| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00763/и |
| Дугаар | 786 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 786
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, 4-10 тоотод оршин суух, Цагаагчууд овогтой Цэвээний Олонбаярт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.300.000 төгрөг, зээлийн хүү 26.000 төгрөг, торгууль 13.000 төгрөг, нийт 1.339.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн Ц.Олонбаяр нь 2015 онд 4.108.892 төгрөгийг сарын 0,2 хувийн хүүтэй жилийн 2,4 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан хэдийч 2016 оны 4 дүгээр сард 1.300.000 төгрөг төлөх ёстой байсан ч төлөөгүй. Иймд төлж барагдуулагүй хугацаа хэтрэлттэй 1.300.000 төгрөг8 дээр нь нэмж зээлийн үндсэн төлбөр 2.620.000 төгрөг, хүү 172.771 төгрөг, алданги 13.000 төгрөг нийт 4.105.771 төгрөгийг Ц.Олонбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Олонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-аас нэхэмжилсэн 4.105.771 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.370.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 1.370.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл 1.365.771 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Олонбаярын тайлбартай танилцлаа. Тайлбарт дурдсан хугацааг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга нь хариуцагч Ц.Олонбаярт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.300.000 төгрөг, зээлийн хүү 26.000 төгрөг, торгууль 13.000 төгрөг, нийт 1.339.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 4.105.771 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Ц.Олонбаяр нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох 4.105.771 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.370.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 1.370.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл 1.365.771 төгрөг тус тус төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 4.105.771 төгрөгт ногдох 80.642 төгрөгийн 50 хувь болох 40.321 төгрөгийг хариуцагч Ц.Олонбаяраас гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Олонбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.370.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 1.370.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл 1.365.771 төгрөг, нийт 4.105.771 /дөрвөн сая нэг зуун таван мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ц.Олонбаяраас 40.321 /дөчин мянга гурван зуун хорин нэг/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА