Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Жавхлан хөтлөн

иргэдийн төлөөлөгч Б.Мөнх-Отгон

улсын яллагч С.Цэрэндорж

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж, түүний өмгөөлөгч Б.БуянЖ

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч С.Соронзонболд

шинжээч эмч Т.Амартүвшин

гэрч Ч.Мөнхцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санжаа овогт Байгалжавын Ит холбогдох эрүүгийн 2005000000316 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С овогт Б-н И.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.И 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 9 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.А.Аг зодож зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, ууцны зулгаралт, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтлийг учруулж тус гэмтлийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр А.А.Агийн амь нас хохирсон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:                

Шүүгдэгч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2020 оны 2 сарын 21-ний өдрийн  21 цагийн орчим халуун устай буудал орж усанд орох гээд явж байгаад өмнө нь сайн танихгүй ганц нэг удаа хамт архи ууж байсан А.А ахтай таарсан. А.А ах нилээн ядарсан шинжтэй явж байхаар нь цагаан сар дөхөж байсан болохоор түүнийг бас усанд оруулчих юмсан гэж бодсон. Тэгээд Богд-Ар хороололын захаас архи аваад Ганзүмбэрэл буудал руу авч орсон. Тэр буудлын ах, эгч хоёр дагуулж яваа хүнийг чинь оруулахгүй муухай үнэртэй байна гэж А.А ахыг хэлсэн. Тэгэхээр нь би гуйсаар байгаад 40000 төгрөгийн халуун устай өрөө рүү хамт авч орсон. Буудлын өрөөнд ороод авсан архинаасаа стаканд архи хийж өгөхөд А.А ах нэг уугаад шууд унаад хурхираад унтаад өгсөн. Би түүнийг тэгж байгаад сэрэх байх гэж бодоод усанд орж, дотуур хувцсаа угааж тавьсан. Тэгээд би ч унтаад өгсөн. Тэгтэл шөнө хүн буудлын өрөөний хаалга тогшоод зурагтынхаа дууг сулруул гэж хэлсэн.  Тэгээд би унтаад өглөө сэртэл буудлын хүн “өрөөнөөс чинь өмхий үнэртээд байна, бусад өрөөнд байгаа улсууд өмхий үнэртээд байна, мөнгөө аваад буудлаас чинь гарлаа гээд байна, наад хүнээ гарга” гэж загнасан. Тэгэхээр нь би А.А ахыг сэрээх гээд хэд хэд алгадахад сэрэхгүй болохоор нь би буудлаас гараад вокзал орсон. Вокзал дээр би Мөнхбаттай таараад “буудлаас хамт орсон хүнээ гаргах гээд би ганцаараа дийлэхгүй байна, чи надад туслаач” гэж хэлээд хамт буудал руу явсан. Буудалд ирээд Мөнхбат буудлын хүнд “түргэн дуудвал яасан юм бэ” гэж хэлсэн. Буудлын хүн “хүнээ гаргаж, өрөө цэвэрлэж өг” гээд байхаар нь Мөнхбат бид хоёр А.А ахыг хамт өргөж гаргаад тавьсан. Мөнхбат буудлын өрөөг цэвэрлэсэн.  Би А.А ахыг сайн санаж буудалд дагуулж авч орсон. Түүнийг сэрээх гэж сэгсрээд алгадсан үйлдэл хийсэн.  Ийм зүйл болсонд харамсаж байна гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач бол миний төрсөн эцэг юм. Би болсон үйл явдлыг хараагүй ч И юу ч болоогүй юм шиг зогсож байгаа нь надад онцгүй санагдаж байна. Миний аав хааяа архи уух нь уудаг хүн байсан. Би хамгийн сүүлд аавтайгаа 1 сард уулзахад ямар нэгэн шарх, сорви биед нь байгаагүй. Оршуулгын зардалд 10-аад сая төгрөг зарцуулсан боловч би зарим баримтаа бүрдүүлж аваагүй. Хэрэгт хавсаргасан 5.676.110 төгрөгийн баримт байгаа. Энэ мөнгийг Иаас нэхэмжилж байна. Хохиролтой холбогдох зарим баримтаа хэрэгт хавсаргаагүй байгаа. Аавын өмсөж явсан хувцаснуудыг шүүхийн журмаар устгахад татгалзах зүйлгүй. Шүүх үнэн зөвийг олж шийдэж өгнө үү. Миний хувьд гомдолтой байна гэв.

Гэрч А.Мөнхцэнгэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Намайг гэмтлийн эмнэлэгт ээлжтэй байхад 103-ын яаралтай түргэн тусламжаар хэн болох нь тодорхойгүй, ухаангүй байдалтай, комын байдалтай, өтгөнөө гаргасан байдалтай өвчтөн ирсэн. Комын байдал гэдэг нь ухаангүй, гадна орчинд харьцаагүй, команд биелүүлэхгүй байхыг хэлнэ. Тэр хүнийг бид КТГ хийж яаралтай хагалгаанд бэлтгэж оруулсан. Тэр хүн шинэ шархтай, тархиндаа гемотон буюу маш том цусан хураа үүссэн байсныг авсан боловч  ухаан ороогүй гэв.

Шинжээч эмч Т.Амартүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Талийгаачийн тархинд шинэ цусан хураа үүссэн байсан. Тархины цусан хураа бол мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, унах үед хүчний үйлчлэлээр үүсч болно.  Харин архи ууснаас болж тархинд цусан хураа үүсэхгүй гэдгийг өмгөөлөгчийн асуултанд хариулмаар байна. Комын байдал гэдэг бол ухамсарт ухаангүй, орчиндоо харьцаагүй, команд биелүүлэхгүй байхыг хэлэх бөгөөд комын байдалд орсон хүнд хурхирах, өтгөн, шингэнээ гаргах шинж илэрнэ. Эмчилгээ тасралтгүй хийгдсэн боловч комын байдалтай хүн бол сэргэхгүй. 24 цагийн дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үзнэ. Талийгаачийн биедээ авсан хавсарсан гэмтлийн хувьд ямар нэгэн үйлдэл хийх боломж байхгүй гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Иыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И согтуугаар 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 9 тоот өрөөнд А.А.Аг зодож биед нь “зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, ууцны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, “их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн дэлбэнгийн зулай, чамархай, дагзны эдийн няцрал, их тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүнд гэмтэл учруулж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө тус буудлаас Б.И гадагш гарч вокзал орчмоос Д.Мөнхбатыг дагуулан ирж уг буудлын өрөөнөөс А.А.Аг Д.Мөнхбаттай дамжлан гаргаж тус буудлаас 22 метрийн зайд, ойролцоох авто угаалгын газраас 11 метрийн зайд тавьсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Уг газраас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 9 цаг 30 минутын үед 103-ын яаралтай түргэн тусламжаар А.А.А гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн яаралтай хагалгаа хийгдэж, эмчилгээ хийлгэж байгаад 2020  оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус эмнэлэгт “их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн дэлбэнгийн зулай, чамархай, дагзны эдийн няцрал, их тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас баржээ.

 

Эдгээр байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэлд “ хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Ганзүмбэрэл дэн буудлаас хүн чирч гаргасан хүнийг 103  ирж авч явсан гэх дуудлагад ирэхэд...хүн хэвтэж байсан гэх газрыг 41, 45 дугаарын тэмдэглэгээ тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. /авто угаалгын газраас 11 метрийн 1 дүгээр орцноос 6 метрийн зайнд байв. Ганзүмбэрэл дэн буудлын хаалга хэсэг рүү явахад хаалга хүртэл 22 метрийн зайтай байв/ Үзлэгийг цааш үргэлжлүүлж...өрөөний баруун хойд хэсэгт нойл угаалтуурын өрөө байх ба үзлэг хийхэд угаалтуурын дор урд хэсэгт 10 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, өрөөний хаалганы урд хананаас 27 см зайд цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрл зургаар бэхжүүлэн авч харьцуулах шинжилгээнд 8 процентийн уусмал ашиглаж цус мэт зүйлийг бэхжүүлэн авав. Буудлын 9 номерийн өрөөнөөс ихүүн өмхий үнэртэй байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд модон орны баруун хүрээ хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг тэмдэглэлд тусгаж 16 ширхэг кадр зураг аван бэхжүүлж үзлэгийг дуусгав” гэжээ.“ /1хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-17/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архиваас авч хэрэгт хавсаргасан талийгаачийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 178-182/

 

Хохиролтой холбогдох баримтууд  /1хх-ийн 201-210/

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж мөрдөн байцаалтанд “Зургийг хараад шууд танилаа. Миний аав мөн байна...Ерөнхийдөө би аавыгаа архинаас гаргах гэж нилээн хичээсэн бөгөөд гэвч архинаас гарахгүй, эргээд уучихаад байдаг байсан юм. Оршуулгын зардалд ойролцоогоор 10 гаруй сая төгрөг одоогоор орсон байна. Би худалдаж авсан эд зүйлсүүдийн баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Зарим нэг газраас худалдан авалт хийсэн боловч түүнийхээ баримтыг аваагүй учраас гаргаж өгөх боломжгүй байгаад байна. Худалдан авсан эд зүйлсийн баримтуудаас гадна шашин номын буяны ажлыг хийхэд ламд болон бусад байдлаар хүмүүст гарыг цайлгаж байсан учир түүнд баримт байхгүй юм. Түүнийг дурдвал алтан хайрцаг нээлгэхэд ламд 200.000 төгрөг, гэртээ ном уншуулахад 200.000 төгрөг ламд, лам авч газар руу явахад 200.000 төгрөг, лүүжин тавиулахад 200.000 төгрөг ламд, арыг даатгах ламд 500.000 төгрөг, ажил явдалд явсан жолооч нарт нийлээд 200.000 төгрөг, тогоочид 50.000 төгрөг, яс барьж тэмдэг тавьсан хүнд 50.000 төгрөг нийт 5.676.110 төгрөг орсон. Талийгаачийн цогцосыг хадгалж байсан моорогт 300.000 төгрөг, газрын манаачид 50.000 төгрөг өгсөн. Мөн ажил явдалд зориулж бензинд 280.000 төгрөг, түлш авахад 171.500 төгрөг, нүүрс авахад 40.000 төгрөг, мод авахад 20.000 төгрөг, газ авахад 47.000 төгрөг гээд нийт ажил явдал баримттай болон миний тооцооллоор одоогоор 5.676.110 төгрөгний баримтыг гаргаж өгөөд байна. Бусад зардлын баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 31-37/

 

Гэрч Ш.Алтанхуяг /Ганзүмбэрэл дэн буудал түрээслэгч/ мөрдөн байцаалтанд  “ Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байхад орой 22 цаг 20 минутанд урдны танил И гэх залуу нэг тэнэмэл архичин гэмээр муухай үнэртэй залууг дагуулж орж ирээд өрөө авмаар байна гэсэн. Би ийм өмхий үнэртэй, бичиг баримтгүй ийм хүнтэй явж байгаа бол авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь И ядарсан юм, дулаан газар хонуулаад усанд оруулаад өглөө эрт бид хоёр гарчихна гээд надаас гуйгаад байхаар нь 9 тоот өрөөнд оруулсан юм. Уг өрөө нь дотроо нойлтой,  душтэй өрөө юм... 9 номерын өрөөг зааж өгч оруулаад, зурагтыг нь асааж нойлын цаас оруулж тавьчихаад гарсан...Үүнээс хойш шөнийн 00 цагийн орчимд зурагтны дуу чанга байсан учраас 9 номерын өрөөний гадна талаас хаалгыг нь тогшиж зурагтны дуугаа сулла гэхэд И нь за гэж хэлж байсан. Тэгээд би өрөө рүү нь оролгүй буугаад явсан. И нь өрөөнийхөө хаалгаа ч онгойлгоогүй. Гаднаас нь дуугаа намсаг гэж хэлчихээд яваад өгсөн. Өглөө 8 цаг 40 минутын үед коридороор аймаар өмхий үнэртээд байхаар нь яасан муухай үнэртэй юм бэ гээд 9 тоот өрөөг шагайхад аймаар өмхий үнэртээд нойлын өрөөний хаалга онгорхой Иын найз нь нойлын шалан дээр хэвтэж байсан. И босчихсон хувцсаа  өмссөн байсан. Намайг хараад И нь би хүн дуудаадхая найз нь ойрхон байдаг юм гээд гараад явсан.   И гарч яваад 15 минут орчим болоод нэг залуу дагуулж орж ирсэн. Тэгээд өрөөндөө ороод нөгөө найзыгаа аваад гарсан. И энэ хэд дулаан газар хонохоороо манарчихдаг юм, гараад зүгээр болчихно гээд дагуулж орж ирсэн найзынхаа хамтаар дамжилж гаргаад эргээд 2-лаа орж ирээд өрөөндөө орох гэхээр нь би дагаж ороод өрөөг нь харахад нойлын өрөөний почкины наагуур цаагуур баагаад шал ханаар нялаад хаясан байхаар нь Иыг цэвэрлэ гэхэд И нь “би хүний баас цэвэрлэж чадахгүй, харин миний дүү цэвэрлэчихнэ” гэхээр нь би хувийн алчуур бээлийтэй өгсөн. Тэр залуу нь баасыг нь цэвэрлэсэн. Тэгээд тэр хоёр өрөөндөө сууж байсан. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд “орцны үүдэнд танайхаас хоёр хүн, хүн гаргаж хэвтүүлчихээд явчихлаа,танайхаас хүн гарсан юм биш биз дээ” гэж асуухаар нь би “тэгсэн, хаана тавьсан байна” гэхэд тэр залуу “байрны орцны үүдэнд тавьсан байна” гэхээр нь би цагдаа дуудлаа гэхэд тэр орж ирсэн залуу цагдаа дуудсан байсан. Би тэр хооронд И, найзын хамт гараад явчих вий гэж бодоод сахиад байж байтал цагдаа нар ирсэн. Би Иаас найзыг нь яагаад энд хэвтэж байгаа юм бэ гэж асуухад И нь “өмдөндөө баагаад баасандаа холилдсон байна” гэсэн.  Надад бүр ноцтой чимээ сонсогдоогүй зүгээр л чангаар яриад зурагтны дуугаа чангалсан байсан. Энэ хоёрыг зодолдож маргалдсаныг мэдэхгүй, сонсоогүй. Манайд хяналтын камер байгаа. Гэхдээ өчигдрийн бичлэг бичигдээгүй. Учир нь кабел нь хөндийрч салсан байсныг би хийж чадахгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38- 42/

 

Гэрч Л.Эрдэнэцогт мөрдөн байцаалтанд: 2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганзүмбэр зочид буудлын хажуу талд байрлах авто угаалга буюу ажил дээрээ ирэхэд манай ажлын хажуу талын явган хүний зам дээр 40-50 орчим насны улаан цагаан өнгийн пүүзтэй хар куртик нөмөрчихсөн хүн хэвтсэн байсан. Манай авто угаалга оройн цагаар дулаан граж машин тавьж хонуулдаг... Тэр дундаас саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай 35-40 орчим насны ах надад манай угаалгын хажууд хэвтэж байсан хүнийг өглөө хоёр хүн дамжлаад өргөж авчраад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгтэл машинаа авах гэж ирсэн өөр хүн танай гадаа хүн хэвтэж байна, эмнэлэг цагдаа дуудсан юм уу гэж хэлээд эмнэлэг цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44/

 

 

Гэрч Б.Дорж мөрдөн байцаалтанд: “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганзүмбэрэл дэн буудлыг манай эхнэр Алтанхуяг хүнээс түрээсэлж ажиллуулдаг юм.  Би 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Алтанхуягт хань бараа болох үүднээс тухайн буудлыг цуг ажиллуулдаг. Тэгтэл орой 22 цаг 20 минутанд буудалд хааяа орж ирж үйлчлүүлдэг И гэх хүн гаднаас нэг хүнтэй цуг орж ирсэн чинь манай эхнэр “юун муухай үнэртэй хүнтэй явж байгаа юм бэ, манайх ийм хүнд үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл И нөгөө хүнээ “ядарсан хүн байгаа юмаа, цагаан сар болох гэж байна усанд оруулаад дулаахан хонуулаад өглөө эрт гаргана” гэж хэлээд манай буудлын 9 номерийн өрөөнд 40000 төгрөг бэлнээр өгөөд орсон. 9 номерын өрөөнд хоёр хүн орсон цагаас хойш бол очиж шалгаагүй. Ресепшны өрөө нь 2 давхарт байдаг бөгөөд 9 номерын өрөө нь 3 давхарт байдаг учир 2 давхарын ресепшнгийн өрөөнд сууж байхад 9 номерын өрөөнөөс зурагтны дуу маш чанга сонсогдоод байсан. Би дээшээ гараагүй, эхнэр Алтанхуяг өрөөнд оруулж өгсөнийхөө дараа шөнө 00 цагийн орчимд байх нэг удаа очиж өрөөний хаалганы гадна талаас дуу чанга байна, зурагтныхаа дууг суллаарай гэж хэлсэн. Тэгээд зурагтны дуу удалгүй 30-40 минутын дараа зурагтныхаа дууг суллаад чимээгүй болоод унтаад өгчих шиг болсон. Ингээд шөнө дахин чимээ гараагүй, өглөө 06-07 цагийн хооронд дээшээ давхараа эргэх зорилготойгоор гартал 3 давхарт аягүй эвгүй үнэр /баасны үнэр/ үнэртэж байсан. Тэгтэл уг үнэр 9 номерын өрөөнөөс үнэртэж байсан. Тэгэхээр нь хаалгыг тогшоод “аймаар өмхий үнэртээд байна, наад хүнээ усанд оруулсан юм уу” гэхэд “би орчихсон, энэ хүн орохгүй унтаад байна, муухай өмхий юм аа одоо гарганаа” гэж хэлсэн. Ингээд би хараагүй учраас зүгээр шаардлага байдлаар үг хэлчихээд доошоо буугаад явсан. Өрөөнд ямархуу байдалтай байсныг би хараагүй. Алгадаж цохисон эсэхийг би бол хараагүй. Би харж чаддаггүй учраас. Гэхдээ намайг өрөөг шалгачихаад буух хүртэл хүн алгадаж, цохих чимээ гараагүй. Зүгээр И нь унтаад сэрэхгүй байна, одоо гарлаа, найзыгаа авчирч байгаад гаргана гэж л хэлсэн...миний хоёр нүд харахгүй хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Ер нь хүний асаргаанд байдаг. Ийш тийш явахдаа ер нь бол баримжаалж явдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47/

 

Гэрч Б.Бямбацогт мөрдөн байцаалтанд: “2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед автомашинаа авах гээд иртэл гражийн гадаа явган хүний зам дээр 40-50 орчим насны эрэгтэй зүүн шанаагаараа дарагдсан зүүн чихнээс цус гарчихсан байдалтай хэвтэж байхаар нь дулаан граж руу орохдоо гадаа байсан хоёр хүнд эмнэлэг дуудсан юм уу гэж асуусан чинь тодорхой зүйл хэлэхгүй байхаар нь би өөрийн гар утсаар түргэн дуудсан. Удалгүй 9 цаг 23 минутад түргэн ирээд нөгөө залууг аваад явсан явахдаа намайг цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө гражийн залуу бас надтай адилхан машинаа авах гэж байсан залуу наад хэвтэж байсан хүнийг чинь манай хажуу талын буудлаас хоёр хүн гаргаж ирээд яваад өгсөн гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн.  Би газар хүн ухаангүй хэвтэж байхаар нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52/

 

Гэрч Д.Мөнхбат мөрдөн байцаалтанд: “2020.02.21-нээс 22-нд шилжих шөнө орцонд ганцаараа хоноод өглөө 08 цагийн орчимд сэрээд орцноос гараад вокзал чигтэй явж байтал өмнөх өдөр нь архи уучихсан учраас дотор муу байсан тул вокзалын хойд талын автобусны буудал дээр хүнээс нэг тамхи гуйж аваад татаад байж байтал “ноён солиот хочтой И нь хаанаас ирсэнийг нь хараагүй, гэнэт гараад ирсэн, тэгээд надтай ирж мэндлээд, ах нь буудалд нэг хүнтэй хамт хоносон чинь, нөгөө хүн маань өмдөндөө баачихсан юм шиг байна, буудлын хүн уурлаад намайг хамт гарга гээд байна, би буудлаас гаралгүй буудал дотроо жаахан унтчихмаар байна, би хамт хоносон хүнээ гаргах гэхээр аймаар үнүртээд, бас өргөж дийлэхгүй байна, миний баруун хавирга гэмтчихсэн юм, өргөж дийлэхгүй байна, ахдаа туслаад өгөөч, ахад нь ганц шил юм байгаа, тэрнээсээ чамд өгье гэхээр нь за би танд туслая, аль буудал юм” гээд хамт явсан. Ингээд Варета чуулгын урд талд байдаг “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 3 давхарын Иын орсон өрөөнд Иын хамтаар хоёулаа ороход буудлыг ажилуулдаг гээд ах эгч хоёр байсан ба наадах чинь даахгүй байна гэж хэлсэн. Ингээд буудлыг ажилуулдаг ах эгч, И нарын хамтаар дээшээ өрөө рүү орсон. Өрөөнд ороход өрөөний нойлын хаалганы хажуу талд газарт шалан дээр хоёр гутлаа тайлаад орны хажуу талд шидчихсэн, 40-50 орчим насны гэмээр, өмнө харж байгаагүй, нойлын хаалганы зүгт харчихсан, хажуу талаараа хухираад унтаж байсан ба өрөө аймаар өмхий үнэртэж байсан. Тэгээд тэр хүнийг танихгүй хүн байсан учир И болон буудлыг ажиллуулж байсан ах эгч нарт энэ хүн чинь жаахан унтаж байгаад сэрээд өөрөө босоод гараад явчих юм бишүү гэхэд И нь халуун газар орж ирэхээрээ нам унтаад байдаг юм, дандаа орц траншейгаар явдаг хүн, халуун газар орж ирээд нам унтаад өгсөн байх, өглөө сэрээх гээд хацар руу нь 2-3 удаа алгадсан боловч сэрэхгүй, хурхирч унтаад байна, би өргөөд дийлэхгүй байна гэхэд буудлын ах эгч хоёр бас тэгж хэлж байсан. Тэгээд И бид хоёр өргөж гаргах гээд би хоёр хөлнөөс нь өргөж, И нь цээжин хэсгээс өргөөд гадагшаа авч гарах гэтэл хөөе хэн гээд дуугарсанаа эргээд хурхираад унтаад байсан. Ингээд И бид хоёр дамжилж өргөөд уг танихгүй, ухаангүй байдалтай хүнийг өргөж явсаар байгаад буудлын урд талын авто угаалгын хажуу талд байдаг байрны орцны харалдаа газарт тавьж үлдээсэн. Ингээд би Ит хандаж ингээд гадаа үлдээж болж байгаа юм уу гэхэд дотор үнэр танар нь дийлдэхгүй байна, дотор ороод ухаан алдаад уначихсан, гадаа гарч  ирэхээрээ зүгээр болчихноо гэж хэлсэн. Тэгээд И нь яваад өгөхөөр нь би араас дагаж яваад буудлын өрөөрүү орж, И нь 0,5 граммын хараа архи гаргаж ирээд бүтэн байхад нь задалсан. Хаана байсанг нь хараагүй, уг архинаас хүн хүний нэг, нэг татаад байж байтал гаднаас удалгүй цагдаа нар ороод ирсэн юм. Түүнээс хойш би гадуур явж байгаад өнөөдөр вокзал дээрээс баригдаж ирсэн ба энэ үедээ тэр өргөж гаргасан ахыг нас барсан гэдгийг мэдлээ. Буудлыг ажлуулж байсан ах эгч хоёр үнэр нь дийлдэхгүй байна цэвэрлэ гээд И нь өөрөө болохоор цэвэрлэхгүй, намайг цэвэрлэчихээч гээд гуйгаад байхаар нь би нойлын өрөөг цэвэрлэсэн. Тэгэхэд нойлын өрөөний суултуурын ар талд болон хажуу талаар жижиг баасны хэсгүүд болчихсон байсан. Угаалгын өрөөний шал, пельта баас л болсон байхаар арчиж цэвэрлэсэн. Өөрөөр цус болон бусад зүйлээр бохирлогдсон зүйлгүй байсан. Буудлын амрах өрөөний хэсгийг бол угааж цэвэрлээгүй... И сэрээх гэж 2-3 удаа алгадчихсан юм л гэж хэлсэн. Би хөлнөөс нь И цээжин хэсгээс нь өргөөд гадагшаа гаргасан...И архи уусан үедээ хүмүүс рүү агсраад цохиж авчих гээд байдаг, ер нь их агсам зантай хүн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/

 

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд: “Б.Иыг бол танина...Архи уусан үедээ бол аягүй овилгогүй, бусадтай харилцах тал дээр муу характар муутай хүн. Их омголон зантай болж л өгвөл хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдоод байдаг, нөгөө хүнээ зодож дийлж л байвал санаа амардаг юм шиг байгаан, хамт явж байгаа хүмүүстээ их дээрэлхүү юм шиг байдаг. Хамгийн сүүлд хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 2 сарын 21-ний өдрөөс 3 хоногийн өмнө шиг санагдаж байна, өвөртөө заазуур хийчихсэн өдрийн цагаар халамцуухан ганцаараа явж байсан. Тэгэхээр нь би яагаад заазууртай явж байгаа талаар асуухад хүн алах гэж байсан чинь алга болчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг //хх-ийн 56/

 

Гэрч Д.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд: “ Би Ганзүмбэр хүнсний дэлгүүрийг 2008 оноос хойш түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээр ажлаа хийгээд сууж байхад орой 21-22 цагийн орчимд байх гаднаас одоо нэрийг нь мэддэг болсон И гэж хүн ганцаараа архи үнэртүүлчихсэн орж ирсэн...тэр залуу архи авъя гээд 500 граммын  хараа архи 9000 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан...дэлгүүртээ хоночихоод өглөө 08 цагийн орчимд дэлгүүрээ онгойлгоод байж байтал гаднаас нэг үйлчлүүлэгч орж ирээд танай урд талын угаалганы хажуу талд нэг хүн хэвтэж байна гэхээр нь тийм үү гээд нэг их анзааралгүй тэр хүн ч гараад явсан. Ингээд удалгүй урд талын авто угаалганы хүн ирээд надад хэлэхдээ манай авто угаалгын хажуу талд орцны үүдэнд хүн хэвтэж байхаар нь сая цагдаад дуудлага өгчихлөө гэж ярьж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

 

Гэрч ГССҮТ-д хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Ч.Мөнхцэнгэл мөрдөн байцаалтанд “2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн цагаар ээлжтэй байх үед 9 цаг 40 минутын орчимд шиг санагдаж байна. 103 яаралтай түргэн тусламжаар хэн болох нь тодорхойгүй, ухаангүй байдалтай, комын байдалтай өвчтөн ирсэн, амилахуйн өрөөнд байна үзэх шаардлагатай байна гэсний дагуу өвчтөнийг үзсэн. Намайг үзэхэд ухаангүй байдалтай, комын байдалтай байсан. Ингээд би тус өвчтөнд эмчилгээ хийхээр эрчимт эмчилгээний тасгийн эмч Пүрэвдорж болон гавал тархины жижүүр эмч Содбилэг нарыг дуудаж хамтарсан үзлэг хийсэн. Ингээд биеийн байдал хүнд ухаангүй байсан учраас яаралтай тусламж үзүүлж, гадагшаа өтгөнөө алдсан байсан тул цэвэрлэгээ хийж, зүүн билүү баруун чихэнд шинэ шархтай байсан учраас шарханд анхдагч цэгцэлгээ хийсэн. Өвчтөний амин үзүүлэлт нь тогтвортой байсан учир яаралтай томографийн шинжилгээ хийж үзэхэд тархины зүүн талд маш том хэмжээний цус хуралттай байсан. Ингээд томографийн шинжилгээний хариуг харахад цус хуралтай учраас яаралтай хагалгаанд оруулахаар болгож бэлтгэж, бусад шаардлагатай...бүхий л шинжилгээг авсан. Ингээд хагалгаанд орохоор байсан учраас гавал тархины эмч нарт өвчтөнг хүлээлгэж өгсөн. Сүүлд мэдэхэд 2020.02.24-ний өдөр эмчлэгдэж байгаад нас барсан гэдгийг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63/

 

Яллагдагчаар Б.И мөрдөн байцаалтанд: “...Тэгтэл буудлын ресепшин ах “үнэр нь аймаар байна, наад хүнээ гарга” гэхээр нь Пүүжээ ахыг сэгсэрч, 3 удаа хацар орчимд нь алгадсан. Тэгэхэд сэрэхгүй хурхираад унтаад босохгүй байхаар нь буудлаас хүн дагуулаад ирье гэж гараад Мөнхөөтэй вокзалын арын автобусны буудал дээр таарч хамт буудалд орсон хүн тасарчихаад сэрэхгүй, буудлаас хөөгөөд байна” жаахан архи өгье гэхэд за гэж хэлээд Мөнхөөгийн хамтаар явж дэлгүүрээс 500 граммын хараа архи авч дотогшоо орсон. Тэгээд Мөнхөөгийн хамтаар А.Аг өргөж гадагшаа гаргаж орцны үүдэнд буудлын хажууд үлдээгээд дотогшоо орсон. Тэгээд нойлын өрөөнд баас болсон байсныг Мөнхөөгөөр цэвэрлүүлсэн. Ингээд Мөнхөө бид хоёр архи уугаад сууж байтал цагдаа нар орж ирсэн”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 101/

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 581 дугаартай шинжилгээнд: “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн дэлбэнгийн зулай, чамархай, дагзны эдийн няцрал, их тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж ууцны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, оройн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, ууцны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Талийгаач нь уушигны сүрьеэ өвчтэй байна. Талийгаачид эмчилгээ хийгдсэн тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй.  Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 110/

 

Шинжээч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд: “...тархины гэмтэл бол нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, цохиулаад унах үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэл юм. Талийгаачид учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтлүүд байсан. 24 цагийн доторхи хугацаанд үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж ойлгож болно. Тархинд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу хальсан доорхи цусан хурааны улмаас тархи дарагдал ихтэй, аалзан хальсан доорхи цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэлтэй хавсарсан учир үйл хөдөлгөөн хийхэд муутай. Тархины гэмтлийг авсан хүн хурхирах, өтгөн, шингэн гарах нь тархины хүнд гэмтлийн үед гардаг шинжүүд юм” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 115/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн  шинжээчийн 1137 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад ханзралт, тасралт, урагдалт гарсан байна. Хар хүрэмд гарсан хар хөх хүрэмд гарсан 36 мм, 49 мм, 60 мм хөх цамцанд гарсан 36 мм,75 мм, 61 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна...шаргал судалтай хар цамцны захын товчноос доош 4 дөх товчинд гарсан гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ тасралт байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 140/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактериологийн шинжээчийн 1313 дугаартай “ шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч А.А.А 55  настай эрэгтэй өмсөж явсан гэх хар хөх өнгийн шоон дүрстэй сорочкон цамц, цайвар цэнхэр өнгийн босоо захтай нимгэн ноосон цамц, nike логотой саарал өнгийн зүүн хөлний пүүзэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр О(1) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 148/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Б.И гэм буруугийн санаатай хэлбэрээр А.А.Агийн биед гавал тархины хүнд гэмтэл учруулсанаас хүний амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл хоорондын шууд шалтгаант холбоотой байх бөгөөд түүний дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт тооцогдоно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд “талийгаачийн өвчний түүхийн хуулбарыг хэрэгт хавсаргах шаардлагатай,  шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул давтан шинжилгээ хийлгэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү ” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт тус тус гаргалаа.

Өмгөөлөгчийн гаргасан “өвчний түүхийн хуулбар хэрэгт хавсаргах” хүсэлтийн тухайд мөрдөн байцаалтын явцад 1 дүгээр хавтаст хэргийн 178-182 дугаар талд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архиваас авч хэрэгт хавсаргасан талийгаачийн өвчний түүхийн хуулбар байх бөгөөд өмгөөлөгч С.Соронзонболд нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан хэргийн материал танилцуулсан тухай баримтанд  2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гарын үсгээ зурсан байна.

Мөн өмгөөлөгчөөс “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, давтан  шинжилгээ хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах” хүсэлт гаргасныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 581 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж байдал, ямар хүчний үйлчлэлээр үүсч болох, гэмтлийн зэрэг, үхлийн шалтгааныг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           

Улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч А.А.Агийн амь насыг хохироосон үйлдэлд шүүгдэгч Б.Иыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирол хор уршигтай холбогдох нийт  5.676.110 төгрөгийн баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Б.Иаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жд олгохоор шүүх шийдвэрлэлээ. /1хх-ийн 201-210/

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болно.  

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Түүний ар гэрээс хохирол төлөх санхүүгийн боломжтой тул хохирол нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 6  дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минут  хүртэл завсарлуулав. 

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч Б.И хохирол төлөөгүй байх ба энэ талаар түүний өмгөөлөгч “хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах гомдол гаргахаар болсон тул хохирол төлөхгүй байхаар шийдсэн” гэсэн тайлбар хэллээ.

Шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Б.Ит шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       

Шүүгдэгч Б.Иын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохироосон байдал, урьд нь шүүхээр 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 13 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Б.Иын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хураагдаж ирүүлсэн амь хохирогчийн өмсөж явсан саарал өнгийн улбар оруулгатай Nike Zoom гэсэн бичигтэй 42 размерын 1 хос пүүз, хар хөх өнгийн The north face summit 52 гэсэн бичигтэй өвлийн куртик 1 ширхэг, саарал өнгийн дотортой шаргал өнгийн босоо хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хоолойтоо хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.