Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 785

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхим хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймаг, Тариалан сум, 6 дугаар багт оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, ОТ80080679 регистрийн дугаартай, Галзад овогтой Доржийн Пүрвээгийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 11-48 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ77022819, Борлууд овогтой Цэнджавын Намдагт холбогдох,

         Эсгийний үнэ 550.000 төгрөг, хүү 132.000 төгрөг, нийт 682.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золжаргал, хариуцагч Ц.Намдаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ц.Намдагийг эртнээс таних бөгөөд Ц.Намдаг нь Надад яаралтай 11 эсгий зээлдээч, дүүгийн гэр хийх эсгий хэрэгтэй байна, нэг сарын дараа мөнгийг өгнө гэсний дагуу 2015 оны 6 дугаар сард 11 эсгий зээлээр өгөөд сарын дараа мөнгийг нь авахаар очиход Удахгүй өгнө гэсээр эсгийний мөнгөө одоо болтол төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Би эсгий худалдаж авсан мөнгөө банкнаас 1.6 хувийн хүүтэй авсан. Иймд 11 эсгийний үнэ 550.000 төгрөг, хүү 132.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20.918 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ц.Намдаг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бидэнд эвлэрэх боломж олгоно уу гэжээ.

      Зохигчдын шүүх хуралдааны үеэр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Пүрвээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золжаргал би хариуцагч Ц.Намдагаас нэхэмжилсэн 11 эсгийний үнэ 550.000 төгрөг, хүү 132.000 төгрөг, нийт 682.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл авахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Пүрвээ нь хариуцагч Ц.Намдагт холбогдуулан эсгийний үнэ 550.000 төгрөг, хүү 132.000 төгрөг, нийт 682.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулан Ц.Намдаг 682.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

         Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Пүрвээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Намдагаас 10.459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрвээд олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Хариуцагч Ц.Намдаг нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 682.000 /зургаан зуун наян хоёр мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Пүрвээд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Пүрвээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.918 /хорин мянга есөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Намдагаас 10.459 /арван мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрвээд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА