| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00670/и |
| Дугаар | 791 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 791
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошготын 45 айлын орон сууцны 704 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, ОЭ71083015 регистрийн дугаартай, Харагчууд овогтой Цогтоогийн Загиржавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Загиржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Загиржав миний бие нь тус Цагдаагийн газарт 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаад 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Цагдан хорих байрны жижүүрийн цагдаагаар томилогдон ажиллаж байсан. Иймд 1993 оны 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас батлагдан гарч 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдсөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 38 дугаар бүлгийн 38.1-д зааснаар цагдан хорих байрны жижүүрийн нэмэгдлийг тооцох ёстой боловч тухайн үеийн тушаал гарахгүйгээр томилогдож байсан тул тооцогдоогүй хугацааг ажилласан жилд тооцож өгнө үү. ... Миний бие Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тухайн аймгийн сумуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас зудтай, Ховд суманд бог малын Цэцэг өвчин гарсан тул хөл хорио тогтоон ажиллаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Загиржав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймаг дахь Цагдаагийн газраас 1994 оноос 2005 оныг дуустал авч байсан цалингийн түүвэр,
- 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Жуух бичигт Хүндэт нөхөр а/ч Ц.Загиржав таныг 1997 оны байгууллагын ажил мэргэжлийн аваргаар шалгарч хамт олноо хошуучилсанд баяр хүргэж Алдарын тууз мөнгөн шагналаар шагнав. Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн д/х Ц.Батчулуун гэжээ,
- 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн жуух бичигт Хүндэт нөхөр а/ч Ц.Загиржав танд шинэ хуучин зууны зааг 1999 онд эрхэлсэн ажлаараа бусдыгаа хошуучлан Цагдаагийн хэлтсийн хөдөлмөрийн аваргаар шалгарсан тул таныг аваргын тууз, мөнгөн шагналаар шагнав. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс гэжээ,
- 2000 оны 8 дугар сарын 01-ний өдрийн №329 Цогтоо овогтой Загиржав танаа Монгол орны хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монголын залуучуудын холбооны Цэргийн алдар алтан медалиар шагнав. Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Ч.Сайханбилэг гэжээ,
- Гэрч Б.Батчулууны: Би 1992 оноос 2003 оны хооронд Увс аймгийн Цагдаагийн хэлтэсийн сургалт боловсон хүчний ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Тэр үед 1993 оны 11 дүгээр сараас Цогтоогийн Загиржавыг эргүүлийн цагдаагаар ажилд томилон ажиллуулж байгаад ажлын дадлага туршлага, ажлын хариуцлагыг нь харгалзаж онцгой обьект болох урьдчилан хорих байрны жижүүрийн цагдаагаар 1994 оны 1 дүгээр сараас эхлэн 2005 онд хүртэл томион ажиллуулсан. Ц.Загиржав нь ажилдаа маш хариуцлагатай идэвхи зүтгэлтэй спортлог залуу ажиллаж байсан. Тухайн үед би боловсон хүчний ажил хариуцсан дэд даргаар ажиллаж байсан учир сайн мэдэж байна. Би 2003 оноос Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Ц.Загиржав нь одоо Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байгаа. Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар Ц.Батчулуун гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Доржсүрэнгийн: Миний бие нь 1990 оноос Увс аймгийн Цагдаагийн хэлтэст 2002 он хүртлэх хугацаанд хэв журмын ахлах байцаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан билээ. Хэв журмын ахлах байцаагч цагдаа нарын харуулын томилгоо хийж, тэдгээрийн ажлыг хянан шалгаж, ажлыг нь дүгнэн ажилладаг заавартай байлаа. Цогтоогийн Загиржав нь 1993 онд Эргүүлийн цагдаагаар анх ажилд орж ажиллаад 1994 оноос 2002 он хүртэл хугацаанд Цагдаагийн хэлтсийн цагдан хорих байранд жижүүр цагдаагаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн Цагдан хорих байранд хоригдох саатуулагчид ихээр ирэх болсон тул цэргийн алба хаасан бие бялдар сайтай албан хаагчдыг сонгон авч ажиллуулж байсан билээ. Ц.Загиржав нь одоо Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байгаа. Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар Ц.Батчулуун гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Дамдинсүрэнгийн: Намайг Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст 1998 онд Цагдан хорих байрны жижүүрээр ажилд ороход Ц.Загиржав нь 1993 оноос эхлэн эрүүлжүүлэх байранд цагдаагаар, 1994 оноос Цагдан хорих байранд жижүүрийн цагдаагаар тус тус ажиллаж байгаа гэж байсан. Бид хамтдаа 2005 он хүртэл Цагдан хорих байрны жижүүрийн цагдаагаар ажилласан. Тухайн үед цагдаа нарт эргүүлийн цагдаа, цагдан хорих байрны жижүүрийн цагдаа, эрүүлжүүлэхийн цагдаа, багийн цагдаа гэх мэт тус бүрт нь тушаал гаргадаггүй байсан. Ажилдаа хариуцлагатай цагдаа нарыг цагдан хорих байрны жижүүрийн цагдаагаар ажиллуудаг байсан. Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар Ц.Батчулуун, Цагдаагийн хэлтэсийн сургалт боловсон хүчний ажил эрхэлсэн дэд даргаар Б.Батчулуун гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон Цагдаагийн ерөнхий газрын лавлагаанууд тус тус авагдсан байна.
Иймд хэрэгт авагдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Ц.Загиржавын Увс аймгийн Цагдаагийн газарт 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Эргүүлийн цагдаа, 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдан хорих байрны жижүүрийн цагдаагаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Загиржаваын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харагчууд овогтой Цогтоогийн Загиржавын Увс аймгийн Цагдаагийн газарт 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Эргүүлийн цагдаа, 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдан хорих байрны жижүүрийн цагдаагаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Загиржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА