| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00796/и |
| Дугаар | 787 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 787
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-31 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, ОЮ62012610 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Цэвээндарийн Бямбацогтын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие нь 1962 онд төрсөн, 54 настай. Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд нимгэн төмөрчний мэргэжлээр ажиллаж эхэлсэн. 1981 онд 3 жилийн цэргийн албанд явж, 1984 онд халагдаж ирээд хуучин ажлын байрандаа 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан болно. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нийгэм задарч ажлын байргүй болсны улмаас миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаал, захирамж маань үрэн таран болж одоо хариуцах эзэнгүй болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Барилга угсралтын трестэд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Барилга угсралтын трестэд 1978 оноос 1981 он, 1984 оноос 1994 онуудад нимгэн төмөрчнөөр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний эхнэр Г.Сүнжидмаа өвчний улмаас Улаанбаатар хотын Хавдар судлалын төвд хэвтэн, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тул миний бие 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу явах боллоо. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурлаа хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бямбацогт нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестэд нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан Цэвээндарь овогтой Бямбацогтын 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 93 тоот тушаалд: Аймгийн аварга шалгаруулах самба бөхийн барилдаанд оролцох нэр бүхий ажилчдыг ажлаас нь чөлөөлж, байгууллагын нэрийн өмнөөс тэмцээнд оролцуулах нь зүйтэй ... Трестийн дарга Т.Батзул гээд хавсралтын 4 дүгээрт 52 кл Бямбацогт 1 дүгээр бригад гэжээ,
- Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/09 тоот тушаалд: Байгууллагын төлөвлөгөөт зорилтуудыг жигд ханган биелүүлэхэд идэвхи зүтгэл гаргаж ажилласан тэргүүний ажилчдыг шагнаж, урамшуулах нь зүйтэй гэж үзээд тушаах нь: 1. Хавсралт ёсоор 34 хүнийг 2000 төгрөгөөр шагнасугай. ... гээд хавсралтын 33 дугаарт Бямбацогт 50 төгрөг гэжээ,
-Гэрч С.Сүрэнжавын: Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн нимгэн төмрийн цехэд 1974 оноос 1989 оны хооронд нимгэн төрмөрчин, 1989 оноос 2003 он хүртэл автын дарханаар тус тус ажиллаж байсан. Ц.Бямбацогт нь 1978 онд Барилга угсралтын трестийн нимгэн төмрийн цехэд нимгэн төмөрчний ажилд орж, 1994 оныг дуустал ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1981 оноос 1984 оны хооронд 3 жилийн хугацаатай цэргийн албанд явж ирээд 1984 оноосоо үргэлжлүүлэн Нимгэн төмрийн цехэд 1994 оныг дуустал нимгэн төмөрчнөөр ажилласан. Бид хоёр хамтдаа Барилга угсралтын тресийн Нимгэн төмрийн цехэд нэг мэргэжлээр ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Барилга угсралтын трест нь 1992 онд Барилга бирж нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1995 оны 1 дүгээр сараас Их барилга ХХК болон үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Т.Батзул, н.Ургамал, н.Цээпэл, н.Бэгзжав, Х.Нямаа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Ургамалын: Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн 7 дугаар бригадад 1972 оноос 1990 оныг дуустал засалчны ажил хийж байсан. Ц.Бямбацогт нь 1978 онд Барилга угсралтын трестийн нимгэн төмрийн цехэд нимгэн төмөрчний ажилд орж ажиллаж байгаад 1981 оноос 1984 оны хооронд цэргийн албанд явж ирээд 1984 оноосоо Нимгэн төмрийн цехэд үргэлжлүүлэн 1994 оныг дуустал ажилласан. Бид хамтдаа нэг байгууллагад ажиллаж байсан. Ц.Бямбацогт нь ажилдаа сайн идэвхи зүтгэлтэй хүнтэй эелдэг, зөөлөн харьцаатай ажилчин байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Т.Батзул, н.Ургамал, н.Цээпэл, н.Бэгзжав, Х.Нямаа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.
Гэрч С.Сүрэнжавын хөдөлмөрийн дэвтэрт 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Барилга угсралтын трест нь аймгийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Барилгын бирж болж, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байх тул нэхэмжлэгчийн ажилласан жилийг тогтоохдоо түүнийг 1992 оны 1 дүгээр сараас эхлэн Барилгын биржид ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Ц.Бямбацогтын 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан байдал нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Бямбацогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Цэвээндарийн Бямбацогтын 1978 оны 8 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбацогтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА