| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01229/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 49
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00049 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, жуулчны гудамж, 51 дүгээр байр, 12 тоотод оршин суух, Боржигон овогт Дашцэдэнгийн Мэнддэлгэр /РД:ДЮ67020870/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт илт 4-9 тоотод оршин суух Боржигон овогт Сүръяагийн Батсүрэн /РД:ВУ73091003/-д холбогдох,
зээлийн гэрээний үлдэгдэл 45.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр С.Батсүрэнд 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр 30.000.000 төгрөгийг иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан зээлж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахааар зээлүүлсэн 30.000.000 төгрөгийн барьцаанд С.Батсүрэн нь Төв аймгийн Баянчанмань сумын Замт, илт 2-02 га барьцаалсан болно. Гэвч зээлдэгч С.Батсүрэн нь гэрээний хугацаа дуусаад 133 хонож байгаа боловч зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлт 45.000.000 төгрөгийг С.Батсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Баттулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баттулга миний бие С.Батсүрэнд холбогдох хэрэгт нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрийг төлөөлж байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. С.Батсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг 36.600.000 төгрөг болгон 8.600.000 төгрөгөөс татгалзаж байна. С.Батсүрэн нь өөрийн 4 ширхэг тракторыг 20.000.000 төгрөгт бодон, бэлэн 10.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 6.600.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа болно гэжээ.
Хариуцагч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрт төлөх 36.600.000 төгрөгнөөс 20.000.000 төгрөгт жижиг оврын 4 ширхэг тракторыг Д.Мэнддэлгэрт шилжүүлж байна. Тракторын арлын дугаар ТЕ-3643 MG, ТЕ3528 MG, ТF-3526 MG, ТF-3630 MG, үлдэгдэл 16.600.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгч, үлдсэн 6.600.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулж дуусгана гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр нь хариуцагч С.Батсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 45.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Мэнддэлгэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх, үүрэг эдлэх эрхийг Б.Баттулгад итгэмжлэлээр олгосон байна. /хх-4/
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага 45.000.000 төгрөгөөс 8.500.000 төгрөгийг татгалзаж, үлдэх 36.600.000 төгрөгийг хариуцагч С.Батсүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрч, эвлэрийн гэрээг бичгээр байгуулжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн “...36.600.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр төлж, 20.000.000 төгрөгт тооцож ТЕ-3643 MG, ТЕ3528 MG, ТF-3526 MG, ТF-3630 MG арлын дугаартай 4 ширхэг жижиг оврын тракторыг Д.Мэнддэлгэрт шилжүүлж, үлдсэн 6.600.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар” гэрээг дурдах нь зүйтэй байна. /хх 20/
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Мэнддэлгэрийн нэхэмжлэлтэй, С.Батсүрэнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 45.000.000 төгрөгөөс 8.600.000 төгрөгийг хасч, үлдэх 36.000.000 төгрөгийг хариуцагч С.Батсүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.950 төгрөгийн 191.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 191.475 төгрөгийг, хариуцагч С.Батсүрэнгээс 191.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Мэнддэлгэрт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ