| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 113/2018/0005/З |
| Дугаар | 113/ШШ2018/0009 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 113/ШШ2018/0009
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Н (
Хариуцагч: Г
“Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2017 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болох 500000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр газрын цахим биржээр зохион байгуулагдсан, орон нутгаас зарласан 2 байршлын газрын дуудлага худалдаанд оролцсон боловч 1 байршил нь өрсөлдөгч байхгүй үндэслэлээр хүчингүй болж, нөгөө байршилд ялагдсан. 2017 оны 10 дугаар сарын 19-нд зарлагдсан газрын дуудлага хуралдаанд манай гэр бүлийн хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Өмнө нь өрсөлдөгч байхгүй үндэслэлээр хүчингүй болсон учраас дахин цуцлагдах вий гэсэн болгоомжлолоор газрын албанаас ямар хүмүүс бүртгүүлсэн, оролцогч байгаа эсэх талаар асуусан боловч надад ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй.
Мөн манайх 2011 онд ХААН банкны орон сууцны зээлд хамрагдаж 2 өрөө байранд орсон. 11 дүгээр сард нь нийтийн эзэмшлийн газарт грашийн дуудлага худалдаанд оролцож 1 грашийн газар авч өнөөг хүртэл эзэмшиж байгаа, 2012 оноос эхлэн өрхийн хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаад 2013 онд болсон тариалангийн газрын дуудлага худалдаанд оролцож 3 га газрыг журмын дагуу авч гэрээ байгуулан өнөөг хүртэл эзэмшиж байна.
Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.С нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 30 минутанд өрөөндөө дуудаж дээрх мэдээллийг газрын албанаас гаргуулан авч төрийн албан хаагч байж газрын дуудлага хуралдаанд оролцсон. Өмнө нь ч гэсэн орж байсан нотлох баримт байна. Одоо танай гэр бүлийн хүн бас оролцож байна. Төрийн албан хаагч ийм байж болохгүй ажлаас чөлөөлнө гэсэн шаардлагыг тавьсан. Тамгын газрын дарга нь өөрийн албан тушаалаа ашиглан хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авчихаад түүгээрээ нотлох баримт байна гэж дарамт үзүүлсэн. Миний зүгээс эсэргүүцэн тайлбарыг тавихад ер нь төрийн албан хаагч байж газрын дуудлага худалдаанд оролцож болохгүй, цаашдаа анхаарах хэрэгтэй гээд гаргасан.
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтний хамт өрөөндөө дуудаж сахилгын шийтгэл ногдуулах тухай хэлэхэд хүний нөөц хариуцсан мэргэжилтэн “ямар асуудлаар сахилгын шийтгэл хүлээлгэх вэ, үнэхээр зөрчил гаргасан бол Ёс зүйн хороогоор асуудлыг оруулан шалгуулж дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Албан хаагч зөвшөөрөхгүй гомдол гаргавал шүүх дээр очоод буруутдаг” гэж хэлэхэд Тамгын газрын дарга Д.С нь “ёс зүйн зөрчил биш учраас ёс зүйн хороогоор оруулах шаардлагагүй” гээд Төрийн албаны тухай хууль хараад “энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.7 дахь зүйлүүдийг үндэслээд 2 сарын цалингийн 20 хувь бууруулах арга хэмжээ ав. Хэрвээ хүсвэл Наранмандах өөрөө хүсэлт гаргаад ёс зүйн хороогоор орж болно” гэсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн болохгүй гэдгийг тайлбарласан боловч дуугүй хэлснээр хий, тушаал төлөвлөөд ир гэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй учраас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч буцаан ажлын хэсэг гаргаж шийдвэрлэхээр өргөдлийг аймгийн Төрийн абаны салбар зөвлөлд шилжүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй.
Миний бие төрийн албанд 12 жил гаруй ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа төрийн албан хаагчийн хориглох зүйлд заасан алдаа дутагдал, зөрчил гаргаагүй. Газрын дуудлага худалдаа зохион байгуулах журамд төрийн албан хаагч оролцож болохгүй гэсэн зүйл заалт байхгүй. Төрийн албан хаагч гэхээрээ ар гэрээ орхиж ажлаас өөр зүйл мэдэхгүй байна гэсэн үг биш биз дээ. Төрийн албан хаагч ч гэсэн хүн амьдрал ахуйгаа бодох л ёстой. Газрын дуудлага худалдаанд төрийн албан хаагчийн болон ямар нэгэн байгууллагын өмнөөс биш хувь хүнийхээ хувьд оролцсон болохоос хэн нэгэн даргад хахууль өгч газар авах гэсэн зүйлгүй бөгөөд журмын дагуу оролцсон нь миний ажил, албан тушаалд хамааруулан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэ шийдвэрийн улмаас миний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрх ашиг зөрчигдсөн. Миний бие 2017 онд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж 97,8 хувь буюу А үнэлэгдсэн. Тамгын газраас А үнэллэгдсэн төрийн албан хаагчдыг 500,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн П.Н талаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Ч.Алтанболдоос “танай байгууллагын төрийн албан хаагч П.Н нь дуудлаг худалдаанд оролцож байна. Ингэж оролцохдоо төрийн албан хаагч байж над руу утсаар ярьж “та дуудлага худалдаанд оролцож байгаа юм уу, би таны үнийг өсгөхгүйгээр оролцоно хоёулаа тохиролцоё” гэх мэт зүйлийг ярьсан. Төрийн албан хаагч ингэж болдог юм уу” гэж амаар гомдол гаргасан.
Уг асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр П.Н дуудан сонсох ажиллагааг явуулж хариу тайлбар авсан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэж заасны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нотлох баримтыг хуулийн дагуу хуулбарлан авсан болно. П.Н нь Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу газрын дуудлага худалдаанд оролцож байгаа этгээдүүдийг мэдэх боломжгүй юм. Дээрх газрын дуудлага худалдааг зохион байгулахдаа цахим хэлбэрээр явуулсан ба уг програм нь хэн, ямар этгээд оролцож байгааг мэдэх боломжгүйгээр зохицуулсан байдаг. Гэтэл П.Н нь иргэн Ч.А уг газрын дуудлага худалдаанд оролцож байгааг мэдсэн төдийгүй “тантай тохиролцое” гэх мэтээр утсаар ярьсан нь иргэн Ч.А тайлбараар нотлогддог. Мөн дараагийн дуудлага худалдаанд оролцохдоо Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний гар утсанд өөрийнхөө буюу 94449372 дугаараас “Мөнхтуяа гэсэн хүсэлт явуулсан би Баянталд шалгалтаар явсан тэгээд ганц юм гуйя чи бид хоёрын дунд асуудал гарахгүй ээ. Бүртгүүлсэн хүмүүсийг хэлээд өгөх боломж байна уу” гэсэн мэссежүүдээр нотолсон болно.
Иймд иргэн Ч.А амаар гаргасан гомдлын дагуу уг асуудлыг судалж П.Н хариу тайлбар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн рүү хандсан утасны мессэжийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг зөрчсөн гэж үзэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасны дагуу П.Н албан тушаалын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. П.Н нь газрын дуудлага худалдаанд оролцохдоо дуудлага худалдаанд оролцогчтой утсаар ярьсан, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн рүү гар утаснаасаа мессэж бичсэн зэрэг нь төрийн албан хаагчийн нэрийг барин давуу эрх эдлэх гэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.А Тамгын газрын даргад амаар гомдол гаргасны дагуу П.Н арга хэмжээ авах ажиллагаа эхэлсэн. Гэрч Ч.А, Д.Тамир, Б.О нарын мэдүүлэг үүнийг гэрчилнэ. Төрийн эд хөрөнгийг ашиглаж дуудлага худалдаанд оролцсон гэж мэдэгдсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан. П.Н нь Ч.А утсаар яриад “та оролцож байгаа бол би оролцохгүй” гэж хэлсэн. Мөн Газрын албаны мэргэжилтэн рүү мэссэж бичсэн нь төрийн албан хаагчийн хувьд давуу эрх эдлэх гэсэн төгс орлдого гэж үзэж, арга хэмжээ авагдсан. Мөн Газрын албаны дарга Д.Т нь П.Н өрөөнд орж үзэхэд төрийн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оролцоход ашигласныг харсан гэсний дагуу сонсох ажиллагаа явуулаад арга хэмжээ авагдсан байгаа. Газрын албаны мэргэжилтнээс мэдээлэл хүссэн нь зорилготой, хариу өгөөгүй боловч мэдээлэл авах зорилгоор мэссэж бичсэн. Төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан. Тухайн үеийн дуудлага худалдаанд хэн орж байгаа нь мэдэгдэхгүй байдаг. Ч.Алтанболдын мэдээллийг хаанаас авсан нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08–ны өдрийн Б/108 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.3-д заасныг баримтлан “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл болон албаны мэдээллийг ашигласан үйлдэл гаргасан” гэх үндэслэлээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн П.Н “албан тушаалын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Уг захиргааны акт, маргааны үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс “миний ажил албатай холбоогүй асуудлаар шийтгэл ногдуулсан, надад тайлбар хэлэх боломж олгож сонсоогүй, ёс зүй зөрчил биш гэж үзсэн” гэж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан, хуулийн дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулсан” гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж, маргана.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тухайд;
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу захиргааны байгууллага болохын хувьд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг гаргахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлахаас гадна тус хуулийн 3 дугаар бүлэгт тодорхойлсон шийдвэр гаргах ажиллагааны журмыг мөрдөх шаардлагатай.
Хэдийгээр маргаан бүхий Б/108 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл хийгээд сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлсноос бус, тэдгээр тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу энэ харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ, тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай захиргааны байгууллагын шийдвэр, түүнийг гаргах ажиллагаа нь бүхэлдээ энэ хуульд нийцсэн байхыг шаардана.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт “... иргэн Ч.А амаар гомдол гаргасан, ... сахилгын шийтгэл ногдуулахдаа П.Н дуудаж сонсох ажиллагаа явуулж, тайлбар авсан, ... нөхцөл байдлыг тогтоохоор нотлох баримтыг хуулийн дагуу хуулбарлаж авсан” гэх боловч энэ нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүний нөөц хариуцсан мэргэжилтний хамт Тамгын газрын даргатай уулзсан. Миний санал тайлбарыг аваагүй, уулзалтын тэмдэглэл үйлдээгүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонсох ажиллагааны мэдэгдлийг хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр дуудуулсан, тэмдэглэл бол үйлдээгүй. Нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой нотлох баримт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар хариуцагчаас надад хэлсэн ямар нэг зүйл байхгүй” гэх тайлбар болон хэрэгт цуглуулсан Ч.А, Б.Н нарын “П.Н холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад болон өөр хэн нэгэнд ямар нэг хэлбэрээр гомдол гаргасан зүйл байхгүй”, Д.Т “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас баримт сэлт хүргүүлсэн зүйл байхгүй”, Д.М “... энэ тушаалыг гаргахдаа баримт материал цуглуулсан зүйл байхгүй, Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж дүгнэлт гаргуулаагүй” гэх гэрчийн мэдүүлэг, шүүхээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баримт бичигт хийсэн “... П.Н болон 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаатай холбоотой баримт хүргүүлсэн албан бичиг авагдаагүй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б108 дугаар тушаалын хувийн хэргийн бүрдүүлбэрт үзлэг хийхэд захиргааны актын дагалдах хуудас, тушаалын төсөлд санал авах хуудас авагдсан. Сонсох ажиллагааны тэмдэглэл, мэдэгдэл алга байв” гэх үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “П.Н нь төрийн эд хөрөнгө болох ажлын компьютерийг ашиглаж цахим дуудлага худалдаанд оролцсоныг Д.Т харсан. Энэ гэрчийн мэдүүлгээс өөрөөр захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө шалгаж тогтоосон зүйл байхгүй” гэх тайлбарыг гэрч Д.Т “... бүртгэлээс харахад аймгийн Тамгын газарт ажилладаг П.Н бүртгүүлсэн байхаар нь өрөөнд нь орсон. Өөрөө албаныхаа өрөөнд байсан. Нууцлал нь хэр байдаг талаар орж харахад П.Н нэр харагдаад нөгөө хоёр хүний нэр “оролцогч” гэсэн дугаартай байсан” гэх мэдүүлэгтэй харьцуулбал тухайн үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Т нь П.Наранмандахыг төрийн эд хөрөнгийг ашиглаж дуудлага худалдаанд оролцож байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгогүй /тийм чиг үүрэггүй/ ба нөгөөтэйгүүр шийдвэр гаргасан захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч болох П.Наранмандахад сонсох ажиллагаа явуулж тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлээгүй, “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацаа заах” зэрэг бичгээр гаргах захиргааны актад тавих шаардлагыг хангаагүй байх тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 08–ны өдрийн Б/108 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй.
Захиргааны актын хяналтын дагалдах хуудсыг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж ирүүлсэн боловч уг баримтыг үйлдсэн огноо тодорхойгүйн зэрэгцээ “шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн” гэдгийг нотлоход дангаараа хүрэлцэхгүй тул хариуцагчийн “нотлох баримтыг хуулийн дагуу хуулбарлаж авсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалд дурдсан зөрчил ба хууль зүйн үндэслэлийн тухайд;
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт болон уг тушаалд тодорхойлсон “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл болон албаны мэдээллийг ашигласан үйлдэл гаргасан” гэх зөрчлийг “албаны компьютер ашиглаж дуудлага худалдаанд оролцсон нь дэг журам зөрчсөн, оролцогчтой тохиролцохоор утсаар ярьсан нь төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг зөрчсөн үйлдэл болсон. Мэдээлэл авдаг энэ байдал нь төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа үйлдэл. Газрын албаны мэргэжилтэн мэссэжид нь хариу өгөөгүй ч гэсэн нэгэнт мэдээлэл хүсч хандсан тул албаны мэдээллийг ашигласан төгссөн үйлдэл. Эдгээр нь ёс зүйн зөрчил биш” гэж тайлбарлана.
Энд “дуудлага худалдаанд оролцохдоо албаны компьютер ашигласан” гэдгийг захиргааны байгууллага өөрөө, хуулийн дагуу, нотлох баримтад үндэслэн, шалган тогтоогоогүй, зөвхөн гэрч Д.Т мэдүүлэг нотолно гэж тайлбарласан, “дуудлага худалдааны бусад оролцогч /Ч.Алтанболд/-той утсаар ярьсан, Ч.А зүгээс П.Н талаар амаар гомдол гаргасан” зэрэг нь дээр дурдсанчлан хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “хуульд үндэслэх” хийгээд “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй гэж дүгнэв.
Харин П.Н нь иргэний хувиар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас цахим хэлбэрээр зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцох эрхтэй боловч “бусад оролцогчийн талаар мэдээлэл хүсч тус газрын мэргэжилтэнд хандсан” нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх үүрэг, 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох хэм хэмжээг зөрчсөн, ёс зүйн зөрчил болно.
Учир нь төрийн албан хаагчийн хувьд хүлээх үүрэг, хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хууль, хэм хэмжээний актаар ёс зүйн зөрчил гэж тооцох ба Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх” гэдгийг ёс зүйн хэм хэмжээ болгон тодорхойлжээ.
Энэ тохиолдолд П.Н нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч болохын хувьд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалган тогтоохдоо Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх журам”-ыг баримтлах учиртай.
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 1.2, 2.1, 2.4, 4.1, 4.3, 5.1-д төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулахдаа “Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь ирсэн өргөдөл гомдлын дагуу Ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулах, Ёс зүйн хороо нь гаргасан дүгнэлтээ Салбар зөвлөлд танилцуулах, Салбар зөвлөл нь уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хэлэлцсэн шийдвэрээ холбогдох баримтын хамт уг төрийн захиргааны албан хаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэр, ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах” дарааллыг журамласан ба нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д.Мөнхзулын мэдүүлэг болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/280 дугаар албан бичигт “... П.Н холбогдох асуудлыг Ёс зүйн хороогоор орж шийдвэрлүүлээгүй бөгөөд уг асуудлыг ёс зүйн зөрчил гэж үзээгүй болно” гэж дурдсан зэргээс үзэхэд уг асуудлаар Ёс зүйн хороонд хандаж, дүгнэлт гаргуулаагүй байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч холбогдох зөрчлийг хуулийн дагуу шалган тогтоох ажиллагаа нь хуульд нийцсэн тохиолдолд захиргааны актыг хууль ёсны гэж үзэх ба уг шийдвэрийг гаргах ажиллагааг эхлүүлэх үндэслэл болсон “иргэн Ч.А амаар гомдол гаргасан” гэх үндэслэл дээр байдлаар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, түүнтэй холбоотой бусад эрхийг зөрчжээ.
“Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болох 500000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нэхэмжлэгч нь “сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх, түүнтэй холбоотой бусад эрх зөрчигдсөн. Үр дүнгийн гэрээний урамшуулал 500000 төгрөгийг авах боломжгүй, хохирч байна” гэж тайлбарлах ба аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй П.Н нь 2017 оны үр дүнгийн гэрээг 97.8 хувь “А” үнэлгээтэй дүгнүүлсэн, энэ тохиолдолд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.5-д заасны дагуу урамшуулал авах нөхцөл бүрдсэн, гэвч тус журмын 14.3-д заасны дагуу урамшуулал аваагүй болох нь түүний 2017 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 дугаар тушаал, түүний хавсралт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасан бөгөөд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон, уг актын улмаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” баталгааг эдлэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн зэргийг хамтатган дүгнэвэл үр дүнгийн гэрээний урамшууллыг П.Н хувьд Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлох үндэслэлтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан П.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2017 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болох 500000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч П.Н-д олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс илүү төлсөн 2300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.