| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/0880/И |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 45
| 2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00045 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 38 дугаар байр, 9 тоотод оршин суух, Авга овогт Түмэнгийн Тэгшжаргал /РД:ХБ80062376/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, 2 дугаар баг, Улаан ухаа багт оршин суух, Өөлд овогт Балжиннямын Одхүү /РД:НЕ74072167/-д холбогдох,
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.250.000 төгрөг, гэрээний үүргийн зөрчлийг арилгахтай холбоотой гаргасан хохиролд 5.900.000 төгрөг, нийт 12.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Тэгшжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Б.Одхүү, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Тэгшжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Гүүд Сити Констракшн” ХХК-ийн захирал Б.Одхүүтэй №14/13 тоот Барилгын захиалга авах гэрээг байгуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн Бэлхийн зуслангийн газарт 62 м2 талбай бүхий нэг давхар Канад хаус, 18м2 талбай бүхий гражийн хамт 30 хоногийн дотор бариулахаар тохиролцож, гэрээ хийсэн. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг цаг хугацаанд нь гэрээнд заасан хуваарийн дагуу 10 хувийг баталгаа болгон үлдээж, нийт 90 хувь 56.250.000 төгрөгийг төлсөн. Гэтэл гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа бүрэн гүйцэтгээгүй, барьсан барилга нь баруун тийш 6 см, урдаасаа 24 см хазайлттай, стандартын бэхэлгээ огт хийгдээгүй буюу ноцтой доголдолтой баригдсан болохыг талуудын хамтарсан техникийн шалгалтаар тогтоосон. Улмаар гүйцэтгэгч гэрээгээр доголдлыг хэрхэн арилгах талаар удаа дараа ярилцаж, хэлэлцсэний эцэст 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Доголдол арилгах” гэрээг байгуулж, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өөрийн зардлаар доголдлыг арилгахаар тохиролцсон. Доголдол арилгах үүргийг батлан дааж “Гүүд Сити Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал Б.Одхүүгийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд нийт 6.250.000 төгрөгийг хэд хэдэн удаа хувааж түүнд нэг сарын хугацаатай зээлүүлсэн. Доголдлыг арилгахдаа барилгын хазайлтыг арилгах бэхэлгээ зэргийг хийсэн боловч дотор засал, бохирын болон цахилгааны холболтыг огт хийлгүй, хүлээлгэж өгөөгүй. Ажлын талбайд ирэхгүй, ажлаа хаяж алга болж, утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. Иймд барилгын дутуу хийгдсэн ажлыг гүйцээх, доголдлыг арилгахын тулд иргэн П.Энхболдтой 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, гэрээний төлбөрт 5.900.000 төгрөг төлж ажил хийлгэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.250.000 төгрөг, Гэрээний үүргийн зөрчлийг арилгахтай холбоотой гаргасан хохиролд 5.900.000 төгрөг тус тус буюу нийт 12.150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Тэгшжаргал нь хариуцагч Б.Одхүүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.250.000 төгрөг, гэрээний үүргийн зөрчлийг арилгахтай холбоотой гаргасан хохиролд 5.900.000 төгрөг, нийт 12.150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Т.Тэгшжаргал нэхэмжлэлийн шаардлага 12.150.000 төгрөгөөс 6.075.000 төгрөгийг хасч, үлдэх 6.075.000 төгрөгийг хариуцагч Б.Одхүү 3 хувааж,
“...2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 2.025.000 төгрөг,
2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 2.025.000 төгрөг,
2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор 2.025.000 төгрөг...” тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч, эвлэрийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх-145/
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Тэгшжаргал нэхэмжлэлийн шаардлага 12.150.000 төгрөгөөс 6.075.000 төгрөгийг хасч, үлдэх 6.075.000 төгрөгийг хариуцагч Б.Одхүү 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 2.025.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 2.025.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор 2.025.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209.350 төгрөгийн 104.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 104.675 төгрөгийг, хариуцагч Б.Одхүүгээс 104.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Тэгшжаргалд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ