Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 0201

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Ж.У, Б.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У, Б.Ц нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, тэтгэвэрт, урьд ял шийтгэлгүй, Ж.У

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б.Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.У Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Ч.Ч-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ч чи юу гээд байгаа юм бэ? гээд Б-г цохих гээд явж байхаар нь би чи юу гээд байгаа юм бэ? гээд хөлдөөгчин дээр байсан гурилын элдүүр модоор ар нуруу руу нь 2 удаа цохисон гэжээ.

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байгаа гэв.

-Хохирогч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Б бид 2 сүүлийн 2 жил тусдаа амьдраад байгаа, хадам ээж У, Б-г явуулахгүй байгаа юм. 2 хүүхдээ нэг, нэгээр нь авсан байсан. Хүү Д 09 дүгээр сард ээж дээрээ очсон. Энэ хугацаанд би эхнэр, хүүхэд дээрээ ирэн очин байсан. Б гэртээ ирнэ гээд ирэхгүй байгаа ба хадам ээж  уурлаад явуулдаггүй юм. 2020 оны 03 сарын 29-ний өдөр эхнэр над руу залгаад би бөөд үзүүлсэн чи бид хоёрыг хамт амьдарч болохгүй гэж байна. Чи одоо охинтойгоо уулзахгүй шүү, охинтойгоо ярь гээд охин Г-г надтай яриулсан. Цаанаас нь ахиж уулзахгүй гэж хэлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би охинтойгоо уулзаж мөнгө төгрөг өгье гээд чихэр, жимс авсан байсан тэрийгээ өгөх гээд хадамынд очсон. Гэрт ороод би баруун талынх нь орон очоод эхнэр Б-ийн хажууд суух гээд явж байтал хадам ээж ухас хийж гурилын элдүүр модоо аваад миний зүүн гарын дал руу хэд хэдэн удаа цохисон.  Тэгэхээр нь би зүүн талаар нь тойртол эгч Ц нь галын хайчаар миний баруун гар талын шуу       тохой руу олон удаа цохисон. Гэтэл Б болиоч гэсэн тэгэхээр нь би зугатааж гараад морин дээрээ мордоод явсан. Намайг морин дээрээ мордоход миний араас бүгд гарч ирж байсан. Би шууд давхиад явсан. Өмнө намайг зодож цохиж байсан. Энэ үйлдэл 2 дахь удаагаа болж байна. Өмнө хадам ээж намайг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байх шинийн 4-ний өдөр байсан. Намайг хэрүүл уруул хийлээ гэж  хэлээд миний биеийн зүүн хөлний шагайн хэсэгт, хөлийн булчинд хөлөөрөө өшиглөж хөөж байсан. Нөгөөх нь сая 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гурилын модоор цохисон. Эгч Ц нь намайг хөөж байсан болохоос зодож цохиж байгаагүй. Тухайн үед би эмнэлэгт үзүүлээгүй. Миний биед гэмтэл учраагүй. Эдгээр гэмтлийг миний биед миний хадам ээж У, хадам эгч Ц нар учруулсан. Хадаж ээж У гурилын элдүүр модоор миний зүүн талын дал, нуруу хэсэгт цохисон, хадам эгч Ц нь галын хайчаар миний баруун гарын шуу, тохой, баруун гарын бугалга хэсэгт олон удаа цохисон. Миний биеийн байдал одоо зүүн талын далны тэр хавиар өвдөж би доошоо харж унтаж байгаа. Миний толгой байнга өвдөж байна. Би биеэ Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвд үзүүлсэн. Эмчийн бичиж өгсөн эмийг уусан. Одоо хийлгэж байгаа эмчилгээ байхгүй. Б, миний том охин Г, хадам ээж, хадам эгч, хүргэн ах Т нар байсан. Би гомдолтой байна. Би нийт эмчилгээ хийлгэсэн эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ. Одоо миний шилэн хүзүү рүү гурилын модны  үзүүр таарч цохигдсон миний толгой өвдөж байна толгойгоо үзүүлнэ. Би архи  согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /хх18-19 хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ Ч гаднаас ууртай орж ирээд миний хажууд суучихаад чи яагаад байгаан гээд над руу дайраад байсан. Тэгсэн чинь ээж гурлын мод бариад босч ирсэн. Ч, Т ахыг гарья юм яръя гээд чирээд гарах гээд байж байсан чинь манай эгч Ц, Ч-ыг яах гээд байгаа юм бэ? тавь чи гээд галын хайчаар Ч гарынх нь мөр хэсэгт цохиод байсан...” гэх мэдүүлэг

 Гэрч Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... хадам ээж гурилын элдүүр модоор Ч-ын нуруу хэсэгт зүүн тал руу нь хоёр удаа цохисон эхнэр маань намайг өмөөрөөд Ч-н баруун талын гар луу нь галын хайчаар хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг

            Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №328 дугаартай “...Ч.Ч-ын биед баруун гарын бугалга, тохой, шуу нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх 23-24 хуудас/

           Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар өгсөн: "... Ч гаднаас ална тална гээд ороод ирсэн. Тэгээд Б баруун талын орон дээр сууж байсан. Ч, Б руу явж байсан чинь ээж босоод хажууд нь байсан гурилын элдүүр мод аваад Ч-г цохисон. Гэтэл Ч, Т-ыг бариад авсан тэгэхээр нь би галын хайч аваад галын хайчаар Ч-н далан дундуур нь хоёр цохисон...” гэх мэдүүлэг, /хх 36-37 хуудас/

 Шүүгдэгч Ж.У яллагдагчаар өгсөн: “.. Ч муухай орилоод ороод ирсэн Б чи юу гээд байгаа юм гэж хэлээд цохих гээд явж байхад нь би хөлдөөгчин дээр байсан гурилын элдүүр модоор ар нуруу хэсэгт нь 2 удаа цохисон. Гэтэл надаас зугтаад хажуу тийшээ болоод манай хүргэн Түүхтбаатарыг барьж аваад заамдаж чирээд гарсан. Тэгэхээр нь Цэвэлмаа галын хайч аваад хайчаар гар хавьцаа нь хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 40-41 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 44, 51 хуудас/

-Ж.У, Б.Ц нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-36, 37-38, 39-40, 41-42 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч  Ж.У, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр     иргэн Ч.Ч-ыг зодож, эрүүл мэндэд нь      хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч яллагдагч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгч Ж.У, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүилийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.У, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Ч.Ч-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөнгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  Ч.Ч “...Эдгээр гэмтлийг миний биед миний хадам ээж У, хадам эгч Ц нар учруулсан. Хадаж ээж У гурилын элдүүр модоор миний зүүн талын дал, нуруу хэсэгт цохисон, хадам эгч Ц нь галын хайчаар миний баруун гарын шуу, тохой, баруун гарын бугалга хэсэгт олон удаа цохисон...гэсэн мэдүүлэг /хх 18-19 хуудас/, гэрч Б.Б, Г.Т нарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун гарын бугалга, тохой, шуу нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 328 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.У, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэжээ. Шүүх  хуульд зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч нарт торгох ял оногдуулж ялаас чөлөөлж шийдвэрлэсэн бөгөөд харин тэнссэн тохиолдолд үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр хуульчилсан байна. Иймд улсын яллагчийн шүүгдэгч нарт эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн болно.

            Хохирогч Ч.Ч болон түүний өмгөөлөгч С.Б нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх ба хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.