Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00038

 

Ш.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0294/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.О

Нарийн бичгийн дарга: О.Ө нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ш.Г-д холбогдох 201722000116 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр  төрсөн, .... настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Ш-ийн Г /регистрийн дугаар ................/.

Шүүгдэгч Ш.Г нь 2016 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Аз дэлгүүрийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Н.Н-ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Хөгжил дэлгүүрийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн Эникалл маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Г-ын насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн гар утсыг дээрэмдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,  Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, шүүгдэгч Ш.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.Г-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүгдэгч Ш.Г-г 2016 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Аз дэлгүүрийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Н.Н-ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Г.А, насанд хүрээгүй хохирогч Н.Н, насанд хүрээгүй гэрч Б.С нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болоод насанд хүрээгүй хохирогч Н.Н-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Сим картыг утаснаас минь авснаа гар утсыг аваад явсан. Би юу ч хэлж чадаагүй, дараа өгнө гэсэн. Би мөрдөн байцаалтын шатанд айгаад худал мэдүүлэг өгсөн. Өнөөдөр миний ярьж байгаа үнэн” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж, харин насанд хүрээгүй хохирогч Г.А, насанд хүрээгүй гэрч Б.С нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс илт зөрүүтэй, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгснөө хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч Ш.Г насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн гар утсыг дээрэмдсэн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хэд хэдэн шүүгдэгч эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгаагүй буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн яллах нотлох баримтыг үгүйсгэсэн мэдүүлгийн нотлох баримтуудын агуулгыг дурьдаагүй орхигдуулсан, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэлийг заагаагүй, 3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг заагаагүй буюу гэмт буруутайд тооцсон хэргийн хохирол болох 120,000 / нэг зуун хорин мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан эсэх, эсхүл гар утсыг буцааж хүлээлгэж өгсөн эсэхийг тусгаагүй нь хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Г-ын насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн гар утсыг дээрэмдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг, 2 дахь заалтанд “Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосугай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсэн заалтыг зөрчиж ял өөрчлөн сонсгосон, 3 дахь заалтад Шүүгдэгч Халзан овогт Ш.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ёстой атал бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй, 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлалгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Ш.Г-д холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.Г нь 2016 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Аз дэлгүүрийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Н.Н-ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 120 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Хөгжил дэлгүүрийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Г-ын насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн гар утсыг дээрэмдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн гар утсыг дээрэмдсэн гэх хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь хуульд нийцэх юм.

Мөн шүүх шүүгдэгч Ш.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирч байх хэдий ч шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэв.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан “...шүүгдэгч Ш.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй” гэсэн нь үндэслэл бүхий байна. Учир нь анхан шатны шүүхээс Ш.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хэрхэх талаар шүүгдэгчид мэдэгдэхдээ Эрүүгийн хуульд байхгүй нэр томъёо хэрэглэж ялтанд үүрэг хүлээлгэсэн нь буруу бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад ялтан гэсэн нэршил хэрэглэснийг мөн адил зөвтгөж шийдвэрлэв.

Дээд шатны прокурорын “...шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэлийг заагаагүй, 3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг заагаагүй буюу гэмт буруутайд тооцсон хэргийн хохирол болох 120,000 / нэг зуун хорин мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан эсэх, эсхүл гар утсыг буцааж хүлээлгэж өгсөн эсэхийг тусгаагүй нь хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчжээ...” гэх эсэргүүцлийн зарим хэсэг нь үндэслэлтэй хэдий ч энэ нь шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Шүүх тогтоолоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-36.9 дүгээр зүйлд нийцүүлэн гаргаж байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолд дараах нэмэлт өөрчлөлт оруулсугай. Үүнд: 

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэргийг...”  гэснийг “үйлдлийг” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосугай.” гэснийг “болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.” гэж,

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...авсан...” гэснийг “авч дээрэмдэх...” гэж өөрчилсүгэй.

г/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан” гэж нэмсүгэй.

д/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...ялтан...” гэснийг “шүүгдэгч” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                    ШҮҮГЧИД                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                        Б.СОСОРБАРАМ