Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0586

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0586

Улаанбаатар хот

 

 

                                                               П.Н-ийн гомдолтой              

                                                    захиргааны хэргийн тухай

                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, П.Н-ийн гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч П.Н-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176469 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож”

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар П.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан П.Н-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Б давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

П.Н нь 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Татварын албанд ирүүлсэн.

Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч П.Н-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “ ... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүртэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 - д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй.

“У.Ф.А ХХК-иар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Гэтэл шүүх “... зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж, П.Н-г хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, П.Н-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “... Сонгуулийн зардлын дансны мэдээллийг аймгийн Ардчилсан намд хуулийн хугацаанд хүргүүлсэн, хариуцагч шийтгэл ногдуулах үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж, “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176469 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан.  

Маргаан бүхий 0176469 дугаартай шийтгэлийн хуудсаар П.Н-д сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч П.Н нь 2020 оны ээлжит сонгуулиар Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын дансаа хуульд заасны дагуу Увс аймаг дахь төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болохоо үгүйсгэж маргаагүй, энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн “... сонгуулийн дансаа нээлгэж сумын намын хороонд бүртгүүлж Аудитын газарт хүргүүлэхээр аймгийн Ардчилсан намын хороонд жагсаалтаар нэр бүхий 21 хүний дансны мэдээллийг хүргүүлсэн, тухайн үед хуулийн хугацаандаа хүргүүлсэн учир асуудалгүй бүртгүүлсэн гэж бодож байсан” гэх тайлбараар нотлогдож байх тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх “...П.Н-ийн хувьд сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан, дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь дээр дурдсан хууль, журмын зорилгод нийцсэн, П.Н-ийн сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан нь тухайн сонгуульд нэр дэвшигчид өөрт нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг шууд үүрэг болгосон, ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байх тул гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бол шийтгэл оногдуулах шударга ёсны зарчимд нийцүүлэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Н-ийн Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176469 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахгомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

           ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН