Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 593

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч  Н.Уранбайгаль

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Өгийнуур овогт Ч-н Гд холбогдох эрүүгийн 2003000000188 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Ч.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ТБД андууд худалдааны төвийн урд байрлах “Сод Монгол” Шатахуун түгээх станцын баруун урд замд өөрийн эзэмшлийн Hyundai маркийн Verna загварын 19-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 49 настай, эмэгтэй Г.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Г хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруу дээр маргахгүй, сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 1.569.850 төгрөг төлсөн. Миний буруу гэв.

 

Хавтаст хэргээс:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/

Хохиролын баримтууд /хх-ийн 16, 19-20, 22-24/

Мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 25/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/,

 

Хохирогч Г.А мөрдөн байцаалтанд: “2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 00 минут өнгөрч байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ТБД андуудын автобусны буудал дээр бууж урагшаа төв зам хөндлөн гараад урд талын туслах замыг явган хний гарцаар гарч явахад эхний энээнд явж байсан машин надад зам тавьж өгөхөөр нь цааш алхаад зам гарах гээд явж байхад цагаан өнгийн суудлын машин миний зүүн хөл рүү мөргөөд зам дээр унаад босох гэхэд босч чадахгүй зүүн хөлний шагай хэсэг маш их өвдөөд гишгэж чадахаа больчихсон. Тэр үед намайг мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд замын хажуу руу түшиж аваачиж суулгасан. Тэгээд цагдаа түргэн дуудсан гэж байсан болохоор удаагүй түргэний эмч ирж үзээд хугарал байхгүй, гэхдээ ясны цуурал байж магадгүй гэмтлийн эмнэлэгт очиж нарийн шинжилгээ өгч зураг авахуул гэж хэлчихээд явсаад өгсөн. Гэтэл удаагүй цагда нар ирж уулзаад хэмжилт хийгээд явсан. Би тэр ахтай хамт гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авхуулахад зүүн хөлийн тавхай, өсгийнд хугаралтай байна гэж хэлээд гипс хийж өгсөн. Би явган хүний гарцаар дүрмийн дагуу гарч байгаад эрүүл мэндээрээ хохирсон болохоор цаашид биеэ эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжилнэ. Мөн одоо ажлаа хийж чадахгүй сарын 1 сая төгрөгийн түрээстэй лангуу ажиллуулдаг. Иймд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 29-30/

 

Хохирогч Г.Агийн “эмчилгээнд гарсан зардлыг бүрэн хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйл гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 67/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5368 дугаартай “Г.Агийн биед зүүн хөлийн тавхайн завь ясны хугарал, зүүн хөлийн өсгий ясны хугарал, зүүн хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 34/

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 22214 дугаартай “Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилтийн хэмжилтүүд, зогсоолын тоормосны идэвхжилт, дугуйн хээний гүний хэмжээс, гэрлийн тусгалын чадлууд стандартын шаардлага хангасан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна. Автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: баруун гар талын хажуугийн толь сууриараа хугарсныг скочоор тогтоосон, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Баруун гар талын хажуугийн толь сууриараа хугарсныг скочоор  тогтоосон, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Баруун гар талын хажуугийн толь, сууриараа хугарсныг скочоор тогтоосон нь зам тээврийн ослын улмаас үүссэн шинэ гэмтэл, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой ч зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Хьюндай маркийн верна аксент загварын автотээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгын тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр үзлэг хийж шалгахад тоормосны систем хэвийн ажиллагаатай зогссон. Хьюндай маркийн верна аксент загварын автотээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгын тоормосны системтэй ба уг автотээврийн хэрэгслийг жолоодлого хийн хурд авхуулж байгаад тоормос гишгэхэд зам дээр тоормосны үргэлжилсэн мөр үүсч байна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 43-46/

 

Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаанд: Хьюндай верна маркийн 19-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ч.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирж яваа жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид  зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ.  /хх-ийн 49-50/

 

Яллагдагчаар Ч.Г мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 19-21 УБТ улсын дугаартай Хьюндай Верна маркийн цагаан өнгийн суудлын машинаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТБД андууд худалдааны төвийн урд талын туслах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 1 дүгээр эгнээгээр явж байхад явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлд 40 гаруй насны эмэгтэй зам хөндлөн гарч өнгөрсөн. Би тэр эмэгтэйг зам хөндлөн гарч дууссан гэж бодоод явах гэхэд тэр эмэгтэй зам хөндлөн гарч байгаад гэнэт зүүн гар тийшээгээ буцаж эргэх үед миний машины баруун талын толинд зүүн гарын тохой хэсэгт цохигдож газар унасан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод яаж байна зүгээр үү гэж асуухад миний зүүн хөл дайруулснаас болоод өвдөөд байна гэхээр нь түргэн болон цагдаагийн байгааллагад хандаж дуудлага өгсөн. Би осол болсоноос хойш хохирогч Т.Ад нийт 164.850 төгрөгийн эм тариа авч өгч байсан. Энэ хүн цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэнэ би  тэр болгонд гарах бодит зардлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 54/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ТБД андууд худалдааны төвийн урд байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын баруун урд замд өөрийн эзэмшлийн Hyundai маркийн Verna загварын 19-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 49 настай, эмэгтэй Г.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ч.Гантулгын “...би тэр эмэгтэйг зам хөндлөн гарч дууссан гэж бодоод явах гэхэд тэр эмэгтэй зам хөндлөн гарч байгаад гэнэт зүүн гар тийшээгээ буцаж эргэх үед миний машины баруун талын толинд зүүн гарын тохой хэсэгт цохигдож газар унасан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 54/, хохирогч Г.Агийн“...эхний эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгөхөөр нь цааш алхаад зам гарах гээд явж байхад цагаан өнгийн суудлын машин миний зүүн хөл рүү мөргөөд зам дээр унаад босох гэхэд босч чадахгүй зүүн хөлний шагай хэсэг маш их өвдөөд гишгэж чадахаа больчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/ шинжээчийн 5368 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаа /хх-ийн 49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Ч.Г-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Ч.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Г-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.Гд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.