Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 784

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-14в тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, ОЮ78122061 регистрийн дугаартай, Цагаагчууд овогтой Цэвээний Тунгалагийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Цэдэнбалын гудамж-20 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1572001018, регистрийн 9064842 дугаартай, Монголын Ахмадын холбооны Увс аймгийн Ахмадын хороо ТББ-д холбогдох,

     Ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Н.Дорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Тунгалаг нь 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот даргын тушаалаар Увс аймгийн Ахмадын хороонд нягтлан бодогчоор анх ажилд орсон билээ. Түүнээс хойш би тус байгууллагад 8 дахь жилдээ нягтлан бодогчоор ажилласан юм. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны 1 дүгээр сард манай байгууллага Ахмадын чөлөөт холбооны Увс аймгийн салбарт бүх ажилчид төсөвтэй хамт шилжин тус байгууллагын даргаар Д.Уртнасан, нягтлан бодогчоор миний бие ажиллаж байсан юм. Би тус байгууллагад 2009 онд орсноос хойш өнөөг хүртэл нягтлан бодогчоор ажиллахдаа Төсвийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг ажилдаа мөрдлөгө болгон сар, улирал, хагас бүтэн жилийн тайлан баланс, 4 улирлын ажлын тайлан, татварын мэдээ тайлан, шилэн дансны тайлан зэргийг цаг хугацаанд нь гарган, ямар ч дутагдал доголдол гаргахгүй ажиллаж ирсэн билээ. Ахмадын чөлөөт холбооны Увс аймаг дахь салбар нь буцаад 2016 оны 10 дугаар сард Увс аймгийн Ахмадын хороонд ажилчид, төсөвтэйгээ хамт шилжсэн бөгөөд тус Ахмадын хорооны дарга Н.Дорж надыг ажилд авахгүй хохироож байна. Би 0-8 насны 3 хүүхэдтэй, нөхөр эрхэлсэн ажилгүй, миний цалин болох 160.000 төгрөгөөр амьдарлаа залгуулж байсан. Миний орон тоо хэвээрээ бөгөөд миний оронд өөр хүнийг ажилд авсан тул би гомдолтой байна. Иймд намайг Ахмадын хорооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Ахмадын хорооны дарга Н.Дорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Ц.Тунгалагийг 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар тодорхой ажил эрхлээгүй байхад нь анх ажилд авч 2013 оны 10 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллуулсан билээ. Гэтэл 2013 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Баасан гэдэг эмэгтэй ирж, Төрийн бус байгууллагын хууль зөрчиж цөөн тооны ахмадуудын хурал хийж, Даржаа овогтой Уртнасан гэх хүнийг шууд тушаал уншиж аймгийн Чөлөөт ахмадын холбооны тэргүүнээр томилсныг үндэслэн 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уг холбооны тэргүүн Баасан, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж улс төрийн зорилгоор 83 жилийн түүхтэй Ахмадын холбооны санхүүжилтыг зогсоож, аймгийн хууль бус Чөлөөт ахмадын холбоонд шилжүүлсэн юм. Нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь 2016 оны 10 дугар сард Увс аймгийн Чөлөөт ахмадын хороонд нэгдэж ажилтнуудын болон төсөвтэйгээ хамт шилжсэн гэжээ. Үүнд ажилчид ямарч хамаагүй, хамт шилжээгүй. Манай Ахмадын хороо төсөв санхүү байхгүй ч гэсэн өөрийн хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулсаар байсныг дурдах нь зүйтэй. Манай хороо 2016 оны 9 дүгээр сард аймгийн Засаг даргатай албан ёсны гэрээ байгуулж санхүүжилтээ эргүүлэн авахаар болсон тул ахмадуудын хүсэлтээр тэтгэвэрт гарсан ахмадаар нягтлан бодогч хийлгэж сард 100.000 төгрөгийн урамшуулал өгч ажиллуулж байна. Чөлөөт ахмадын холбоо одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Манай хоёр холбоо нэгдэх ямарч хууль эрх зүйн үндэс байхгүй, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Ц.Тунгалагийн ажлаас чөлөөлсөн шалтгаан гэвэл манай Ахмадын хороо санхүүжилтгүй болж, ажилтнуудын цалин хөлс өгч ажиллуулах нөхцөлгүй болсон тул жолооч Тивийн Эрдэнэцогт, нийгмийн ажилтан Гончигийн Гүүнээ, нягтлан бодогч Цэвээний Тунгалаг нарыг цалин урамшил олгох эх үүсвэргүй болсон учир 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн юм. Ц.Тунгалагийг Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Д.Уртнасанд уламжилснаар тус байгууллагад 2013 оны 10 дугаар сард нягтлан бодогчоор томилогдон ажилласан юм. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд нэг хүн хоёр газарт тушаалтай ажиллах заалт байхгүй. Нэг л газарт ажиллах ёстой. Хэрвээ өөр газарт ажиллахаар бол уг ажлаасаа чөлөөлөгдөж, дараагийн албан газарт ажилд орсон байх ёстой гэж үзэж байна. Ийм учраас Ц.Тунгалаг манай байгууллага санхүүжилтгүй болсон тул өөр газарт шилжин ажиллаж байсан учраас ажлаас чөлөөлөгдсөн болохоос өөр ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөөгүй болохыг албан ёсоор тайлбарлаж байна гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Тунгалаг хариуцагч Монголын Ахмадын холбооны Увс аймгийн Ахмадын хороо ТББ /цаашид Увс аймгийн Ахмадын хороо гэх/-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Увс аймгийн Ахмадын хорооны даргын 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаал /хх-4/, мөн даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот тушаал /хх-26/, Ахмадын чөлөөт холбооны Увс аймгийн салбарын тэргүүний 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/11 тоот тушаал /хх-3/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-8/ зэргээс үзэхэд Ц.Тунгалаг нь 2009-2013 оны хооронд Увс аймгийн Ахмадын хорооны, 2013-2016 оны хооронд Ахмадын чөлөөт холбооны Увс аймгийн салбарт тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсан нь тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч нь Ахмадын хорооны төрөөс олгодог санхүүжилт 2013 оноос эхлэн Чөлөөт ахмадын холбоо руу шилжсэн бөгөөд тухайн байгууллагад ажиллаж байсан бүх ажилчид Чөлөөт ахмадын холбоо руу төсөвтэйгөө хамт шилжсэн. Харин 2016 оны 9 дүгээр сараас хойш аймгийн Ахмадын хороо нь Засаг даргатай гэрээ байгуулж тухайн санхүүжилтийг авахаар болсон бөгөөд ажилчид буцаад Ахмадын хороонд ирсэн. Тэгтэл Ахмадын хорооны дарга намайг ажилд эгүүлэн авахгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ гэж заасан байх ба мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 124 тоот Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай тогтоолд зааснаар төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ... ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг Монголын ахмадын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

         Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Ахмадын хороо, Ахмадын чөлөөт холбооны Увс аймгийн салбар нь тус тусдаа гишүүнчлэлтэй, бие даасан үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн тамга тэмдэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Увс аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сард Увс аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллах, дээрх хууль болон тогтоолд заасан чиг үүргийг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан санхүүжилтийг олгохоор тохиролцсон нь Ц.Тунгалагийг буцаан Увс аймгийн Ахмадын хорооны нягтлан бодогчоор томилох үндэслэлд хамаарахгүй байна.

        Мөн Ц.Тунгалаг нь нэг байгууллагын нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, нөгөө байгууллагын нягтлан бодогчоор томилогдох ёстой гэж үзэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд ажил олгогч нь тухайн байгууллагын хүний нөөцийн бүрэлдэхүүнийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрхтэй ба хэзээ, ямар мэргэжлийн хүнийг ямар албан тушаалд авч ажиллуулах нь байгууллагын дотоод асуудал юм.

          Нөгөө талаар, Ц.Тунгалагийг Ахмадын чөлөөт холбооны Увс аймгийн салбарын нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд ... Энэ өдрөөс эхлэн Ц.Тунгалагийг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, төсөв хөрөнгө шилжиж байгаа Ахмадын хороонд шилжүүлсүгэй гэсэн агуулга бүхий заалт орсон байгаа ч хоёр тусдаа үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгээс нөгөө рүү ажилтан шилжүүлэх талаар харилцан тохиролцсон эрх зүйн акт хэрэгт авагдаагүй байна.

         Түүнчлэн Ц.Тунгалагийг 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Ахмадын хорооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан тухайн аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монголын Ахмадын холбооны Увс аймгийн Ахмадын хороо ТББ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монголын Ахмадын холбооны Увс аймгийн Ахмадын хороо ТББ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА