| Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, 18-34 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЮ66071806 регистрийн дугаартай, Хөхөлдэй овогтой Мягмаржавын Энхжаргалын, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч М.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1966 онд төрсөн, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1982 оны 6 дугаар сараас эхлэн 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Дэлгэрмөрөн бригадад саальчин, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус нэгдлийн Үйлдвэр бригадад ногоочин хийж байгаад хүүхэд асрах чөлөө аваад нэгдэлдээ нөхөр, эцэг эхийн хамтаар мал маллаж байсан. 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Түргэн сумын Номын сангийн эрхлэгч, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Зочид буудалд тогоочоор, 1986 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нэгдэлд саальчин хийж байсан. Гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр дутуу бичилттэй, зарим үед авч байсан цалингийн баримтууд байхгүй, мөн ажилд томилогдож, ажлаас чөлөөлөгдөж байсан тухай тушаалууд аймгийн Архивын тасгаас гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М.Энхжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд: - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн малчин Мягмаржав овогтой Энхжаргалын 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1986 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн, - Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн дарга Х.Сүхбаатараас 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр М.Энхжаргалд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус нэгдэлд ногоочноор, 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Номын сангийн эрхлэгчээр, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Зочид буудалд тогоочоор тус тус ажиллуулсан тухай бичилт хийгдсэн, - Гэрч Д.Амгалангийн: М.Энхжаргал бид хоёр 1982 онд 8-р ангиа төгсөөд 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Дэлгэрмөрөн бригадад саальнаар ажилд орж байсан. М.Энхжаргал бид хоёрын гэр нэг баг бригадад айл хошоо байсан, нас чацуу найз нөхөд учраас нэгнээ сайн мэднэ.М.Энхжарал нь нэгдэлд саальчин хийж байгаад 1984 онд Социализмын зам нэгдлийн Үйлдвэр бригадад ноочноор ажиллаж байсан. М.Энхжаргал нь хүнтэй сууж тусдаа гарсанаасаа хойш их олон ажил сольсон. Бид хоёр байнга холбоотой байдаг болохоор би мэднэ. 1985 онд Түргэн сумын номын санд, 1986 онд нэгдлийн зочид буудалд тогооч, тэр үеэс хойш 1989 оныг дуустал саальчнаар ажилласан. Сумын төвийн хүн эмнэлэг, зочид буудал, сургууль, цэцэрлэг, ясли гэх газруудад сүү нийлүүлдэг нэгдлийн 30 үнээтэй 2 саальчин ажиллаж байсан. Түүний нэг нь М.Энхжаргал байсан. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргаар Г.Сүхбаатар, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг, - Гэрч Н.Наранцэцэгийн: Би Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Дэлгэрмөрөн бригадад 1976 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. М.Энхжаргал нь 8-р ангиа төгсөөд 1982 оноос тус зам нэгдлийн Дэлгэрмөрөн бригадад саальнаар ажилд орж байсан. М.Энхжаргал бид хоёр нэг баг бригадад айл хошоо байсан учраас нэгнээ сайн мэднэ. М.Энхжаргал олон ажил хийсэн. Тэрээр нэгдэлд саальчин хийж байгаад Үйлдвэр бригадад ноочноор, Түргэн сумын Номын санд, нэгдлийн Зочид буудалд тогооч гэх мэтийн ажил хийдэг байсан. Яг хэдэн он гэхийг нь би сайн санахгүй байна. Сүүлдээ нэгдэлдээ саальчнаар ажиллаж байсан. Сумын төвийн хүн эмнэлэг, зочид буудал, сургууль, цэцэрлэг, ясли гэх газруудад сүү нийлүүлдэг нэгдлийн 30 үнээтэй, 2 саальчин сумын төвд саалийн үнээтэй байдаг байсан. Түүний нэг нь М.Энхжаргал байсан. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргаар Г.Сүхбаатар, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг, - Гэрч Д.Амгалангийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 562 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Н.Наранцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 173 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд авагджээ. Дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд М.Энхжаргалын Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэгдлийн Үйлдвэр бригадад ногоочноор, 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Түргэн сумын Номын сангийн эрхлэгчээр, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Зочид буудалд тогоочоор, 1986 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Хэргийн 14-16 дугаар хуудаст авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хөхөлдэй овогтой Мягмаржавын Энхжаргалын Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэгдлийн Үйлдвэр бригадад ногоочноор, 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Түргэн сумын Номын сангийн эрхлэгчээр, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэгдлийн Зочид буудалд тогоочоор, 1986 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА |