харуулна. Миний хувьд Лд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд “2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэртээ 6 сартай хүүхдийн хамт өнжсөн. Би орой 20:00 цагийн орчим хүүхдээ аваад дэлгүүр ороод хүүхдийн сүү, живх, 2.5л савтай нийслэл пиво аваад гэртээ ирсэн чинь  нөхөр Л ахынхаа гэрийг нүүлгэж өгсөн гээд гэрийн үүдэнд таараад хамт орж ирээд би хоолоо хийгээд бид хоёр пиво хувааж уусан. Бид хоёр хэд хоног хоорондоо таарамж муутай байсан. Нөхөр 3 стакан пиво уугаад үлдэгдэлийг нь би өөрөө уусан. Хүүхдийнхээ сүүг найруулаад өгөөч гэж нөхөрт хэлсэн чинь уурлаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байхад аяга хоол хийж өгөхгүй ч гэсэн хүүхдийнхээ сүүг найруулаад өгөөч гэж хэлсэн ядаргаатай пизда вэ гэж хэлээд миний баруун талын шанаа орчим гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би уурлаад хашгираад орилж байгаад цагдаа дуудсан. Тэгсэн нөхөр яасан их цагдаа дууддаг юм гээд миний хоолойноос багалзуурдаж байгаад 2 нүд рүү гараараа 3-4 удаа цохиж дахин хоолой боосон чинь нэг мэдсэн чинь нөхөр миний нүүр рүү ус цацаж 2 талын хацар руу гараараа алгадаад намайг сэрээсэн. Тэгсэн миний гар утсийг надад өгөөд цагдаа чинь залгаад байна гэж хэлсэн. Нөхөр хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сарын орчим намайг цохиж зодож байгаад 7 хоногийн хугацаатай баривчилгаанд явж байсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл цохиж зодоогүй. Миний хоёр нүдний дээд доод зовхи хөхөрч няцарч хавдсан. Баруун талын нүдний харалдаа шанаа орчим хөхөрч хавдаад дотороо их хатуу болсон байна. Мөн хоолой улайж хөхөрсөн, цус хурсан байна. Би гомдолтой байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/,

“...би тэр өдөр Лгийн биед халдаагүй. Зүгээр унтаад байхаар нь охиндоо сүү найруулаад өгчих гээд нэг гарынхаа хуруугаар гэдэс орчим хальт нэг удаа хатгасан. Тэгсэн чинь Л унтаж байсан орноосоо босож ирээд маш их уурлан намайг зодсон...тэр өдөр эхэндээ бол нэг гараараа боож байгаад алгадсан тэгээд дараа нь бол дахин нэг гараараа боож байгаад орон дээр даран толгой руу нэг гараараа цохиж байсан...намайг 7 сартай жирэмсэн байхад зодож байсан бөгөөд тэр үед бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны цаахан талд байдаг түрээслэн амьдарч байсан хаягнаасаа цагдаад дуудлага өгч зодуулсан боловч Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар дуудаж байцаалт авч байгаад дуусч байсан. Бас 2019 оны 7 дугаар сард наадмын үеэр Л бид хоёр Өмнөговь аймагт явж байхад намайг зодож байсан...охин маань 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгаас манайд ирчихсэн байсан бөгөөд Л манай охиныг загнаад зодоод байхаар нь би нэг аяга аваад боль гээд шидчихсэн юм. Тэр үед Л намайг боож байгаад миний нүүрэнд маш олон удаа цохиж байсан...одоо өдрийг нь санахгүй байна. 2019 оны 7 дугаар сард Өмнөговь аймгийн наадамд явж байхад Л машин дотор сууж байхдаа нэг гарынхаа тохойгоор багалзуур орчим дарж байгаад нөгөө гараараа нүүрэнд цохиод байсан. 2019 оны 5 сад намайг 7 сартай жирэмсэн байхад хардалтын улмаас миний цээж рүү өшиглөөд жирэмсэн байсан гэдэс рүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Эрсдэлийн түвшинг тогтоосон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ  /хх-ийн 56/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 81/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: “Намайг 2019 оны 11 дүгээр сард амралтаар хотод ээж дээр очиж байгаад аймаг руу буцахын өмнө ээж, Лхагваа ах хоёр гэртээ байсан. Аав дэлгүүрээс том пиво авчирсан тэгэхэд Лхагваа ахын хамаатны ах эгч нь гээд хоёр хүн байсан. Тэд нар пиво ууцгаасан тэгж байгаад ээж  нялх дүүг хөхүүлж байгаад Лхагваа ахад өгөөд цай уух гэсэн чинь Лхагваа ах хүүхдээ ав гээд уурлаад байсан. Тэгэхэд ээж хүүхдээ авахгүй чимээгүй суугаад байсан. Тэгээд ээж аягатай цай уух гэж байсан чинь Лхагваа ах ээжийн аягатай цай руу өшиглөөд нүдийг нь цохисон. Тухайн үед аяга нь хагараагүй. Тэгээд би ээжийгээ очоод хамгаалаад тэвэрсэн чинь Лхагваа ах миний хаца рруу алгадаж унагаад боссон чинь хоолойгоор гараараа боочихоод дээш нь өргөөд ор руу шидсэн тэгж байхад цагдаа нар ирсэн. Хажууд байсан ах, эгч хоёр нь Лхагваа ахыг хориод салгасан...миний хүзүүнд хөхөрсөн байсан. бас хөлөн дээр хөхөрсөн. Цээжинд хөхөрсөн байсан. Ээж аягатай цайгаа яг ууж байхад нь өшиглөсөн. Тэгэхэд ээж газар суугаад чимээгүй байгаад байсан чинь ээжийн цамцнаас нь татаад бос гэж загнаад байсан. Тэгж байгаад цамцыг нь урчихсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

 

Гэрч Б.Өнөржаргал мөрдөн байцаалтанд: “Манай охин А нь Б.Лтэй ханилж гэр бүл болоод 3 жил хамт амьдарч байна. Энэ хоёр дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн. А өмнөх нөхрийнхөө нэг хүүхэдтэй байсан юм. Тэр нь Нандин-Эрдэнэ байгаа юм. А, Л нар Улаанбаатар хотод амьдардаг болохоор гэртээ ямар байдалтай байдгийг би мэдэхгүй юм. 2019 оны наадмаар буюу 7 сарын 12-ны өдөр А, Л нар манайд ирчихсэн байж байгаад хамтдаа гарч яваад ирэхдээ Агийн нүд нь хөхөрсөн, зүүн талын мөрөн дээр нь хөхөрсөн байсан. Тухайн үед би Агаас учрыг нь асуусан чинь А надад юм хэлэлгүй байж байгаад сүүлд А, Л зодсоноос болж нүд хөхөрсөн гэж хэлсэн...2020 оны 2 дугаар сард би Нандин-Эрдэнийг хот руу гэр рүү нь явуулах гэсэн чинь би явмааргүй байна. Лхагваа ах ээжийг жирэмсэн байхад бид хоёрыг зодоод гудамжинд хонуулж байсан тэгэхдээ бас намайг зодож хоолой боогоод өргөж шидсэн би айгаад байна гэж уйлаад байсан. Тэгэхээр нь би охиноо явуулаагүй. Тэгээд би Лтэй ярих гэж утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би Агаас утсаар яриад асуухад дэмий юман дээрээс болж маргалдаад Л архи ууж ирчихээд бид нарыг зодсон гэж хэлсэн. Л архи уучихаараа л зодоод байдаг юм шиг байна лээ. Миний мэдэж байгаагаар бол 2019 оны 7 сарын 12-нд манайд байхдаа нүдийг нь хөхөртөл зодсон байсан. А төрсөн эгч Ариунгэрэлтэй утсаар яриад нөхөртөө зодуулсан гээд зургаа явуулсан байсан. Тухайн үед нүүр нь тэр чигээрээ хавдартай, хүзүү нь улайчихсан аймаар болсон байсан. Тэрийг нь Ариунгэрэл надад хэлж үзүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

 

Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд: “2019 оны зун байх сар өдрийг нь сайн санахгүй байна. А, Л хоёр хотоос ирлээ гээд  намайг дуудахаар нь би хаана байна гэж асуусан чинь Хонхор нууран дээр байна гэхээр нь 2 том пиво аваад очиход Ууганбаяр, А, Л гурав сууж байсан. Тэгээд пиво аягалж өгөөд удалгүй тэр хоёр хоорондоо маргалдаад Л, Аг үснээс нь зулгаагаад дараад авсан. Тэгтэл Лгийн аав, ээж хоёр салгаад аваад явсан...ээж нь чи болиоч хүний хүүхэд яаж байгаа юм бэ наадах чинь жирэмсэн гээд хашгираад салгасан.  А, Лд зодуулсан гэж надад зураг үзүүлж байсан. 2019 оны 11 сард байх А Лд зодууллаа гээд нүд нь хөхөрсөн зураг чатаар явуулж харуулсан битгий устгаарай гэж байсан. Миний утас болохгүй нэг нээсэн чинь зураг нь устгагдсан байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

 

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтанд: “2019 оны зун...Л Аг үснээс нь зулгаагаад дараад авсан тэгтэл Лгийн аав ээж нь салгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3481 дугаартай “Б.Агийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд зовхи, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 38/

 

Б.Л мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр би ахынхаа гэрийг нүүлгэж өгчихөөд орой 21 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгсэн гэр эзэнгүй эхнэр хүүхэд байхгүй байхаар нь гэрийн гадаа түлхүүр байхгүй хүлээсэн. Тэгээд эхнэр А удалгүй хүүхдээ тэврээд гэртээ ирсэн. Би эхнэр хүүхдээ аваад гэртээ ортол манай эхнэр хүүхдийн живх, сүү, нийслэл нэртэй 2,5 л пиво авчихсан ирсэн. Тэгээд эхнэр хоолоо хийж байхдаа пиво уугаад байсан. Би хоолоо идчихээд савтай пивоноос нь 3-4 стакан уусан. Тэгээд эхнэр дахин пиво ууя гэхээр нь авчирч өгсөн. Эхнэр бид хоёр нилээд талд нь хүртэл уучихаад байж байхад хүүхэд уйлахаар нь би авч унтуулчихаад хүүхдийнхээ хажуугаар ороод унтаж байхад эхнэр намайг унтуулахгүй хөлнөөс  чангаагаад босоод ир дахиад ууя гээд байхаар нь уухгүй үгэнд ороод зүгээр унтчих гэсэн чинь унтахгүй суугаад байсан. Би тэр хооронд жаахан дуг хийгээд унтчихсан байсан чинь миний гэдсэн дээр гараараа хоёр удаа цохихоор нь би босч ирээд уурлаад унтаач гэсэн чинь над руу дайраад миний баруун талын шанаа орчим 2 удаа алгадахаар нь зөрүүлээд баруун талын шанаа орчим нэг нэг удаа алгадсан чинь эхнэр гар утсаа аваад цагдаа дуудсан. Тэгээд гаднаас цагдаа ороод ирсэн. Би урьд нь эхнэрээ нэг удаа цохиж зодож байсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхнэрээ зодоод шүүхээр ороод 7 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан. Тэрнээс хойш эхнэр хүүхдээ зодоогүй харин өнгөрсөн шөнө ийм асуудал боллоо...би эхнэрээ цохиж зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 8/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ЗШ/1032 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 102/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг. Шүүгдэгч Б.Л хамтран амьдрагч Б.Аг 2019 оны 5 дугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт Хонхор нуурын орчим 7 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгаан дарж харгис хэрцгий харьцсан,

-2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодсон,

-2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

хохирогч Б.Агийн “ Л 2019 оны 11 дүгээр сард намайг зодоод Баянголын шүүхээр орж 7 хоногийн баривчилгаанд явж байсан. Тэрнээс өмнө намайг 7 сартай жирэмсэн байхад зодож байсан бөгөөд тэр үед бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны цаахан талд байдаг түрээслэн амьдарч байсан хаягнаасаа цагдаад дуудлага өгөөд шалгуулсан боловч Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар дуудаж байцаалт авч байгаад дуусч байсан. Бас 2019 оны 7 дугаар сард Өмнөговь аймгийн наадамд явж байхдаа Л машин дотор сууж байхдаа нэг гарынхаа тохойгоор багалзуур орчим дарж байгаад нөгөө гараараа нүүрэнд цохиод байсан. Тэр үед миний нүд бас хөхөрч байсан боловч би хэнд ч хэлээгүй. 2019 оны 5 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Намайг 7 сартай жирэмсэн байхад Л хардалтын улмаас миний цээж рүү өшиглөөд гэдэс рүү цохиж байсан...одоо яг санахад 2019 оны 5 сард болсон асуудал тэдний гэр болох Булган аймгийн Дашинчилэн суманд...Л гэнэт босч ирээд намайг зодож байсан. Лгийн аав ээж нь намайг “чи миний хүүгийн толгойг эргүүлж байна, чи хөгшин хүүхэн гэж хэлээд Лг гэртээ оруулж унтуулсан мөртлөө намайг гадаа машинд унт гээд гаргаж байсан...тэгээд би хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад өргөдөл гаргасан чинь манай нутаг дэвсгэрт болоогүй байна, Дашинчилэн рүү харьяаллаар шилжүүлнэ, тийшээ явж шалгуулаарай гэхээр нь би тэр хол явж чадахгүй гээд гомдлоо буцааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Б.Өнөржаргалын“...Агийн нүд нь хөхөрсөн, зүүн талын мөрөн дээр нь хөхөрсөн байсан...сүүлд А Л зодсоноос болж нүд хөхөрсөн гэж хэлсэн...2020 оны 2 дугаар сард би Нандин-Эрдэнийг хот руу гэр рүү нь явуулах гэсэн чинь би явмааргүй байна. Лхагваа ах ээжийг жирэмсэн байхад бид хоёрыг зодоод гудамжинд хонуулж байсан тэгэхдээ бас намайг зодож хоолой боогоод өргөж шидсэн би айгаад байна гэж уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 31/, гэрч Б.Эрдэнэчимэгийн “2019 оны зун байх сар өдрийг нь сайн санахгүй байна..тэр хоёр хоорондоо маргалдаад Л, Аг үснээс нь зулгаагаад дараад авсан. Тэгтэл Лгийн аав, ээж хоёр салгаад аваад явсан...ээж нь чи болиоч хүний хүүхэд яаж байгаа юм бэ наадах чинь жирэмсэн гээд хашгираад салгасан.  А, Лд зодуулсан гэж надад зураг үзүүлж байсан. 2019 оны 11 сард байх А Лд зодууллаа гээд нүд нь хөхөрсөн зураг чатаар явуулж харуулсан битгий устгаарай гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Б.Ууганбаярын “2019 оны зун...Л Аг үснээс нь зулгаагаад дараад авсан тэгтэл Лгийн аав ээж нь салгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, эрсдэлийн түвшинг тогтоосон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 56/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 81/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Б.Л 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Нарангийн 6-126б тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Агийн хоолойг нь боож нүүр толгойд нь гараараа цохиж биед нь тархи доргилт, хоёр нүдний дээд зовхи, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Лгийн “...өнгөрсөн шөнө ийм асуудал боллоо...би эхнэрээ цохиж зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, хохирогч Б.Агийн“...хүүхдийнхээ сүүг найруулаад өгөөч гэж хэлсэн ядаргаатай пизда вэ гэж хэлээд миний баруун талын шанаа орчим гараараа нэг удаа алгадсан...миний хоолойноос багалзуурдаж байгаад 2 нүд рүү гараараа 3-4 удаа цохиж дахин хоолой боосон чинь нэг мэдсэн чинь нөхөр миний нүүр рүү ус цацаж 2 талын хацар руу гараараа алгадаад намайг сэрээсэн...миний хоёр нүдний дээд доод зовхи хөхөрч няцарч хавдсан. Баруун талын нүдний харалдаа шанаа орчим хөхөрч хавдаад дотороо их хатуу болсон байна. Мөн хоолой улайж хөхөрсөн, цус хурсан байна. Би гомдолтой байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/ болон шинжээчийн 3481 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

   

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Л, хохирогч Б.А нар дундаасаа нэг хүүхэдтэй хамтран амьдардаг эхнэр, нөхрийн харилцаатай байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан ...үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Л нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Аг 2019 оны 5 дугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт жирэмсэн болохыг нь мэдсээр байж харгис хэрцгий харьцсан, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодсон,  2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр  Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зодож, харгис хэрцгий харьцсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн шинжийг агуулсан байна. 

Мөн шүүгдэгч Б.Л 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Нарангийн 6-126б тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Агийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Лгийн, хохирогч /эхнэр/ Б.Агийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн дээрх үйлдлүүд нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно. 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Лг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Би ч маргахгүй байна, гэхдээ гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэж, өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох талаархи санал дүгнэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч Б.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Лг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцов. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Лг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Б.Лгийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын эрх, эрх чөлөөнд удаа дараа халдсан, урьд нь мөн эхнэр Б.Агийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1032 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1,3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлагдсаны дараа өөртөө дүгнэлт хийхгүйгээр дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Агийн биед хөнгөн гэмтэл учруулсан хувийн байдлыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Б.Лгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.