| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01389/И |
| Дугаар | 51 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 51
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00051 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р баг, Сэрүүн дэнж, 29 дүгээр байр 2 тоотод оршин суух, 28 настай, эмэгтэй, Хүрээнэ овогт Осорын Алтанжаргал /РД:НЮ89040965/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс 2-р баг, 16-р гудамж, 5 тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, Бэсүд овогт Пийтерийн Мандах /РД:ВВ80033016/-д холбогдох,
хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Алтанжаргал, хариуцагч П.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Алтанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 12 дугаар сард П.Мандахтай танилцсан. Бид хоёр үерхэж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 20-нд охин А.Энэрэл төрсөн. Охин миний нэр дээр байдаг. 2016 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин А.Энэрэлийг өөрийн асрамжид үлдээж, эцэг П.Мандахаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Алтанжаргал бид хоёр 2012 онд танилцаад, 2014 онд охин А.Энэрэл төрсөн. Миний хүүхэд мөн, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэв.
Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Алтанжаргал нь П.Мандахад холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2012 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин А.Энэрэл төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-6/
Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2016 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа, охин А.Энэрэл нь /3 настай/ бага насны, төрснөөс хойш эх О.Алтанжаргалын асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин А.Энэрлийг эх О.Алтанжаргалын асрамжинд үлдээж, эцэг П.Мандахаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.
Иймд П.Мандах нь О.Алтанжаргалтай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн дундаас төрсөн охин А.Энэрлийг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч П.Мандахаас 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Алтанжаргалын Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Мандахаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.Мандах нь 28.209 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч П.Мандах сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ