| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0037/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жалайр овогт Гомбын Ц-д холбогдох 2016000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ********** хамт Говь-Алтай аймгийн ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ж овогт Гомбын Ц-,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгоны нутаг дэвсгэр "Ар хөх толгой" гэх нэртэй газарт иргэн Ч.Ж-тай "өөрийн эзэмшлийн хаваржааны газартай ойролцоо худаг, ус руу явах замд гэрээ барьж буулаа" хэмээн харилцан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь "хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай хаваржааны хажуу талд айл ирж буусан. Нүүлгэх гэж очсон чинь урдаас та нарт ямар хамаатай юм бэ? гэж хэлээд зодолдсон. Ч.Ж- намайг барьж аваад өөд нь харуулаад унагаасан. Унагаачхаад дээрээс өшиглөж байхад нь манай хүүхэд ирээд авсан чинь чи миний хамар луу цохичихлоо гэж хэлсэн. Харсан чинь хамар нь шалбарсан харагдаж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Дээрээс дарсан байхад нь дороос нь цохисон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн "...Удалгүй Приус-10 загварын автомашинтай 45-50 орчим насны нэг нөмгөн дээлтэй эмэгтэй, 20-25 орчим насны 2 эрэгтэй хүмүүс ирсэн. Тэд нар машинтайгаа шууд давхиж ирээд мэнд ус мэдэхгүйгээр та нар эндээс зайлцгаа пиздануудаа гэж тэр эмэгтэй орилсон ...тэр эмэгтэй гараараа сарвалзаад миний нүүрийг самардаад байхаар нь би арагш нь түрээд явж байгаад миний нүд рүү цохичих гээд байсан учир би нүдээ аниад доошоо тонгойсон байсан ...миний нүүр хамарны дээд хэсэгт нэг удаа маш хүчтэй нэг хатуу юмаар цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-рт/
Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн "...нөгөө хоёр залуугийн ээж нь гэх согтуу эмэгтэй манай эхнэр Ж-ын нүүрэн тус газарт эхлээд гараараа нэг удаа цохиод дараа нь гартаа барьсан зүйлээр дахин нэг удаа цохиж байгаа харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/,
Гэрч П.С-ын мөрдөн байцаалтад өгсөн "...нөгөө эгч Ж- эгчийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон чинь Ж- эгч доошоо суусан" гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-рт/,
Гэрч Р.О-йн мөрдөн байцаалтад өгсөн "...тэр хүүхний хамар луу ээж цохиж байгаа харагдсан" гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-рт/,
Гэрч Р.О-ын мөрдөн байцаалтад өгсөн "...өндөр эгч ээжийг хоёр гараараа дээрээс нь дарсан байхад ээж доороос нь нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж байгаа харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/,
Гэрч Р.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн "...тэгсэн Ц- гартаа барьсан гар утсаараа Ж-ын нүүр лүү цохисон чинь манай бэр нүүрээ дараад доошоо суусан" гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-рт/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны
04 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай "...4. хамрын таславч муруйлт гэмтэл
нь шүүхий эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт
/хх-ийн 65-66-рт/ зэрэг нотлох баримтуудыг улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгоны нутаг дэвсгэр "Ар хөх толгой" гэх нэртэй газарт иргэн Ч.Ж-тай "өөрийн эзэмшлийн хаваржааны газартай ойролцоо худаг, ус руу явах замд гэрээ барьж буулаа" хэмээн харилцан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь "хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Ч.Ж-ын мэдүүлэг, гэрч Б.Б, П.С-, Р.Очирваань, Р.О-, Р.Б нарын мэдүүлэг, шинжээч Т.Алтайбаатарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 125 дугаартай дүгнэлт, Г.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус үйлдэл нь эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Г.Ц- үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгч нь хохирогчид 210.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжлэнэ гэсэн байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ц- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Г.Ц- нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 136-рт/ байх бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан шүүхэд гаргасан хүсэлтдээ торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэсэн тул уг хүсэлтийг харгалзан шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хэрэг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Ц- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Г-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ц- нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ч.Ж-д 210.000 төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар хохирогч Г.Ж- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА